2/20/2012

МОНГОЛ БӨӨГИЙН МӨН ЧАНАР, АГУУЛГА


Бөөгийн шашин, бөө мөргөл, бөө шүтлэг гэх мэтээр янз янзаар нэрлэдгийн чухам аль нь зөв вэ? Энэ талаар юуны өмнө нэг мөр шийдэхээс энэ чиглэлийн судлагааг эхлэх нь зөв санагддаг. Өнөөдөр “шашин” гэдэг үгээр бүх шашныг болон бөөг хүртэл нэрлээд байгаа маань тун үндэс суурь муутай хуудуу андуу ихтэй ухагдахуун юм биш үү гэх эргэлзээ байдаг.
“Шашин гэдэг үг бол самгарьд /санскрит/ хэлний шасна гэх үг тул зөвхөн буддын номлол сургаалыг илэрхийлдэг ухагдахуун учраас тэр утгаа л илтгэх ёстой. Бусад шүтлэгүүдэд буддагийн шасна ном сургаал хамаагүй тул тийн нэрлэх нь бөөрийг буур гэсэнтэй адил гоомой хэрэг юм” гэж зарим судлаач илэрхийлсэн байна/ Н.Нагаанбуу “Итгэл зүйн ухаан” УБ. 2009 он/. Тухайлбал “Христосын шашин” гэж ярьдаг нь буруу гэх бөгөөд дээрх ойлголтоор “христийн” гээд уг номлол сургаалд итгэгчдийг онцгойлон нэрлэдэг христосчуудын өөрсдийн нь аль нэг зонхилох хэлээр нэрлэж хэвшсэн үг байх ёстой болж таарна. Тэгэхгүйгээс христийн номыг буддын ном сургаалтай хольсон учраас “шашин” гэж самгарди үгээр нэрлээд байгаа мэт ойлголт байгааг Монгол Улсын эрдэмтэн На.Нагаанбуу дээр эши татсан номд тов тод хэлжээ.
Үнэхээр Европ ч юм уу, Америк тивд “христосын шашин” гэж хэлдэггүй юм бол юу гэдгийг толь бичиг зэргээс харахад Religion гэх латин гаралтай үг илрэх ба Буддын шашныг Buddhist religion гэсэн англи орчуулга тааралдаж байна. Тэд Буддын шашин гэдэг үгийг Buddhist religion хэмээн орчуулдаг юм байна. Тэгвэл монгол хэлтэн бид Түвд Жагарын орноос дэлгэрсэн “буддын шашинтнууд” гэдэгтэй адил өрнө дахины “христосын религийг шүтэгчид” гэж ойлгох болж байна. Энэ Религи гэдэг үгийг бидний өвөг дээдэс мэддэг байсан учраас “эрлэг” гэдэг үг орж ирж харь шашин тул муу муухай утгаар хэвшсан юм биш биз гэмээр байна. Тэгвэл бас “мусулманы шашин” гэж болохгүй нь илт бөгөөд тэднийг мусалманы динчид гэх нь зөв болж таарна. Яагаад гэвэл мусульманчууд мөргөлөө “дин” гэдэг билээ. Чингэвэл
1. Буддын “шашин”- тнууд
2. Христосын “религи”-чүүд
3. Мусулманы “дин”-чүүд гэх ойлголт нь зөв болох юм байна. Тэгвэл язгуур “бөө мөргөл” гэдэг үг маань дээрх шашин, религи, дин гэх үгнүүдтэй утга ойролцоо ба тэдгээр үгүүдийг “мөргөл шүтлэг” гэж монголоор орчуулж ойлгож болох бололтой. Иймд бид хойшид бөөгийн сэдэв асуудлуудад ”бөө мөргөл”, “бөөгийн шүтлэг” гэж ярих нь зөв ба мөргөх шүтлэг нь онго сахиус, тэнгэр этүгэн, лус хайрхад, навдаг савдаг гэх мэт ойлголт ухагдахуунууд юм байна.
Мөн сүүлийн үед Монгол улс болон Өвөрмонголын энэ чиглэлийн судлагаа хийдэг эрдэмтэд “шүтээн”, “шидээн”, “шүтлэг шидлэг” гэж ойролцоо дуудлагатай хоёр үг утга ярьж бичих болжээ. Жишээ нь Монгол улсын судлаач На.Нагаанбуу шүтлэг шидлэг хоёрын дунд ялгаа ихээхэн буйг, тэр нь угтаа нэг утга агуулдаггүй, бүр ил далд хоёр өөр шинжтэйг:
Шидлэг: Онго сахиус, овоо тахилга, гал голомт, тэнгэр, лус, навдаг савдаг зэрэг шид бүхий зүйлүүд юмс үзэгдлүүдийг шидээн гэнэ. Энэ нь шидлэг хурсан ач буян, гай барцад учруулж болох эмзэг ариун, нууцлаг далд мөн чанарыг хэлнэ гэсэн бол
Шидээн: Дотоод ертөнцийн ид шид, хараал ерөөл, өмсгөл зүүсгэл, илбэ жатга, сүнс сүрд, сүлд зүлд, мэргэ төлгө, туг дарцаг,онго сахиус зэрэг амин шид хурсан увидаслаг хийморьлог цог зал, хишиг өлзий, буян хайр ивээх ши дэт утга. Түүнд тахилга шившлэг өчиж тэр нь гүйцэлдэх санаа бол шидээн чанар.
Шүтлэг: Энэ нь шүтэлцэх утга. Шүтлэг гэвэл Буддын шашныг шүтэх, шүтээн гэвэл бурхан байгал, эцэг эх зэргээ дээдлэн шүтэлцэх утгас болно.
Шүтээн: Байнга ач буян болох шидээн бүхий зүйлд хандах шүтэлцэх утга. Дээр дурдсан зүйлс болон эцэг эх үр хүүхэд, нутаг орон бүгд шүтээн утга болно гэж “Монголын түүх соёлын нэр томьёоны гаргалгаа толь” /Ред. Х.Сампилдэндэв. УБ. 2005 он х-57, 71,72/ номдоо тодорхойлжээ.
Үнэхээр Саган сэцэн “Ахуй шүтээн гадаад сав ертөнц эхлээд тогтсон” гэсэн бол “Монгол язгуурын толь”-д “Шүтэлцэх оршихуй зүйл, харилцан бишрэн, харилцан эсэргүүцэн нөхцөлдөх” /х-1604/ гэсэн байна. Энэ үг утгууд бөө мөргөлд үнэхээр иймэрхүү далд нууцлаг онго сүнслэг чанараар хоёр өөр утга санаагаар хэрэглэгдэж байгааг Монголын бөө судлаач Ба.Галааридын бүтээлийн эмхэтгэлийн IҮ боть “Бөө мөргөлийн тухай бичвэрүүд” болон Өвөрмонголын нэрт эрдэмтэн гүн ухаанч Тү.Өлзийн “Эртний монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй” зэрэг номуудад эдгээр үгс дээрх утгуудаар хэрэглэгдсэн байгаагаар батлагдаж байна. Иймд ерөнхийд нь “Бөө мөргөл” гэх нь зүйтэй боловч дотоод агуулгыг нь “онго сүнсний шидээн бүхий шидлэг” чанар хийгээд мөн “байгал ертөнц болон хүний хоорондын шүтээн шүтлэг харилцаа” гэж тогтвоос зохилтойг дээрх эрдэмтэн судлаачдын тулхтай дорвилог бүтээлүүд үлгэрлэж байна. Нэр дурьдсан судлаач Ба.Галаарид заавал мөргөл шүтлэг гэж нэрлэхийн учрыг гаргахдаа “Шидлэг зүйлийг эрхэмлэн дээдлэх нь шүтлэг, ийнхүү сүслэн дээдлэж буйгаа илэрхийлэх хэлбэр нь мөргөл. Христ шүтлэгтнүүд түүндээ мөргөдөг, Будда шүтэгчид ч мөн түүндээ мөргөдөг, Тэнгэр шүтлэгтнүүд ч тэнгэртээ мөргөдөг. Тэгэхээр шүтлэг, мөргөл гэдэг нь шашин хэмээх харь үгийн монгол утга мөн байна” гэсэн нь зөв байна.
Ерөөсөө бөө мөргөл бол Буддын шашны нэгэн урсгал чиглэл биш болохоор “Бөөгийн шашин” гэх нь үнэхээр учир дутагдалтай нь илт байна. Чухамхүү шашин, религи, дин аль аль нь Сиддахара, Христ, Мухаммед гээд тодорхой эзэн бүхий номлогчийн сургаалтай байдаг бол бөө мөргөлд тийм зүйл байдаггүй, гагцхүү тухайн үеийн сүнс онгодын хэлмэр дохио зэрэгт үндэслэдэг, уг шинж тэмдгүүдээс үүдэлтэй зан үйл ёс заншилд суурилсан байдгаараа тэс өөр онцлогтой нь үнэн юм.
Монгол бөө мөргөлийн судлагааг анх эхлүүлсэн буриадын Дорж Банзаров, Цэвээн Жамсранов нар болон Монгол улсын Б.Ренчин, Ч.Далай, Ч.Жүгдэр зэрэг алдар олсон олон эрдэмтэд бөө мөргөлийг өвөг шүтлэг гэж санал нэгтэй үзсэн ба дээрх шүтүүлсэн сургаалуудаас эрс өөр өвөрмөц ялгаатай эрт дивангарын үүсэлтэй гэдгийг батлан тодруулсан байдаг. Тийм болохоор Бөө мөргөл гэдэг бол үнэхээр шашин, религи, дин зэргээс бүр хэдэн зуун мянганы өмнөх үед хамаарах үүслийн түүхтэй. Тухайлбал Өвөрмонголын эрдэмтэн профессор Тү.Өлзий хүний үүсэл ухамсрын үүслийн эхэнд эр эм бэлх эрхтнийг шүтээнчлэн шүтэхээс, хүн өөрөө шидлэг мөн чанартай, шүтэх ухагдахуунаар байгал нийгмийн түмэн асуудал, мянган үзэгдлүүдийг гайхан таамаглаж эхэлсэн гэж үзсэн бол Монгол улсын алдарт эрдэмтэн академич Ч.Далай бөө мөргөлийг байгал ертөнцийн болон хүний танин мэдэхүйтэй тус тус холбон үзсэн байдаг.
Бөө мөргөлийн судлагаа ийнхүү өнөөгийн шат болоод ирэхэд ерөнхийгөөс бүр нарийнд, тодорхойгоос далд нууцлаг ертөнцөд нь орж нэвтрэхийг хичээх болж ирэв. Жишээ нь Монгол улсын бөө мөргөл судласан ховор эрдэмтний нэг О.Пүрэв бөөгийн хувцас зүүсгэл ёс уламжлал зэргийг, эрдэмтэн С.Дулам профессор бөөгийн аман яруу найраг гэх мэтээр судлаж байсан бол сүүлийн үеийн судлаачдыг нь харахад “Ад зэтгэр амилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд”, “Онгод худлаа хэлдэггүй” , “Онгод тэнгэрийн онцолж хэлсэн захиас”, “Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?”, “Онгод сахиустай хуучилсан тухай тэмдэглэл”, “Бөө нар мансуурагчид уу?”, “Онгод тэнгэрийн зараалаар” (Ба.Галааридын дээрх номын гарчгуудаас авав) гэх мэтээр урьд өмнөх судлагаанаас илүү нарийн, бүр тодорхой амидлаг болж үнэн бодтойг бичих болж Монгол улсын хэмжээнд бөө мөргөл ил үйл ажил өрнүүлдэг болж иржээ. Мөн бөө мөргөлийн байдлыг гаднаас нь хөрөглөн зураглан судлахаас гадна бүр эртний төрх төлөвийг нь нээсэн “Эртний монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй” номыг Өвөрмонголын эрдэмтэн Тү.Өлзий бүтээсэн ба Монгол улсад ихээхэн үнэлж байгааг сонин мэдээнд тэмдэглэж байгаагаар барахгүй хөрвүүлэн буулгаж хэвлэж байгаа, бас Монгол улсад бөө мөргөл далд нууц үзэгдлүүдийг судлагчдын шинжлэх ухааны эрдэм шин-жилгээний тусгай сэтгүүл хэвлэгдэн гарах болсон сураг зангийг сонсоод эл үгүүллийг илгээж буй билээ.
Өвөрмонголын тухайд язгуур чанараараа яах аргагүй бөө мөргөлийн зөн билэг, зан үйл мөртлөө бөөгүй хийгдэх болсон, том тахилгууд ёс үйл арвин байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнд Ордосын Эзэн хорооны Чингэс хааны онгон шүтээний тахилга болон зарим нутгуудад хийгдэж байгаа хар, цагаан, алаг тугийн болон Хутагтай сэцэн хиан тайжийн, Саган сэцэний гэх мэт олон тайлга тахилгуудыг уг нь бөө заарингууд ёсчлон үйлдэж байсан нь мэдээж. Хэлэлгээнгүй одоо зөвхөн уг ёс заншлуудыг мэддэг хүмүүс ном уншлага харж унших зэргээр ёслох болсон нь жинхэнэ тэнгэр, онго сахиустай харилцах, үг хэлээ нэвтрэлцэх, онгод орох сүнстэй ярих гэх мэт язгуурын амин шидэт шидлэг нь үгүйлэгдэж зөвхөн шүтээнтэйгээ шүтэлцэх холбоо нь үлдсэн байдалтай санагддаг.. Ингэснээр зарим үед үзмэр жүжигийн байдалтай гэж хэлэгдэх болсон нь бөө мөргөлийн ёсноос баахан хазайн холдосоныг хэлээд байх шүүмж мэт. Учир ийм байгаа тул дээрх онгон тахилгуудыг эртний ёсоор нь бөө мөргөлийн буурь суурин дээр сэргээх шаардлага байгаа ба эндхийн ёс цээр хоригийг мэдэх, туг сүлдийн утга ухааны уламжлалыг ёсчлох бөө заарин удган одоогоор мэдэгдэхгүй байна. Гэтэл тэднийг бэлтгэж болдог юм уу? Уг барих тийм бөө удган хүмүүсийн удам угсаа байна уу? Уг тахилгуудыг хуучнаар нь сэргээн тахихад нутгийн хүмүүс хүлээж авах уу? Эсвэл одоогийн тахилч тайгч нарт ил биш ч гэсэн далдуур дургүйцнэ гэх мэт олон асуудал шилээ даран өндийж ирнэ. Яагаад гэвэл бөөтэй бөөгүй Чингэс хаан болон бусад ихэс дээдсийн сүнс биднийг ивээсээр ирсэн, цаашид ч тийм байх болно гэж итгэх хүн олон билээ. Гэвч бөөгийн онгодоор орж ирэх аман яруу найраг, түүнд нууцлагдах түүх хууч, захиас сургаал хэрэгтэй байж мэдэх бөгөөд Монгол улсад сүүлийн үед хүчээ авч буй бөө удган нарт думдад зууны хаад баатруудын сүнс онгод орж хачин сонин зүйл олныг ярих болсон гэж дуулдах нь судлаж үзүүштэй сонирхолтой ажил мөн байж болох юм.
Бөө мөргөл гэхээр хачин жигтэй хувцастай хүмүүсийн үсэрч цовхочсон, хэнгэрэг нүдсэн дүр буудаг ч яг дотоод шид увидсыг нь судлах ажил дутагдалтай байсан ба аман яруу найраг бөөгийн бүжгийн хөдөлгөөн, хөлөө зөөж тавих зураг гэх мэтээр хэтэрхий хэвшмэл нэг зүйл гарган ирсэн нь “Монгол зан үйлийн нэвтэрхий толь” /Оюуны боть/ зэрэг бүтээлүүдэд байх ба чин үнэндээ “Бөө бөөгийн буулт өөр, Бүжин туулайн гүйлт өөр” гэдэгчлэн бөө бүрийн онго сахиус харсан тэнгэр, хайсан лус навдаг савдаг, уг гарал удам хойч ижилгүй байдаг нь бөө мөргөлд бөө удган болгоныг судлахад хоорондоо адилгүй мөн ч арвин зүйл байгааг, тэдгээрийг нэгтгэн нээх зэрэг их ажил байгааг хэлээд байгаа бус уу? Жишээ нь бөө болох хүн заавал цээжлэх ёстой шүлэг байдаг биш тэр нь бөө удган нарт буух бүрт нь хүмүүсээс асуух асуулт болгонд хариулж хэлэх цэцэн мэргэн үг сургаал байдаг, догшрох үедээ ямар ч хөдөлгөөн хийж болох гэм мэт тогтсон загварт баригдах боломжгүй бололтой байдаг.
Мөн хатагины атаа арван гурван тэнгэрийн сан зэргийг Монгол улсын Дорнод аймгийн хатагинчуул болон Өвөрмонголын Үүшин хошууны хатагинчуул адилхан ёслож байгаа ба тэд эртний тахилгын сан дууддаг зэргийг холбон судлах, Чингэс хааныг бурханчлан шүтдэг мөнх тэнгэр, дээд 99 тэнгэр, гал голомтоо нандиглан шүтдэг бөө язгуурын мөргөлт оор монголчуудын эртнээс өвтэй тахилга тайлгын ёс зан үйлүүдийг яг бөө мөргөлийн дадгал суртахуунд нь оруулж судлах шинэ цаг ирсэн хэмээн итгэж байна.
2011 он.
Өвөрмонголын Бор Өндөрийн Их сургууль. Taa mo /Таа Мо/

“Гэрэлт Цалиг” сэтгүүл. 2011 он. III сар. №06.

No comments:

Post a Comment