2/20/2012

Д.Бум-Очир: Бөө мөргөлийг шүтэхгүй байсан ч хөгжинө

Сүүлийн үед манай улсад бөөгийн зан үйл дэлгэрч, иргэдийн шүтлэг бишрэл хийгээд бөө нарын зан үйлтэй холбоотой таатай, таагүй олон мэдээлэл түгэх болсон. Иймд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн “Нийгэм-Соёлын Антропологийн Тэнхимийн багш, профессор, Рh.D Д.Бум-Очирыг бөө судлаачийнх нь хувиар “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Юун түрүүнд энэ ярилцлагаар бөөгийн зан үйлийг сурталчлах, эс бол үгүйсгэх хүсэлгүй гэдгээ танд хэлэх нь зөв болов уу. Гол нь бөө гэж юу болох, энэ төрлийн ёс заншил сэргэж байна гээд өнөөдрийнх шиг ийм замбараагүй байх нь хэр зохимжтой вэ гэх мэт танин мэдэхүйн шинжтэй асуултаар яриагаа эхэлье?
-Бөө мөргөл гэдгийг өнөөдөр мэддэг хүн цөөхөн болсон. Энэ талын мэдлэг мэдээлэл, зохион байгуулалт гээд олон зүйл дутмаг байдаг. Бөө болсон нэртэй, зарим нь ч жинхэнээсээ болж байгаа олон хүн байдаг.
Тэд ч яахаа мэддэггүй, тэднийг ч яаж байна гэж хэлдэг хүн байдаггүй. Уг нь аливаа нийгэм тодорхой зэмжээний зохицуулалттай байдаг. Гэтэл бөө мөргөлд ямар ч зохицуулалт алга. Энэ нь эргээд ард олноос асар их мэдээлэл, судалгаа шаардахад хүргэж байна. Иймд судлаачид бидний зүгээс сурталчилж, шүт гэж тулгахгүй, мөн битгий шүт, дэмий гэж хэлэхгүй. Зөвхөн хэрэгтэй мэдээллээр нь хангах л үүрэг гүйцэтгэж байгаа. Зохион байгуулалтын хувьд асуудал байгаа нь үнэн.
Одоогийн зохион байгуулалтгүй байдал нь өөрөө бөө мөргөлийн нэр хүндийг унагах, иргэдийн итгэх бишрэх сэтгэлийг нурааж байгаа. Улмаар бөө мөргөл маань нэр хүндээ алдах байдалд хүрсэн. Иргэд бүр хамгийн энгийнээр өвдөж зовсон, худалч хулгайч, болох бүтэхгүй хүмүүс бөө болоод амьдралаа аргацааж, мөнгө олох нэг арга хэрэгсэл гэж ойлгох болсон. Аажимдаа дургүй хүнээ харааж, муу юм хийдэг хүн л гэж ойлгож байна.Энэ бол маш буруу бөгөөд ташаа ойлголт. Иймд энэ талаар зөв мэдээлэл өгөх шаардлага байгаа юу гэвэл байгаа.
-Таны хэлээд байгаа тэр зохион байгуулалтыг тэгвэл хэн хийх ёстой юм бэ. Төр үү. Эсвэл өөрсдийнх нь хэлээд байдаг тэр дээд тэнгэр нь хийх үү. Нэг бол бурхан шашны тэргүүн гэдэг шиг тийм нэг “дарга” тодруулах ёстой юу?
-Эмх цэгцгүй байгаа нь өөрийн учир шалтгаантай бөгөөд тайлбартай. Яагаад гэхээр хэн зохицуулах, хэрхэн зохицуулах вэ гэдгээс өмнө яагаад ийм байдалд орчихов гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Илүү дэлгэрэнгүй тайлбар өгье гэж үү ?
-Тийм ээ. Бөө мөргөл өөрийн хөгжих нэг зүй жамтай. Би бөө мөргөлийн хөгжлийн энэ онцлог нь одоо үед тодорхой хэмжээний зөрчил үүсгэх нөхцөл болж байгаа гэж боддог. Социализмын дараа ардчилал үүсэхэд манай нийгэм ямар эмх замбараагүй байлаа. Түүнтэй л адилхан. Өөрөөр хэлбэл бөө мөргөл XIV зууны үед Хубилай хаан Пагва ламыг залсан тэр үеэс, бүр нарийн хэлбэл Монголд бурхны шашин дэлгэрсэн гурав дахь үе буюу XVI зууны үеэс хойш өөрсдийн нийгмийн байр сууриа алдаж эхэлсэн. Цаашлаад Манжийн бодлого төдийгүй социализмын үеийн системийн золиос болж байсан. Тэгэхээр дундад зууны үеэс эхлээд бөө мөргөлийг эмх замбараагүй ийм байдалд ороход түлхэж ирсэн гэсэн үг. Үүний үр дүнд ардчилсан хувьсгал эхлэхэд хэн ч бөө мөргөлийн талаар мэдэхгүй хэрнээ бүх зүйлийг чөлөөлснөөр тэдэнд сэргэх боломжийг олгосон. Гэхдээ ингэж сэргэхдээ яаж сэргэх учраа олохгүй байж болно. Энэ бол зөвхөн бөө мөргөлд тохиолдож байгаа зүйл биш. Ингээд бөө мөргөлийн нэг шинэ эрин үе 1990-оноос эхэллээ гэж үзвэл миний бодлоор өнөөдөр пирамид хэлбэрээр хөгжиж, байна гэж хараад байгаа.

-Доороосоо дээшлэх зарчмаар уу?
-Ерөнхийдөө пирамидын хамгийн доод талын суурь хэсгийг бүрдүүлж байж пирамид дээшээ явна даа. Тийм зарчмаар хөгжиж байна гэж би ерөнхийдөө судалгааныхаа дүнгээс харж байгаа. Тэр чулуунууд бол эрэмбийн хувьд хамгийн доод талынх нь. Тэр доод суурийг бүрдүүлэгчдийн хувьд дээд хэсгээсээ, тэргүүн оройгоосоо хүч чадлын хувьд хавыүй бага байж таарна. Магадгүй зарим талаар учир дутагдалтай. Ингээд дээд талын үе нь цаг хугацаа өнгөрөхөд өргөгдөөд явна. Мэдээж хамгийн дээд талын тэр толгой нь хамгийн түрүүнд гарч ирж, үйлээ хийдэг юм байхгүй.
-Тэгвэл таны хэлээд байгаа тэр пирамид өнөөдөр хэр өндөр болсон бэ. Нэг ёсны зэрэг дэв нь өсч байна уу?
-Яг тэд дэх, эддүгээр гэж хэлэх боломжгүй. Ямар ч байсан сууриндаа л байгаад байх шиг байна. Чадал багатай, онгод нь зэрэг дэв багатай бөө нар л их төрсөн. Энэ пирамид яаж хөгжих ёстой вэ гэхээр доод талынх нь бөө гарч ирдэг. Түүнээс бус алгасч гарч ирдэггүй. Тэгэхээр энэ доод талын бөө нар хэрэггүй юм биш. Яагаад гэхээр суурь нь байсан цагт пирамид дээшээ өндөрсч, оргил нь баригддаг биз дээ. Мөн өнөөдөр хүн төрөлхтнийг бузар, ариун бус гэж байна. Энэ ариун бус нөхцөлд тэр дээд онгод шүтээн орж ирэхгүй. Энэ бузар бүхэнтэй өөрсдөө харьцахгүй доод үе нь харьцаж, дээд үедээ хэлж, мэдээлж, таниулж явдаг. Ийм учраас өнөөдрийн энэ олон бөө хэрэгтэй байхгүй юу. Яагаад гэхээр тэр дээд онгод тэнгэр нь бууж ирэхэд эд түшиж болох юм. Ингээд пирамид боссоны дараа хэн нь хэн бэ гэдгийг хэлж өгнө. Тэр цагт энэ олон бөөг тэнгэрийнхээ хуулиар зохицуулах боломжтой юм.
-Оросын Засгийн газраас зөн билэгтнүүдийн энэ хэтийдсэн үйлдлийг таслан зогсоож, зохицуулах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Монголын төр ийм агуулга бүхий шийдвэр гаргахад заавал таны хэлээд байгаа тэр дээд тэнгэрийг хүлээхгүйгээр зохицуулах боломж бий юү?

-Тэр XIII зууны үед бол ялладаг, шийтгэдэг жишиг байсан байж магадгүй. Түүхээс харахад шүү дээ. Харин өнөөгийн Монгол Улс шашин төрийг салгасан тогтолцоотой. Нэг ёсны шинжлэх төр гэсэн үг. Тийм учраас энэ төрийн үед боломжгүй. Төр нь шашнаа сонсдог байсан бол өөр хэрэг. Ерөөсөө төр үүнд зохицуулалт хийнэ гэхээр яаж хийх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Төр нэгэнт бөө мөргөлийн талаар ойлголтгүй байгаа цагт ямар ч боломжгүй. Нэг бөөгийн үнэн худлыг яаж ялгах юм бэ. Боломжгүй зүйл л дээ.
-Асуудлыг тодорхой болгох үүднээс нэг жишээ гаргаж асуумаар байна. Нэг бөө хүнийг өвчнөөс нь салгаж өгнө гээд чадалгүй баахан мөнгийг нь авсан байвал үүнийг тухайн иргэн гомдол мэдүүлж гэж үзье. Энэ тохиолдолд өвчнийг нь эдгээгээгүй, худлаа залилан хийсэн гэдэг жишиг тогтоож болох уу?
-Тухайн бөө дээр очиж засал хийлгэх нь тэр хүний өөрийнх нь хэрэг. Тэгэхээр төрийн зүгээс яах гэж энэ хүн дээр очсон юм бэ л гэж асууна. Төр харин марксист системийн үеийнх шиг чи яах гэж ийм балай юм хийгээд байгаа юм бэ гээд хатуу шийдвэрээр хорьж болох юм. Ардчилсан нийгэмд бол ямар ч боломжгүй. Төр тэр хүний өвчин засраагүй эсэхийг яаж батлах юм бэ. Асуудал олон шүү дээ.
-Удаа дараагийнх нь шинжилгээний дүнг харж болно шүү дээ. Мэдээж энэ асуулт бөөд итгэгчдийн хувьд утгагүй санагдаж болох ч учрыг нь гаргаж тайлбарлуулахын тулд л дахин дахин асуугаад байна л даа?
-Манайд тэгж шинжилгээний дүн харж заргалдах нь юу л бол. Гол нь тухайн бөөгийн засал бүрэн үйлчлэх ямар ч нотолгоо байхгүй. Анагаах ухаан ч “Энд ийм өвчин байна. Бид анагаахыг оролдоно” л гэдэг. Тэр өвчин бүрэн эдгэсэн эсэхийг хэн ч нотолж чадахгүй. Үүнтэй л адилхан.
-Энэ чинь л бөөг худлаа гэж хэлэх нэг үндэс болох юм биш үү?
-Хаана баталгаа байгаа юм бэ. Эмнэлэгт өнөөдөр шүдээ үзүүлдэг маргааш нь өвддөг. Баахан мөнгө төлөөд яваад л байдаг. Өвчинг нь эдгээхгүй тохиолдол эмнэлэгт ч хангалттай олон байдаг биз дээ. Ерөөсөө бүх нийгэм даяар ийм хуурмаг зүйл бий. Төр гэхэд л жинхэнэ бөө, хуурамч бөө гэдгийг ялгаж чадахгүй. Төрд тийм механизм байхгүй. Төр үнэхээр зохицуулах гэж байгаа бол бөөг хэмждэг хэмжүүрээ боловсруулах хэрэгтэй. Гэтэл тэр хэмжүүр нь дэлхийд ч байхгүй. Хараал хийдэг бөөг шийтгэнэ гэж байна. Гэтэл тэр бөөг хараал хийснийг хэн нотлох юм бэ. Нэгэнт нотолжчадахгүй юм чинь зохицуулах боломжгүй л гэсэн үг.
-Бүр ямар ч боломж байхгүй гэж үү. Бөөд өргөл өргөж өвчнөө эдгээж, амьдралаа тэтгэх гэж хүссэн биш хохирч байгаа олон мянган хүн байгаа шүү дээ?
-Ганцхан боломж байж болох юм. Тэр бол төрийн ивээл дор авах. Социализмын үед төр бөө хэрэггүй гэхэд бөө нар дарагдаж байсан. Тэр битгий хэл цагаан сарыг хэзээ тэмдэглэх нь зөв бэ гэхэд бөөгийн онгодууд төрийнхөө үгийг дага л гэдэг. Монголын түүхэнд төр бөөгөө зохицуулж ирсэн тэмдэглэл байдаг.Утгатайгаар зохицуулна гэхээр төрийн нэг зайран байж болох юм. Гэтэл тэр зайранг хэн хамгийн мундаг нь гэсэн бэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Тэгвэл төр болон бөөг өөрсдийг нь зохицуулахыг харж суухаар иргэд л татгалзчихад асуудалгүй болчих юм биш үү?

-Иргэд татгалзах нь татгалзаж байгаа. Бөөг шүтдэг, шүтдэггүйхүмүүс хангалттай олон. Шүтэхгүй байсан ч цаашаа явна. Гэртээ бөөгийн угтай айл байлаа гэж бодоход тэр өвөг дээдсээсээ татгалзах ямар ч боломж байхгүй. Татгалзлаа гэхэд өөрийнхөө эцэг, эхийг миний эцэг, эх биш гэж хэлж байна л гэсэн үг. Тухайн өвөг дээдсийнх нь онгод удмаасаа нэг хүнийг сонгоод улаач болгохоор томилдог. Энэ бол тухайн хүний сонголт биш.
-Туршлагатай бөө нар тэнгэрийг чинь хааж өгье. Мөнгө өгчихөд л болно гэдэг нь тэгэхээр худлаа гэсэн үг үү?
-Тухайн ургийн онгод шүтээн нь өөрсдөө энэ хүнийг чөлөөлье гэж шийдсэн тохиолдолд л чөлөөлж, тэнгэрийг нь хааж болно. Тэр бусад тэнгэрээр хаалгахын хувьд боломжгүй. Аюултай. Нэг бол өөрийнх нь тэнгэрээс асар хүчтэй онгодоор унтуулж болно. Эсвэл алуулна. Тийм л гарц байгаа. Хэн тэгж өөрийнхөө өвөг дээдсийг алуулахыг хүсэх юм бэ.
-Өвөг дээдэс энэ тэрээ болиод тухайн улаач болох гэж байгаа хүн нь өөрийгөө бодоод татгалзаж болдоггүй юм уу?
-Болно. Гэхдээ энэ тохиолдолд өөрийг нь аврах илүү хүчтэй онгодоор зогсоолгох ёстой. Гэтэл өөрт нь ирээд байгаа бөөгийн онгодоос илүү хүчтэйг хэн батлах юм бэ. Баахан мөнгө өгдөг, тэгээд онгодоо буцаасан ч юмгүй сүүлдээ өөрөө улам догшроод зогсоосон, зогсоолгосон хоёулаа сүйд болно. Мөн маш хүчтэй онгодтой бөө нар бусдын хүчтэй онгодыг худалдаж авсан тохиолдол байна. Чи авахгүй бол надаа зарчих гээд аваад онгодыг нь өөрийнхөө онгодын зарц хийлгэдэг. Тэгээд муу муухай юм руу явуулчихдаг. Ингэхээр хамгийн муу зүйл нь тэр онгодын хийсэн нүгэл худалдаж авсан бөөд биш харин анхнаасаа уг удам нь байсан хүндээ үйлийн үр болж очдог. Энэ хамгийн аюултай. Тэгэхээр бөө болоогүйгээс бүр илүү долоон дор юм болдог.
-Нэг нь нэгнийхээ тэнгэрийг булааж авах гэж тэмцэлддэг гэдэг үнэн үү?
-Нэг хүчтэй онгод шинээр гарч ирж байгаа хүчтэй тэнгэрийн онгодыг нүдэлчихээд өөрийнхөө зарц болгох тохиолдол байдаг. Гэхдээ хамгийн зөв арга бол онгодоосоо гуйгаад эгчдээ, дүүдээ шилжүүлэх арга.
-Бөө нарт холбоотой энэ муу, муухай үйлд улаачийнх нь ёс зүй хэр чухал вэ. Онгод зөвхөн буруутай байна гэж бас байхгүй байх л даа?
-Би эхлээд эрэмбийн тухай ярьсан. Үнэндээ доошлох тусам онгод нь ёс зүй муутай. Дээшлэх тусам ёс зүй сайтай байдаг. Яг үүнтэй адил бөө хүн бол онгод, тэнгэрээ захирч чаддаг байх ёстой. Хүн дээр бууж байгаа онгод болгон шүтээн биш. Доодуул нь жирийн хүнээс л арай дээр байх. Тэгэхээр дээд эрэмбийн тэнгэрүүд нь орж ирэхээрээ “Наад доод эрэмбийн тэнгэрүүд чинь хүнтэй адилхан. Хүний мөн чанараас ангижирч чадаагүй байна” гэж хэлдэг. Тийм учраас материаллаг эдлэлд шунадаг. Үүнийг бөө хүн зохицуулах ёстой. Бөө бас хүн юм чинь материаллаг сонирхолтой. Тэр доодуул нь ч тийм шуналтай байдаг.

-Зарим бөө хэвлэлд “Зэрэг зиндаа гэж байхгүй. Бид нар бүгдээрээ тэнгэр” гэж ярилцлага өгөх нь байдаг?

-Аливаа зүйлд хөл толгой гэж байна. Бүгдээрээ л хүн гэх юм бол бид эцэг эхээ яах гэж хүндлэх юм бэ. Сүнсний оронд ч хоорондынх нь харилцааг зохицуулдаг эрэмбэ байх нь тодорхой.
-Эрэмбэ гэж байх юм бол худлаа, үнэн бөөг нь яаж ялгах вэ. Тэр нүсэр хүнд өмсгөлийн ард хэн яаж жүжиглэж байгааг ялгаж салгаж харахад хэцүү шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед “Манай гурван хүүхэд гурвуулаа тэнгэртэй. Манай найзын хүүхэд , найзын найзын хүүхэд, найзын найзын дүүгийн хүүхэд бас тэнгэртэй гэнэ ээ. Бүгдээрээ нэг багштай” гэх маягийн элэглэж шоолмоор яриа дуулдах
болсон?
-Энэ бол хамгийн том асуудал болж байгаа юм. Ерөөсөө үнэнийг худлаас ялгах хэмжүүр гэж алга. Магадгүй бүгдээрээ бөө болох ёстой байж болно. Зөвхөн үнэн, худал гэдгээр нь ялгах бус дотор нь асар олон хэмжүүр байдаг. Тухайн багш нь бөө болгох чадваргүй байж болно. Дундуур нь янз бүрийн зөрчил гарсан байж болно. Тэр угаа барих ёстой хүн нь чадаагүй байж болно. Мөн худлаа бөөлж байгаа гээд байна. Гэтэл маш сайн бөө худлаа бөөлж байж болно. Заримдаа дуурайх явдал байдаг.
-Тэгээд хуурамч бөө гэж алийг нь хэлэх юм бэ?
-Ямар ч онгод шүтээнгүй бөөг л хуурамч бөө гэдэг.
-Монголд өнөөдөр бараг уулзсан 10 хүний нэг нь бөө болчих гээд байна. Энэ хэр оновчтой вэ?

-Оновчтой эсэхийг шууд хэлэх боломжгүй. Гэхдээ олон бөө гарах бодитой үндэслэл бий. Бөө гэдэг удам дамжиж явдаг зүйл. Хэрвээ удамтай хүн бөө болдог бол Монголд удамгүй хүн байхгүй. Өөрөөр хэлбэл XIII зуунаас өмнө бөө шүтээгүй монгол хүн битгий хэл дэлхийн хүн байхгүй. Хүй нэгдлийн үеэс улбаатай гэдгийг нь тогтоосон байдаг. Үнэхээр эртний уг гарвал сэргэж байгаа нь үнэн л юм бол ах, дүү таван өрхөөс ядаж нэг бөө тодрох магадлал өндөр. Өнөөдрийн байдлаар одоогоос 300 жилийн өмнөх онгод гарч ирж байгаа. Гэтэл түүнээс өмнөх нь хаана байна гэдэгт бас асуулт тавих хэрэгтэй болно. Үнэн юм уу, худлаа юм уу 2000 жилийн өмнөх онгод ирсэн гэх яриа байна. Үүнийг хэн ч нотолж, баталж эсвэл үгүйсгэж чадахгүй. Хэрвээ биднээс өмнөх 2000 жилийн өмнөх онгод ирлээ гэхэд монголчуудын хэнд нь ч тодорч болно. Бид мэдэхгүй.
-Гол нь шинжлэх ухаанжсан нийгэмд бөө мөргөл балар эртний хоцрогдсон, соёлгүй, мунхаг сүсэг дэлгэрүүлж байна гэх шүүмжлэлийг тойрч өнгөрөх хэрэггүй болов уу?
-Шинжлэх ухаан хүй нэгдлийн үеийг хоцрогдсон гэж үзэж байсан. Үнэн нь буруудсан. Алдаа болсон. Шинжлэх ухаантай зөрчилдөж байгаа нь үнэн. Гэтэл шинжлэх ухаан чинь өөрөө төгс зүйл биш. Би хувьдаа шинжлэх ухааныг алуурчин гэж боддог. Хүн төрөлхтний соёлын өвд тероризм хийсэн. Би өөрөө шинжлэх ухаанч хүн. Шинжлэх ухаан бол цагаан арьстнуудын бүтээл. Түүнийг энд авчирч зоогоод шинжлэх ухааны хэмжүүрт багтаагүй болгоныг устгасан. Шинжлэх ухааныг зэвсэг болгож ашигласны хүчинд чи, бид хоёр үндэснийхээ соёлыг мэдэхгүй сууж байна. Шинжлэх ухаан мундаг, сайн нь үнэн. Гэхдээ нэгэнт шинжлэх ухаан нялх учраас нотолж амжаагүй бүхнийг шууд байхгүй гээд үзчихсэн. Өөрийнхөө нотолж чадаагүй бүхнийг байхгүй гэж үзсэн олон зүйлийн нэг нь бөө мөргөл. Энд шинжлэх ухаан талаас нь тийм, үгүй, худлаа гэж хэлэх ёсгүй. Үүний оронд дуугүй л байх хэрэгтэй.
-Та өөрөө шинжлэх ухаан талаас нь судалдаг. Тэгэхээр бас дуугүй суух ёстой юу. Аль эсвэл бөө судлаачийнхаа хувьд таамаг дэвшүүлэх үүрэгтэй юү?
-Хэрэв МУИС-ийн багшийн маань хувьд асуувал би мэдэхгүй гэж хариулна. Хувь хүнийхээ үүднээс бол би байгаа гэж хэлнэ. Байгаа нь үнэн. Олон мянган эрдэмтэн яг ийм хоёрдмол суурь дээр тогтдог.

-Чанарын үйл гэж ойд очоод нэг нэгэндээ зэрэг дэв олгож, баахан худлаа үнэн шавь төрүүлснээрээ өндөр зэрэгтэй болох нь тэгээд оновчтой зүйл мөн үү?
-Тэнд хэн нэгэн бөө мэдээд чанар олгоод байгаа юм огт биш. Чи өнөөдөр онгодтой байлаа гэхэд багш чинь чиний тухай дээд тэнгэртээ ярилцаад ийм ийм үйл хийсэн. Ингэсэн тэгсэн гээд чиний зэрэг дэвийг нэмж байгаа хэрэг. Яг дотор нь ороод ирэхээр их нарийн асуудал байдаг юм. Мөн буян хийх тусам чанар нь нэмэгддэг. Мэдээж зарим нэг хуумгай хүмүүс худлаа чанар хийж байж болох юм.
-Сүүлд нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа өргөл барьцны талаар асуумаар байна. Хүнээс өргөл нэхэх нь зөв үү. Үзүүлэхэд 5-10 мянга гэж гэдийх нь хэр оновчтой юм бол оо?
-Онгод тэнгэр хүнээс өгч байгаа зүйлээр тэжээгдэж хүч чадал авч амьдардаг. Тийм учраас тэдэнд бид нар хэрэгтэй байгаа юм. Нэг ёсны бид нар байхгүй бол тэдэнд хэцүү болчихно. Тэжээгдэхийн тулд өргөл барьц авдаг. Эндээс өргөл авна гэдэг чинь цаанаа зэрэг дэвээ нэмэхдээ тус болгож байгаа хэрэг. Гэхдээ хэзээ ч ханш тогтоож нэхдэггүй. Ер нь бөөгөөр засал хийлгэсэн бол сиймхий хадаг ч болсон өгөх хэрэгтэй. Тухайн бөө тэр сиймхий хадгаар ч хамаагүй заслаа хийх ёстой. Гэтэл одоогийн бөө нар тэгэхгүй байна. Ханш тогтооно гэдэг буян хийх биш бизнес болчихож байгаа хэлбэр.

-Гэхдээ зарим бөө боломжтой айлаас нь авч, боломжгүйд нь ганц ч өргөл барьцгүй туслах ёстой. Хүнийг зовлонд унагаж туслана гэж хэзээ ч байж болохгүй гэдэг юм билээ?
-Тодорхой хэмжээгээр авах ёстой. Ямар нэгэн хараал хариуллаа гэхэд тэр хүний зовлонг өөр дээрээ авч байгаа хэрэг. Иймд тэрийг нь цайруулах ёстой. Онгод тэнгэр нь цаанаа хар зүйлээсээ салахын тулд цайруулдаг. Тэгж цайрахгүй бол өөрт нь муугаар нөлөөлдөг. Гэхдээ энэ өргөл барьцны асуудал доод эрэмбийнхэнд их түгээмэл байдаг. Дээд эрэмбийнхэн нь барьц авах нь битгий хэл хүний үйл хийдэггүй. Зөвхөн тэнгэрийнхээ үйлийг эрхэлж, тэнгэр шигээ байхыг зорьдог. Бүр архи уухгүй, тамхи татахгүй, өргөл авахгүй, мах идэхгүй байдаг.

-Ийм тэнгэр тэгээд Монголд байна уу?
-Их цөөхөн гарч ирж байгаа. Ер нь цөөхөн ч байх ёстой юм билээ.Үнэндээ энэ мэтээр өөрийн тань адил бөөгийн талаар ямар ч мэдээлэлгүй хүмүүс ирж байнга энэ нь ямар учиртай юм, тэр нь яадаг юм гэх мэтээр их олон асуулт асуух болсон. Иймд бид нар энэ сарын 29-нд Улаанбаатар паласт ер нь бөө мөргөл гэж юу юм, бөө нарын нэр хүндийг өргөхийн тулд хэрхэх ёстой юм зэрэг ээдрээтэй асуултаар нээлттэй ярилцахаар төлөвлөж байгаа. Тэндээс өөрийн тань асуултын хариулт бас илүү тодорхой болох байх аа.
Г.Отгонжаргал

No comments:

Post a Comment