2/20/2012

БӨӨ НАРЫГ ХЭН ХЭРХЭН ШИЙТГЭДЭГ ВЭ?


Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна.
Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.
Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.
Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.
Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ.
Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ...
Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.
Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм.
Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.
Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж. Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.
Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна.
Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ.
“Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ.
Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.
Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна.
Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй.
Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй.
Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ.
Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа.
Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол... биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Өөрсдийнхөө хийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шvv. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ.
Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?
2009 оны наймдугаар сарын 29.
Б.Галаарид

“Гэрэлт Цалиг” сонин 2009 оны есдүгээр сарын 5. 01 (15)

2 comments:

  1. Shan niitlel bna. Deerhtei sanal neg bna. Huuramch buu naraas bolj buu murguliin ner hund ymar ih unaj bga bilee de... Udahgui shuulengiin tsag ireh bizde.

    ReplyDelete
  2. goliig ni olson bna. tengert ni yaaj meduuldeg ym be,ulzval uur hurmeer, murguhleer mungu hiheed, yrilsthaar yland unagaah geed baidag, meduulheer olon hun bndaa

    ReplyDelete