4/10/2012

Төсөөлөл...

Худал бөө ба төсөөлөл...
Хүн төрлөхтний эртний шүтлэг мөргөл болох бөө мөргөл нь 2012 онд ямар байдалтай байна вэ? Айл бүр бөөтэй байх маркетинг хүчээ авч эхэллээ. Бөөгийн нэг нууц бол онгод. Онгод гэдэг нь ямар нэгэн цаг үед амьдарч байсан бөөгийн хүчирхэг болсон сүнс байх бөгөөд хүн байсан гэдэг нь тодорхой юм. Онгод нь цаг үе дамжин өөрийн удмын яс цусаар тамгалсан улаач дээрээ буух үзэгдэл бол бөө мөргөлийн гол шинж юмаа...Урьд хэлсэнчлэн амьд байсан өвөг дээдсийн оюун санаа улаач дээрээ бууж ирэн үйл хийж / бөөгийн үйл: Уул ус аргадан тахих,айл гэрийн гал тахилга,хүний засал гэх мэт/ байдаг. Уг удамгүй хүн гэж байхгүй билээ. Улаач болход нэн чухал хэрэглэл бол хэнгэрэг / хэсэ,хэц,дүнгэр/ юм. Бөөгийн хэнгэрэг бол хий хийсэглэн дүртэй бүхнийг амьлуулан босгох хүчтэй байдаг бөгөөд улаачийн уналага болдог. Улаач уналагаа барьсан бол тэдгээр хий биетэд дайруулах аюултай байдаг бөгөөд аялан явах үедээ өөрийн онгодоо танин оруулах нь улаачийн нууц юм...Гэтэл өнөө үед өөрийн өвөг дээдэст нь Бөө байсан хүнгүй атал үр удмаас нь бөө төрүүлэх нь ямар учиртай байна вэ? тэдгээр худал бөө нар юу хийж байна вэ? Энэ асуултад хариулах гэж хичээе...Хүний тархи бол агуу хүн тархиныхаа өчүүхэн хэсгийг ашигладаг хүн төсөөлөн бодох асар их чадвартай байдаг. Бөө тодруулах алдаа бол бөөгийн уг удамгүй тамгалагдаагүй хүнийг бөө болгох юм. Энэ нь төсөөлөл дээр явагддаг бөгөөд өөрийн удамд нь ямар нэг онгод бий болгоод тэр онгодыг биежүүлэж эхэлдэг байна. Би эхэнд хэлсэн хэнгэрэг бол хий бүхнийг сэрээдэг гэж хэнгэрэг барьсан удамдаа онгодгүй хүн өөрийн төсөөллийг ашиглан хэнгэрэг барихад тэр онгод нь биежин буух бөгөөд өөрийн оюун санаа байгаад байтал ямар нэгэн хүчинд эзэмдүүлдэг байна.
Төсөөлөлдөө бөө болсон улаач нар эргэн тойрноосоо үйл сурч байдаг багштайгаа адил зан үйл хийдэг. Ингээд Хаан, ноён,баатар, хатан гэх мэтээр өөрсдийнхөө онгодыг төсөөлөн бодож тэр төсөөлсөн онгоддоо зориулан хуяг хувцас бэлдээд тэдгээрээ төсөөлөн бодож бөөлөө хийхэд хаан,хатан,баатар зэрэг нь буудаг энэ бол тэр улаачийн төсөөлөл бөгөөд ямар нэгэн онгод биш юм. Төсөөлөлдөө бөө болсон улаач шавь аваад мөн өөртэйгөө адил бүтээгдэхүүн гаргадаг ............

ОНГОД...
" Бөө тал суух буюу улааачийн оюун санаа байх бөгөөд хэлсэн үг хийсэн үйлдлээ сандаг тэгсэн атал улаачийг ямар нэгэн зүйл хөтөлдөг үйлдэл хийлгэдэг үүнийг онгод гэж тайлбарладаг. Бөө болсон хүн анх онгодоо биедээ буулгахад онгод тал суудаг. Улаачынхаа биед бүрэн суутал нэлээн цаг хугацаа шаарддаг бөгөөд улаачын сүнсийг салгаж онгод бүрэн суух нь чухал." Тэрхүү хөтлөөд буй оюун санаа нь онгод уу? албин тийрэн үү гэдгийг ялгах нь хэрэг гардаг. Төсөөлөлдөө бөө болсон худал улаач нар албин тийрэнд биеэ эзэмдүүлэх бөгөөд зарим нь ямар нэгэн хий биетэд эзэмдүүлдэг. Жинхэнэ онгодтой бөө төсөөлөлдөө автаад өөрийн онгодоо танихгүй өөр хий биетэд эзэмдүүлэх нь ч байдаг...

Улаач бөөлөө хийж онгодоо биедээ дуудахдаа уналага буюу хэнгэрэгээ нүдэж дууддаг. Энэ үед улаачын сүнс явж онгод бүх биеийг нь эзлэнэ суудаг байна. Улаачын сүнс хаана байдаг вэ? Зарим улаач нар сүнсээ аялуулдаг гэж ярьдаг зарим нь харанхуйд байх бөгөөд ямар нэгэн зүйлрүү тэмүүлэн явдаг гэж хэлдэг. Онгод бууж суугаад буцаж мордохдоо улаачын сүнсийг дуудан бөөлөө хийж улаач эргэн биедээ ирдэг энэ үед улаачын бие эрхтэн ихээхэн суларч зүрхэнд ачаалал ирж хэдэн секунд зүрх нь зогсдог байна. Онгод өөрийн буудал суудалруугаа яваад улаач эргэн биедээ ирдэг энэ үзэгдэл бол онгод оруулан гаргах билээ.

3/22/2012

Монгол овог, ястан үндэстэн

Баруун Монголын нэгэн гол ястан нь Алтайн урианхайчууд болно. Эдний өвөг дээдэс нь Монгол нутгийн умард болон хойд захын ой хөвчөөр эрт дээр үеэс амьжиран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм.
Дорнод монголд суудаг нэг ястан нь Барга юм. Барга нарын эртний өвөг дээдэс нь ХIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно.
Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна.
Монголын Баяд эртний өвөг дээдэс бол XII-XIII зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд гoлоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг.
Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.
Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анх монгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно.
Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.
Дээд Монгол гэж Хөхнуурын газар нутаглах хошууд аймгийг хэлэх бөгөөд эдний өвөг дээдэс нь Ар монголоос тус газар нутагт шилжин нүүж очсон хүмүүс юм.
Дөрвөд бол эртний монгол угсаатан, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм.
Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.

Монгол Улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казахууд билээ. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ I мянган жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Маасагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ.
Монгол гаолын нэгэн угсаатан нь ту нар юм. Ту биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XIII зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг.
Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.
Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.
Синьцзяны ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно.
Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм.
Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг.
Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийнхэн нутаглана.
Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан нь Хамнигад ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө гоолын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дархан Ба гүн, Дайчин бэйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг.
Монголын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг халхжсан ойрадууд нь Хотогойд болно. Хотогойд гэдэг нэрийг “Хойд - Гойд” (хойд-онцгойд), “Хойд - Хойд”(умард хойд)”Хойд - Гайд” (гайд гарсан хойд)гэсэн үгнээс гаралтай гэж янз янзаар тайлбарладаг.
Хотонгууд нь 200 гаруй жилийн тэртээгээс Дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжсон түрэг угсаатан юм.

Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн Урианхай нарыг Өвөр ширхтэн урианхай гэж ялган нэрлэжээ.
Монгол улсын умард хил орчмоор суудаг, Нийслэл Хүрээнд түмний нэг нь Сэлэнгийн цахарууд болно. Эд нь угтаа Хятадын Синьжян мужид Илийн цахар хэмээх 16 сум болж Бор талаар нутаглаж байжээ.
Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ

3/21/2012

Алаг мэлхий...


Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм.
Яст мэлхийн эрхтэн

Давсан 1 шагай, зvрх 1 шагай, нvд 2 шагай, чих 2 шагай, бөөр 2 шагай, толгой 3 шагай, сvvл 3 шагай, шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.

Алаг мэлхий тоглох журам

Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина.

Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

3/18/2012

"Боломж" мэргэ төлгө

Мэргэ төлгө тавьж чадах бол уу? Гэж бүү эргэлз. Та эхлээд өөртөө тохиолдох зүйлийг мэргэлж үз. Юу ч байж болно Шалгалтандаа хэр авах вэ? Төлөвсөн ажил маань бүтэх нь үү? Хаясан юмаа олох нь уу? гэх мэт. Тэгээд ах дүү танил нөхөддөө тохиолдох цөөн хоногт хариу гарах зүйлсийг мэргэлж үзээд л нэрд гарсан, олонд тус хүргэдэг төлөгч болж ч болох юм. Цааш өөрийгөө хөгжүүлээд гайхамшигтай с айн мэргэлдэг увидастай болж болно.
Мэргэнд мэргэшсэнээр зүг чиг, өнгө будаг, шинж чанар, нэр ус төдийгүй хүний сэтгэл санаа бодол төлөвлөгөө, өнгөрсөн болоод ирээдүйн үйл явдал гээд бүхнийг харж, тайлж уншиж болдог. Бидний мэдэх шилдэг зөнч нар л ингэж хэлж чадна байх /Ванга эмээ гэх мэт/ тэгэхээр мэргэшдэггүй юмаа гэхэд ойр зуурын үйлээ мэргэлэхэд л болно шүү дээ.
Мэргэ жишээ: “Би хэд хоногоор хөдөө явах ажилтай болчихлоо, аян замынхаа саад бэрхшээлийг үзүүлье” гэж нэгэн залуу иржээ. Мэргэлэгч хүн нь “зам чинь сайн, зорилго чинь бүтэлтэй сайн байна, харин хэд хоногоос танайд малын болон хатуу эдийн нэр холилдсон нэртэй хүн ирэх нь ээ, энэ хүн их муу санаж гэрт чинь ирэх бололтой. Явах асуудлаа жаахан хойшлуулвал яасан юм бэ, миний мэргэнд муу зүйл харагдаад байна” гэхэд цаад залуу сонссон болоод төд удалгүй мартаад замдаа гарчээ. Гэтэл үнэхээр Адуунчулуун нэртэй хүн өөрийг нь явснаас хойш гурав хоногийн дараа гэрт нь иржээ. Тэр эхнэрийнх нь багийн найз бөгөөд энэ шалтгаанаар гэрт нь ирж архи ууж байгаад хүчирхийлэхийг завдсан нь үл бүтсэнд агсан тавьж архины шил аваад шидсэн нь 7 настай охиных нь толгойд тусч амийг нь хорлосон байжээ.
Өөр нэг жишээ: Нэгэн залуу “ хэзээ хүнтэй суух бол” гэж асуухад мэргэч үзээд “ суунаа гэхдээ тэр болтол цаг нэлээн орох нь дээ, гэхдээ чи сая уулзаад ирсэн юм биш үү. Тэр хүн чинь чамаас бэлэг бололтой зүйл аваад их баяртай байх шиг байн” гэжээ. Үнэхээр тэр залуу таалагддаг бүсгүйтэйгээ уулзаад бэлэг өгч тал засчихаад, үл тоосон янзтай байхаар нь эргэлзэж мэргэч дээр ирсэн байжээ. Уг бүсгүй нүүрэн дээрээ үл тоосон дүр үзүүлсэн нь залууг эргэлзэхэд хүргэсэн аж. Энэ мэт олон жишээ байдаг. Таны гарт дал, есөн зоос, дөчин нэгэн чулуу байна.

3/17/2012

Халх онгодын үлгэр...

Халх онгодын ярьсан үлгэр сонссон үйлээ бичив...
Эрт цагт Даахна гэж хөвүүн байжээ. Даахна онгод тэнгэрт тамгалагдсан улаач байж. Өсөж том болоод онгодоо залаалаад улаач болж гэнэ. Даахна улаачын онгод аянга буулгадаг шидтэй хүчтэй байсан юмсанж. Онгод тэнгэрийн зараалаар олон түмэнд үйл хийж ихээхэн нэртэй цуутай аянга буулгадаг зайран болжээ. За тэгээд нас өндөр болж тэнгэртээ халих цаг болж бие баржээ. Даахна зайрангийн сүнс тэнгэрт гарч онгод болох шүүлтэнд орж гэнэ.
Тэнгэр: Чи юу чаддаг улаач вэ? Гэхэд
Даахна: Би аянга буулгадаг гэж хэлжээ
Тэнгэр: За тэгвэл чи одо аянга буулга гэхэд
Даахна: Юу билээ гэж бодоод юугаач мэдэхгүй байжээ. Ингээд Даахна шүүлтэнд тэнцсэнгүй онгод болж чадсангүй. Хөрстөд байхад нь онгод нь бүх үйлийг хийдэг байж. Өөрөө учирийг олоогүй байсаар байгаад бие барсан ажээ. Ингээд Даахна доод тивд хөөгдсөн үлгэр энэ буюу...
Улаач хүнд:Онгод тэнгэрийнхээ үйлийг сурч бай
Энгийн хүнд:Өвгөд дээдсийнхээ үгийг дуулж бай
Буяныг их хий
Бузраа бага үйлд...
2012он 03 /16 Халх онгод

3/06/2012

Д.Бум-Очир: Монгол соёлын үнэт зүйл ба бөө мөргөл

Д.Бум-Очир /Доктор Ph.d , Профессор. МУИС, НСА тэнхмийн эрхлэгч/


Бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын хамгийн үнэт зүйл буюу амин сүнс нь гэж үнэлэн тодорхойлж болно. Ийнхүү чухалчлахын учир нь олон ишт утгаар тайлбарлагдана. Олон шалтгаанаас хамгийн чухал нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Учир нь антропологийн ухаанд үздэгчлэн аль ч үндэстэн угсаатны шашин суртахуун гэдэг бол тэдний соёлын мэдлэг ухаан (knowledge) юм. Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог байна. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан ардын мэдлэг ухааныг орлож гарч ирсэн өрнө дэхины бүтээл гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ингээд XX зуунд хүчтэй хөгжсөн Европ төвтэй шинжлэх ухаан гэдэг зүйл манай ард түмний олон мянган жилийн түүхтэй соёлын мөн чанарыг бүрэн дүүрэн зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй байгаа нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнтээ тайлбарлаж чадахгүйд хүртэл тухайн соёлын зүйлс утга учиргүй хоосон мэт болж улмаар мартагдан үгүйрэх явдал бий болдог бөгөөд үүний үр дүнд уламжлалт соёлоо гээж өөрийн үнэт зүйлээ алдахад хүрдэг байна. Тиймээс монголын соёлын мөн чанарыг шинжлэх ухаанаар эрэлхийлэхээс гадна бас бөө мөргөлөөс хайх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна.


Үүний жишээ болгон нэгэн баримт дурдъя. Хамгийн энгийн, бидэнд ойрхон жишээ гэхэд “үүд голлож болохгүй” гэсэн манай ахмад настнуудын сургааль үг байдгийг хэн бүхэн мэднэ. Харин “яагаад” гэдэг асуултын хариултыг өдгөө тайлбарлах хүн цөөн болжээ. Би энэ үгийн агуулгыг анх 1995 онд Дорнод аймгийн Баян-Уул сумнаа хээрийн судалгааны ажил хийж байхдаа олж мэдсэн билээ. Буриад бөөгийн чанар хийж зэрэг дэв ахих зан үйл болж байсан үе бөгөөд том асар барьж гурван өдөр шөнө бөөлсөн юм. Манай судалгааны баг дүрс бичлэг хийж миний бие үүнд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Нэгэн үдэш заарин маань хоймор сууж онгодоо удтал дуудаж байснаа “монхор хар юм барьсан азгар хүбүүн үүд голлоод байна гээд онгод орж ирэхгүй байна даа”хэмээн над руу хандан өгүүлсэн юм. Энэ бол тухайн цагийн VHS дүрс бичлэгийн камер барьсан урт ширэлдсэн үстэй залуу хүн буюу миний бие байсан нь онгодын нүдэнд тийнхүү “монхор хар юм барьсан азгар хүбүүн” болж үзэгдсэн ажээ. Заарин хойморт заларч би аятайхан өнцгөөс түүний бичлэгийг хийчих санаатай чанх өмнөөс нь буюу үүд голлон хоймор өөд чиглэн зогссон дүр зураг. Үүдээр зөвхөн биетэй бодитой хүн орж гарч байдаг хэрэг биш харин хий биетэй хийсгэлэн дүртэй олон сүнслэг зүйлс мөн нэвтэрч байдаг гэсэн санаа эндээс ажиглагдаж байна. Тиймээс тэднийг нүдэнд үзэгддэгүй тул оршдоггүй хэмээн мухраар бодолгүй оршихуйг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлэн орох гарахад нь саад хийхгүйн үүднээс “үүд голлодоггүй” юм байна.

Энэ бол монголчууд хүний оршихуйг танин мэдээд энэ ертөнцөд ганцаараа биш гэдгээ ухамсарлаж улмаар зэрэгцэн орших хий биетэй хийсгэлэн дүртэй төрөл садангуудаа хүлээн зөвшөөрч эв зүйтэй харьцаж байгаа ухагдахуун юм. Эс тэгвэл тэднийг үл хүндэлсэн болж хилэгнүүлэн нөгөө “дайрлага дайрна” гэдэг шиг зүйл болох буюу хий юмны зам дээр хөндөлсөж байж дайрагдсан хэрэг болно. Үлгэрлэвэл машин зам дээр сууж байгаад машинд дайруулсантай жишиж болох юм. Ингэж үзвэл бидний сонсож дуулсан монгол ардын олон сургаал үгс, ухамсаргүйгээр үйлддэг зан заншил хичнээн гүн гүнзгий учир утгатай болохыг энэ жишээнээс харж болно. Харин тэдний учир утгыг тайлах олон түлхүүр бөө мөргөлд агуулагдаж байгааг мөн энэ баримт өгүүлж байна.Тиймээс бөө мөргөлийг зөвхөн бөө хүн гэдэг өөрийн биед онгод тэнгэр буулган ирж, эсвэл өөрийн сүнсээ онгод тэнгэрийн орноор аялан тогуулдаг мэргэжилтнээр хязгаарлан ойлгож болохгүй бөгөөд харин монголын уламжлалт мэдлэг ухаан, ёс заншлын гүнд далд эчнээ нуугдан шигдсэн мөн чанар нь гэж хэлж болно. Энэ утгаараа бөө мөргөл гэдэг байгаль дэлхий, сав, шимийн аливаа бүхнийг сүнстэй эсвэл эзэн сахиустай гэж үздэг анимист (animist) сэтгэлгээ байгаад зогсохгүй хүнийг ертөнцтэй хэрхэн зөв зохистой харьцах ёстойг номлосон ардын гүн ухаан гэдэг өргөн агуулгаар тодорхойлогдох учиртай.Байгаль  ертөнцтэй зөв харьцана гэдэг бол өнөөгийн олон зүйлийн байгалийн гамшиг эл бүхнээс урьдчилан сэргийлэх улмаар энэ ертөнцийн болоод өөрийн аж амьдралыг өнөд амар жимэр байлгах үндэс болж байжээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн монголд бөө олширч байгаа нь эерэг сөрөг олон талтай ч энгийнээр бол түүний ард байгаль ертөнцтэй зөв харьцагсад тэр хэмжээгээр нэмэгдэж байх сайн талтайг дурьдах нь зүйтэй. Гэтэл нөгөө талд бөө мөргөлийн энэ эерэг мөн чанар бодит амьдрал дээр хэрхэн биелж байгааг бас нэг шүүн тунгааж дүгнэн цэгнэх ёстой болоод байгааг мэргэн уншигчийн оюунд

Монгол бөө мөргөлийн аман яруу найргийн тухай...


Онгод[1]  цалиг[2]ийн үг хэллэг нь бөө мөргөлийн аман яруу найргийн бүхий л төрөлтэй нягт холбоотой болохын учир бүхэл тогтолцоонд  нь авч үзэхийг зорьсон юм.
     Тогтолцоо  нь :
               1. Бөөгийн  онгодоо урих хүсэл, хүсэл нь: дуудлага, дурдлага, магтаал гурав;
               2. Бөөгийн онгод оруулах учрал, энэ нь: урилга, түрлэг, айлтгал гурав;                 
               3. Онгодод мэдүүлэх учир мэдүүлэг нь: өчиг, бөө залаалах шахан[3], цалиг амилуулал    
               4. Өглөг үүнд: зүхэл, нэхэл, тамлага гурав;
             5. Бөө мөргөлтөн, бөөгийн биед орсон онгодын уулзалт энэ нь: айлдал, залбирал, мөргөл гурав; 6. Сүсэгтний авлага: гуйлга, даатгал, даллага гурав;
               7. Сэтгэлийн ханал: хүльцэл, ерөөл, ажаарал гурав.

    1. Дуудлага: Тэнгэр[4], буумал[5], онгод, лус[6], эзэд[7] тэргүүтний орон байр, орчил, ахуй, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгааныг тоочин, нэр нэлдэр, цол цолдрыг нь гарах угаас нь алдаршуулан дуудаж, хий бие хийсгэлэн дүрийг нь залж бие сэтгэлдээ оршоож дэгдээх үйлдэлтэй бөөгийн аман яруу найрагийн төрөл зүйл бол бөөгийн дуудлага. Агуулагын хувьд ерөнхий ухагдахуун. Дуудлагыг зориулалтаар нь Тэнгэрийн дуудлага, Буумалын дуудлага, Онгодын дуудлага, Лусын дуудлага, Эздийн дуудлага гэх мэтчилэн ангилахаас гадна Тэнгэрийн дуудлага гэхэд барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэрийн дуудлагыг өгүүлж болно. Дуудлагын жишээ болгож онгодын дуудлагыг үлгэрлэн үзүүлье. Бөө бүхний онгод өөр өөр тул “Бөө бөөгийн бөөлөх нь ондоо бөжин туулайн шогших нь ондоо” гэдэг. Энэ дуудлага бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх газарт сууж байсан буриад ястай Галзууд омогтой Цэрэн заариныг  1990онд бөөлсөн бөөллөгийн бичлэг юм.                                                         

Онгодын дуудлага :
    Өндөр сайхан Зүтгэлийн
    Цагаан даваанд суудалтай
     Нарийн сайхан Шандалийг
     Наадамлаж буусан
    Таван нарсанд хонологотой
    Тага мичинд дэгдлэгтэй
    Долоон хусан гүйдэлтэй
    Догшин мичид дэгдлэгтэй
    Гавруугийн хүүхэн
    Хөлхнөгийн эхнэр
    Галчуу түргэн толмооч[8] минь
    Наана hайхан дуулагты

    Бөөгийн дуудлагыг илтгэсэн буриад заншилт үг хэллэг бол: наана hайхан дуулагты! гэсэн үг хэллэг. Үгчилбэл: Мо.bnaru soiyiqan sonusug tun!  инару сайхан сонсогтун!  Утгачилбал: сонсон соёрхож чагнагтун! хэмээн шүтээний сонорыг мялаан хүндэтгэлтэйеэ сонордуулдаг. Ийн дуудаж сонордуулдаг наана hайхан дуулагты! хэмээх заншилт хэвшмэл хэллэгийг дуудлага болгонд түгээмэл хэрэглэдэг.         Онгодын дуудлагын онцлог бол онгод хэмээх хий биетэй, хийсгэлэн дүртэй сүнсний суудал, буудал, хонолго, дэгдлэг, гүйдлийг тодорхой өгүүлж ямар бөө, удганы сүнс болохыг нэрлэн заасан бөө мөргөлийн яруу найраг байдаг.
    2. Дурдлага:  Өргөл хүндлэл, тахил тавиг, хөрөг цалиг, хэрэг үйлс тэргүүтний байрлалын дэс дараалал, учир шалтгааны хэлхээс, эд ангийн бүрдэл, хэрэг үйлсийг ширхэчилэн тоочиж, зэрэгцүүлэн холбож өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйлийн нэг бөөгийн дурдлага.  Дурдлагыг зориулалтаар нь: Тахил тавилгийн дурдлага[9], өргөл амласан дурдлага[10], хөрөг цалигийн дурдлага, хэрэг үйлсийн  дурдлага[11] гэх мэтээр ангилж болно. Дурдлагын жишээ болгож хөрөг цалигийн  дурдлагыг үлгэрлэн үзүүлье. Энэ  дурдлага бол Б. Ринчен докторын хэвлүүлсэн бөө мөргөлийн материалд байдаг Авгалдайн дуудлага доторх Авгалдайн онгодын хөрөг цалигийн дурдлага юм.

Хөрөг цалигийн дурдлага:
    Хөх лүнтэй модон хөрөгтэй
    Хөх лусан хаан гарвалтай
    Гутаар Тэнгэрийн хөвгүүн
    Гуулин хааны хүргэн
    Гил хар Гиргилдэй
     Гингүүн хар Авгалдай
    Умдагтаа хүрэм сахалтай
    Өвдөгтөө хүрэм сүүрилтэй[12]
    Сахалт баавай
    Дурдахад минь дуулаач
    Дуудахад минь ирээ!(1.356)

    Бөөгийн дурдлагыг илтгэсэн үг хэллэг бол бөө мөргөлийн үгийн сангийн судлалын судалгааны үнэт хэрэглэгдэхүүнийг олж авах зохистой төрөл зүйл нь юм. Хөрөг цалигийн  дурдлагаас гэхэд хөх лүнтэн[13] модон хөрөг, Хөх лусан хаан, Гутаар тэнгэр, Гуулин хаан, Гил хар Гиргэлдэй, Гингүү хар Авгалдай, Умдагт хүрэм сахал, өвдөгт хүрэм сүүрил гэх мэт цалиг шүтээний дүр дүрслэл, домог зүйн дүр, Тэнгэр, Лус, хүмүүний дүрслэл зэргийн үзэж болно.

    3.Магтаал: Тэнгэр, сахиус, онгод, эзэд, цалиг, хувцас, гал, тайлга шүүс тэргүүтний орон байр, орших орчил, ахуй байдал, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгаан, бүтэц бүрэлдүүн хэрэг үйлс зэргийг нь учир зүйн гүн бясалгалаар цогцлоосон дүр дүрслэлийг баясгалант шүлэглэлээр хүний сэтгэлд зохист тааламжтай уран сайхнаар дүрсэлж өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйл бол бөө мөргөлийн магтаал. Магтаалыг зориулалтаар нь тэнгэрийн магтаал, сахиусны магтаал. Онгодын магтаал, эзний магтаал, цалигийн магтаал, хувцасны магтаал,  галын магтаал, тайлга шүүсний магтаал гэх мэтчилэн ангилж болно. Магтаалын жишээ болгож хорчин бөөгийн алаг дээлийн магтаалыг толилуулъя. Бөөгийн дээл хувцас бол цалиг шүтээнийг бүрэн агуулсан бэлгэдлийн дэлгэр утгатай билээ.

 Алаг дээлийн магтаал:
    Хүр хорхойн хивээстэй
    Хөх торгон эмжээртэй
    Хий жаврын хөлөгтэй
    Хөрөнгийн эх дээл минь
    Жимсийн навчин зүйдэлтэй
    Зүрхэн улаан чимхээртэй.
    Жавар хийн хөгжөгтэй
    Захын эх дээл минь
    Уран эмийн ухаанаар
    Угалз тааруулсан дээл минь
    Удган эмийн цавуургаас
    Үлгэр авсан дээл минь(31.574-575)

    Магтаалын үг хэллэг нь домог зүйн дүрийг илтгэсэн байх бөгөөд түүнийг магтсан магтаал, онгодын дүр дүрслэлийг магтсан магтаал, хувцас чимгийн үзэмж, зоог шүүсний бүтэц бүрдлийг магтсан магтаал зэрэг болно. Магтаалын заншилт тогтсон үг хэллэг нь жишээлбэл амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэхэд сүсэгтэн олон түмэн бөө удгадаас аврал эрж мөргөхдөө зүйл зүйлийн гөрөөсний  элдсэн арьс барьж мөргөдөг байж, тэдгээрийг зоолж зүйгээд амьтай хэмээх дээл оёулж өмсдөг тул амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэдэг ажээ.  Амьтан гэсэн нь амь биеэрээ өргөл болсон байгалийн хишиг; түмний гэсэн нь зон олны; бүтээсэн гэсэн нь өргөл болгон барьсан; алаг эрээн гэсэн нь төрөл бүрийн гөрөөсний янз янзаар алаглаж зоолсон сортой арьс; амьтай гэсэн нь харийн бөөгийн өмсгөл дээлийн буриад монгол нэр.

    4.Урилга: Сүнс, онгодын суудал, буудал, дэгдлэг дамжлага, гүйдэл, орноос нь хэц тойвуур[14], бардаг[15], орво[16], урам[17], хонх[18], холбого[19], сорви[20], минаа[21], жашуур[22], элдэв дуу чимээгэр дуудаж залаад хий бие, хийсгэлэн дүрийг нь биедээ оршоож дэгдээх хийгээд онгод цалигт шингээх үйлдэлтэй аман яруу найргийн төрөл зүйл нь бөөгийн урилга. Урилгыг зориулалтаар нь сэрээсэн урилга, далласан урилга, урьсан заллага, дуудсан заллага гэж  ангилж болно. Цаган-Овоо сумын Ш. Дарийм удганы 1991онд бөөлсөн бөөлөөний урилгын хэсгийг жишээ болгон үзүүлье.              

    Өдөрчийн газраас
    Өл хоолгүй хөлөглөдөг
     Үүлэн хоёр хөхийг
     Хурдатгаж уринам
    Урилганд минь буугтуй!
    Угталганд минь морилогтуй! хэмээн (11.35)сорвиныхоо харших дуу чимээг сонсгон дуурсгаж, урилгандаа оруулан дуудаж урилгандамни буугты, угталгандамни морилогты! гэж урьж байна.

    5.Түрлэг: Бөөгийн ёслолд оролцсон сүсэгтэн олон хийгээд бөө өөрөө болон түшээ нараас уухайлан хөгжөөсөн тэнгэр, сахиус, буумал, онгод, эзэд, лусын дуудлага, дурдлага, магтаал, урилганд хүч нэмж, олон хоолойгоор түрхрэн түрж дэгжээсэн олон төрлийн ая дангатай, тогтмол аялга үг бүхий хэвшмэл хэлхэц түрлэг гэж нэртэй. Мөн онгод орж ирэхдээ өөр өөрийнхөө тогтсон түрлэгийг уулгалан түрсээр орж ирдэг.
 
 Уухайлсан түрлэг:
    Ээ-ээ-хө, бай-дөө, өө-ээ
    Аа-аа-яа-ла ёо-гой минеэ-гөө(11.32)
    Аа-хай ёо-хой минеэ-гөө
    Аа –еө бай-дөө минеэ-гөө(1.265)
    Уулгалсан түрлэг
    Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!
    Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!(32.237)
    Түрлэгийн үг хэллэгийн онцлог нь олон төрлийн ая данга бүхий хоолойн хугалган[23] хийгээд амны аялганаар[24] бүтсэн хэмнэлтэй байдаг.

    6.Айлтгал: Онгод, буумал, эздэд хандан дээдлэн харьцаж, хүндэтгэлтэйгээр өгүүлэн, амар мэндийг нь асууж, биеэ танилцуулан,хийх гэж байгаа хэрэг,зорьсон зоригоо мэдүүлж илтгэсэн бөө, түшээ нарын шүлэглэсэн айлтгал хэмээх аман яруу найргийн төрөл зүйл. Айлтгал нь зориулалтаараа амрын айлтгал, биеийн айлтгал, зоригийн айлтгал, хэргийн айлтгал гэх мэт буй.
    Амрын айлтгал
Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр Онгод сахиусны  авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа. өндөртөө Та бүхэн амгалан уу?(28.12)                                                               
   Бөөгийн айлтгалын үг хэллэгийг амрын айлтгалаар жишээлж үзүүлбэл:
    Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр онгод сахиусны авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа! Өндөртөө Та бүхэн амгалан уу? (28.12) гэж онгодын амар амгаланг айлтгаж асуудаг. Орон дэлхийн өргөмж хэмээх бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун юм. Огторгуйд  хурсан үүл, орчлонд буусан хур, дэлхийд ургасан шим, дэлэнд хурсан сүү бол орон дэлхийн буюу этүгэн эхийн өргөмж билээ. Онгод сахиусны аврал хэмээх бас бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун. Онгод сахиус орчлонгийн хамаг бүхнийг аварч амилуулж амьдруулж байдаг гэж үздэг. Өлгөн хэмээгч нь өлгий сайхан эх орон. Өндөр хэмээгч нь тэнгэрийн орон.

    7.Өчиг: Бөөгийн хийгээд төрт ёсны тайлга тахилга, сацал мялаалга, ухияалгын зан үйлийн зоригийг тэнгэр, сахиусанд хандан адислуулахаар сонордуулан тунхааж, өндөр дуугаар уянгалуулан дуудаж өгүүлдэг бөө мөргөлийн яруу найргийн нэгэн төрөл зүйл бол өчиг юм. Өчгийг зориулалтаар нь сүлдийн өчиг,голомтын өчиг, мялаангуудын өчиг, даатгалын өчиг, гэх мэтээр ангилж болно.

Мялаангуудын өчиг:
    Эсгийгээр эсгэж хийсэн өргөө чинь
    Эвдэршгүй бат болтугай
    Эрхин сайн төрийн хаан хатан хамаг улс,
    Эгэл хутгийг энх эсэн ийн жаран заяан атугай.
    Эгүүрд явах эрдэмтэн сайд энд хурж
    Эрхүй есөн хүсэл төгсөөр бүтэж
    Эрхт насыг батад үүсгэж
    Эрхин сайн энх жаргаланг
    Хаан хатан хамаг улсад
    Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай!(27.74-75)

    Өчгийн үг хэллэг: Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай хэмээх заншилт хэлц хэллэг өчиг бүхэнд голдуу гардаг

    8.Шахан: Шинээр залаалж бөө болж байгаа буюу цагааны угаа барьж бариач болж байгаа бөөлид, удгад, бариач нарын Эрлэн хаанд сонсгож,эх дэлхийгээр гэрчлүүүлэн, андгай тангараг тавьж тэнгэр сахиусанд өргөсөн андгай шахаа шүлгийг бөөгийн аман яруу найргийн  төрөл зүйл болгон үздэг. Шаханг зориулалтаар нь андгай шахан, шахаа шахан гэж ангилна.
    Шахаа шахан
    За ! энэ байгаад
    Хэлсэн шаханг минь
    Эрлэн хаан дуулаг
     Этүгэн дэлхий эх гэрчилэг!
    Энэ хэлсэн шахангаасаа
    Алс авирласан бол
    Гишгиж байгаа хөлөө
    Алдаж гишгэсэн бол
    Амь нас минь барагдаг
    Үүд минь хаагдаг
    Өрх минь бөглөрөг
    Гал минь унтраг
    Гадас минь хугараг.(12.165)

    Шахангийн үг хэллэг: Эрлэн хаан дуулаг, этүгэн дэлхий эх гэрчлэг хэмээх андгай тангаргийн үг хэллэг.  Эрлэг Номун хаан андгай тангаргийг нь сонссон тул амны шахаанд орж байгаа юм. Этүгэн эх дэлхий  дээр гишгэж хорвоогийн тоос хөдөлгөж байгаа болохоор хийсэн  хөдөлсөн үйл үйлдэл  бүхнийг нь эх дэлхий гэрчлэх тул  үйлсийн шахаанд орж байгаа юм. Аливаа амьтны бие махбод, эрдэм үйлс, үйл хөдлөл, бүхэл амьдрал нь эх дэлхийдээ шингэж, гэрчлэгдэж хоцордог.

    9.Амилуулал: Бөө мөргөлийн зан үйлэнд цалиг шүтээнийг амилуулж босгох ёс байдагчилан уул зан үйлтэй холбогдсон үг хэллэг дуудлага дурдлага нь бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл болон уламжилсаар арвин сан хөмрөгийг бүрдүүлжээ. Амилууллыг зориулалтаар нь цалигийн амилал, дүнгэрийн амилал[25], золигийн амилал[26] гэх мэтээр ангилж болно.

    Цалигийн амилал:
    Хүрэл онгод амилав
    Хүртэж оршиж эхлэв
    Олон онгод оволзов
    Оршиж хүртэж эхлэв
     Шөнө дөл болов
    Сүнс сахиус ирэв
    Ширэм хүрэл шүтээн
    Шуугиж үймж эхлэв.
    Агаар гэрээс залж байна
    Алтан хаалганд дурдаж байна
    Огторгуйгаас урьж байна
    Онгойх үүдэнд залж байна
    Согтуу миний гадуур
    Суунаг татан хүрээл!
    Суурь байрын орондоо
    Суун суун амил!(361.548-550)

    Амилуулын үг хэллэг: ширэм хүрэл шүтээн шуугиж үймж эхлэв. Утгачлан тайлбарлавал, энэ нь ямар нэгэн эд өлгийн зүйлд сүнс сүлд, онгод шингэн амь оруулан босгож байгаа хэрэг билээ.(3.82)

    10.Зүхэл: Тайлгын хонь, ямаа, адуу тэргүүтний сүнсийг зүхэн дэгдээдэг бөө мөргөлийн яруу найргийн зүхэл хэмээх төрөл зүйл. Тэнгэрийн ноёдын үүдэнд тэвхэр цагаан чанар үйлдэхээр дэрвэлэг, зул,тахил, хавчуулга , тэвш, сур шор тэргүүтнийг бэлтгэн засаж ариун цагаан хишиг авч уримой гэсэн өчил; гурван жил нөөсөн гунан халзан хонь чамайг төөрөг амсуулан улаан голын чинь цусаар үүлэн амьтайгаа амилуулан,алтан ялтсаа мялааж ахих чанараа амилан эзэн гарвалын үүдэнд идэш болгон зориулав гэсэн амлалт, өөг, цагаан өрийг чинь өрлүүлнэ, цээл цагаан өрцийг чинь цоолуулна, утсан улаан голыг чинь таслуулна гэсэн зүхэл;өнцөг сайт тэвш, ир сайт хутга,иш сайт шанага, ацтай шор мод талбии байж залбирмой гэсэн айлтгал; Хан гарвалын үүдэнд хүнс болон зорилоо чи гэсэн хагацал; эрэмдэг зэрэмдэг болговол эрхэлсэн хүмүүсийн мах цусаар төрүүлнэ гэсэн андгай хэсгээс тайлгын зүхэл бүрддэг. Зүхлийг зориулалтаар нь тайлагын зүхэл, угаадасны зүхэл гэж хоёр зүйл одоогоор олдоод байна. Ерийн үед хүн рүү хуруугаараа чичилж заахыг цээрлэдэг нь энэ зүхлийн зан үйлтэй холбоотой учраас тэр юм.

    11.Нэхэл: Бөөгийн онгод биед нь[27] орж ирэх үесэд мэндчилсний дараагаар бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл болох онгодын нэхэл үг орж ирдэг.(3.45)                                                                                                                                   Онгодын нэхэл үг гь цай, зоог, сархад,тамхи,айраг, тараг, талх тэргүүтнийг тогтсон төлөөлөл үгээр нэрлэж шүлэглэсэн бөө мөргөлийн нэгэн төрөл зүйл, бас амь насны авилгач нэхлийн тамлагын зүйл байдаг.

     Эгээрлийн нэхэл
    Ханилах ч юм минь
    Хатан харын дээж билээ
    Түүний үгүй болбол
    Бяруу тань бужуураг
    Хонь тань хатайртаг
    Даага тань сахуураг!
    Түүнийг байгаа болбол
    Талтай малтай бария аа!(32.212)

    Нэхлийн үг хэллэгийн жишээ  нь архийг хатан харын дээж, хэтуу харын дээж, амтат бараан, хатан бараан,(3.46) хатан хар, хажтай танхын хариулга; цайг аагтай шаргал, чандага шавардмад шанага гозоймоор шар улаан, (3.46)байгаали улаан, уургийн улаан; тамхийг мэндийн улаан (шар), галзуу улаан, Тайван хааны ногоон, (3.46) багваас, морины годон алчуурт; тагштай архин дахь шороог булгийн усан унд минь, бутын шороон дамбар минь (нялбаг минь).

    12. Тамлага: Бөөгийн биед орсон онгод нартын оронд хүн байх үедээ тамлуулж зовж шаналж тарчилж байсан үеэ дурсан домоглосон шүлэг найраг, бас уг шагийн онгодын энэлэл шаналалыг давсан ид хавыг өгүүлэн, тэрслэх дайсантай тэмцэж тулалдаж, идэлцэж, ав шижийг нь ялан дийлсэн хав бахадлыг дурсан өгүүлсэн онгодын хэллэгийг илтгэсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл. Тамлагыг зориулалтаар нь тарчилсан тамлага, хавархсан тамлага[28] гэж ангилж болно.

Тарчилсан тамлага:
    Ээж юуны бийд
    Эрх тайж гүүллээ.
    Ээж юунаасаа хойш
    Охин чөтгөр гүүллээ.
    Эсэргэнэ тахалд
    Өвдөн ядан хэвтсэн
    Ёолох хайран бие минь
    Ёололгондоо халагласан
    Ёс мэдэх бөөцүүл
    Нэхэлдэж ядсан. (32.185)

    Тамлагийн үг хэллэг: ёолох хайран бие минь ёололгондоо халагласан гэх мэт онгод нь тарчилж тамлагдаж нарийн сүвээгээрээ нар харж гурван сүвэгч шөрмөс авч хатаж зовж бөө болдог (32.258) байсан гэх мэтээр өгүүлдэг. Тамлал тарчлал, зовлон зүдгүүр хэмээх ухагдахуун, ойлголт бол мөргөл хийгээд шашны ухааны үндсэн ойлголт юм.

    13.Айлдал: Бөөгийн биед онгод ороод нартын орны хүмүүстэй харилцан амрыг нь эрж, хийсэн хэрэг зорьсон зоригийг нь бүтээж өгөхөө амалж, айлтгалыг  нь цоо хэлж, чухам донгодож өгүүлсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл айлдал. Айлдал зориулалтаараа залбирлын айлдал, мөргөлийн айлдал, гуйлгын айлдал гэж байдаг.

Мөргөлийн айлдал:
    Үли тэли зөв!
     Би үхээрийн тань үүдэнд
    Өл хөх тэхийг тань хүргэлцэж
    Өвчин үйлээс тань мулталж
    Үхлийг тань эзний гараас тавиулъя.(32.227-228)

    Энэ айлдалын хэвшмэл буриад заншилт үг хэллэгийн сонгомол гэвэл: Үли тэли зөв! (32.238) гэсэн зөвшөөрсөн баймжит үг хэллэг. Утга нь : Тун зөв зүйтэй гэж хэлсэн онгодын үг. Монголын нууц товчооны зүйлд Чингис хаан Жэ тэли! гэж хэлсэн байдаг тул дундад эртний монгол хэлний дурсгалд тэмдэглэгдэн үлджээ.

    14.Залбирал: Хэн нэгэн ядарсан зүдэрсэн өвдсөн зовсон нэгийг юмуу эсвэл нэгэн айл гэрийнхнийг наран, саран, одон гариг, онгод тэнгэр, нявдаг савдгууд зэрэг бүх л шүтээндээ мэдүүлэн авралдаа багтаахыг гуйн залбирдаг монгол бөө мөргөлийн аман яруу найргийн бие даасан онцлог бүхий бас нэгэн төрөл зүйл бол залбирал юм (3.105-106). Залбирлыг зориулалтаар нь мөргөл залбирал, гуйлга залбирал гэж ангилна.

Гуйлга залбирал:
    Нартын орны таны үр сад
    Надаар дамжуулан асуулгаж
    Арга юугаа гуйж байна
    Ачлал тусыг хүсэж байна.
    шоог! шоог! шоог! (6.72)

    Залбирлын үг хэллэг нь: Арга юугаа гуйж байна, ачлал тусыг хүсэж байна гэж хэлдэг заншилт залбирлын үг хэллэг Д. Бямбадорж зайрны дуудлаганд гардаг. (6.72) Бас Заяа гуйж залбирнам ерөөл гуйж үгэлнэм гэж Ч.Цэрэн зайрны дуудлагад(1.288) гардаг.

    15.Мөргөл: Тэнгэр, сахиус, буумал, эзэд, онгоднарт тахил тайлга, хүндлэл өргөн, түүнийгээ айлтган мэдүүлж, өвдөг сөгдөн, хоёр гараа магнайдаа хүргэн, малгай бүсгүй толгойгоо бөхийлгөн мөргөж, хишиг буян, насан хутаг гуйсан аман яруу найргийн төрөл зүйл бол бөөгийн мөргөл. Мөргөл нь зориулалтаараа өргөл мөргөл, гуйлга мөргөл гэж байна.

    Өргөл мөргөл:
    Хушуутыг холбож
    Хол ойрын гарвалыг урьж
    Хувь заяа гуйн мөргөв.
    Эрэлгэт гарвалын үүдэнд
    Эмнэг шаргал ямааг
    Есөн модон дэрвэлгээр живэрлэж
    Амь насны андалдаан
    Өргөл мөргөлийн эзэн мөргөв.(32.210-211)
   Өргөл мөргөлийн эзэн мөргөв гэсэн заншилт хэвшмэл хэллэгийг дэлгэрүүлэн тайлбарлавал: Өргөл мөргөл үйлдэж байгаа хүний өргөсөн тайлгын ямааг дуртгаад өргөл болгосон ямааны туруунд нь шар тос түрхэн тахалж, онгодын дүрс модны хөөгөөр зурсан цагаан цуудас бөс даавуугаар магнайвчилж хусны үйсээр үйлдсэн гурвалжин жижиг дагтай[29] хэмээх бортгонд цагаан тос хийж ямааны нуруунд хэлхсэн ба бас есөн хус мод дэрвэлэг[30] хэмээн зоож 77дагтай өлгөсөн, үен, солонго, хэрэм, гур, чандагын таван хошуут[31] хэмээн нэрлэдэг эдгээр амьтны туламлаж өвчсөн арьсыг өлгөсөн тахил тайлга мөргөлийг дурдлага болгон дурдатгаад амь насны золио болгон өргөл мөргөлийн эзэн тэр мөргөв гэж мөргөлийн дуудлага дууддаг.

     16.Гуйлга: Зам мөр нь хазайсан, заяа төөрөг нь буруулсан, өр авагад баригдсан, өвчин зовлонд нэрвэгдсэн, олз хишгийн үүд нь хаагдсан, хэл аманд орооцолдсон, хийморь цог нь доройтсон, хилс яланд унасан зэрэг хүний амьдралын элдэв гачаал хийгээд байгалийн ган гачиг, зуд турханыг олон сахиус онгод шүтээнд айлтган мэдүүлж гуйсан бөө мөргөлийн төрөл зүйл. Гуйлгыг зориулалтаар нь төөрөг заяаны гуйлга, элдэв гачаалтны гуйлга, хэл амыг хариулах гйлга гэж ангилав.

    Элдэв гачаалтны гуйлга
    Өр авлагыг барагдуулж хайрла.
    Өвчин зовлонгоос салгаж хайрла
    Хол явсанд хонжоо хайрла
    Ойр байгаад олз хишиг хайрла.(6.83)

    Гуйлгын үг хэллэг нь: тийм юмнаас тэгж хайрла! Ийм юмыг  ингэж хайрла! Үүнд энүүнийг хайрла!  Түүнд тэрүүнийг хайрла гэсэн асуултанд оногдох өр авлагыг нь барагдуулж хайрла үйл ажлыг нь бүтээж хайрла өвчин зовлонгоос салгаж хайрла гэх мэт.

    17. Даатгал: Тэнгэр, буумал, онгод, заяач, эзэд бие, айл өрхийн халуун амь, хотол чуулганаа өмөглөж хамгаалуулахаар даатгаж гуйн залбирч мөргөсөн бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Даатгал нь зориулалтаараа биеийн даатгал, халуун амины даатгал, хотол олны даатгал гэж байдаг.

Даатгалын үг хэллэг нь:
    Тоонон дээр минь эргэж
    Толио туяа татуулж
    Тотго дээр минь эргэж
    Зол заяа залгуулж
    Зовлон үйлийг минь мулталж хайрла гэх мэт.

    18. Даллага: Тэнгэр нарнаас малын хишиг, үр тарианы хишиг, идээ ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, үрийн хишиг, бэрийн хишиг, дээд сайн буян, өлзий хутаг, цог заль, сүр сүлдийн хишиг буян цог жавхланг хурайлж даллан дуудсан бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Монгол угсаатны бөө нэрийн ёслол тахилга, засал заллагын дотор түгээмэл тохиолддог зан үйлийн нэгэн бол даллагын ёс юм.(3.95)

Даллага зориулалтаараа буян хишгийн даллага, ид цог жавхлангийн даллага гэж байна.

    Ид цог жавхлангийн даллага:
    Улам дээшид бадрах цог заль
    Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд
    Улам элбэг болон арвидах мал идээ
    Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх.
    Хамаг хэрэг төрвөлгүй бүтээх сайн чадал
    Хамаг утас эндүүрэлгүй мэдэх мэргэн ухаан
    Хамаг үйлс зүдрэгүй бүтэх чийрэг бие
    Хамаг зохист хишгүүдийг ирүүлэн соёрх.
           Хурай, хурай, хурай.(30.31)

Даллагын үг хэллэг:
    Хишгүүдийг ирүүлэн соёрх
         Хурай, хурай, хурай гээд юуны хишиг болох харьяалахын тодотголыг өмнө нь хэлдэг.

    19. Хүльцэл: Өргөл хүндэтгэл дуудлага дурдлага үйлдэхдээ омтгойрч гоомойдсон буюу алдаж эндсэн, мэдэл чадал дутсан зүйл байвал уучилж өршөөн хүльцэж, зөвтгөж цэхлэж өгнө үү хэмээн бишрэнгүйгээр хандах хийгээд онгодын омог аяг аашийг тайтгаруулан номхруулах агуулгатай бөө мөргөлийн аман яруу найргийн хүльцэл хэмээх төрөл зүйл. Хүльцэл зориулалтаараа: осол цалгайн хүльцэл, номхруулгын хүльцэл гэж байдаг.

    Номхруулгын хүльцэл:
    Зүстийг зүглүүллээ
    Зүлдтнийг чиглүүллээ
    Зүлдэн дээрээ зүгшир
    Тахил дээрээ тайтгар(32.237)
    Ноён мэт номхон
    Хаан мэт халуунаар
    Тогтож айлдагтуй!(29.12)

    Хүльцэлийн сонгомол үг хэллэг:
    Зүлдэн дээрээ зүгшир                                                                                                                         
    Тахил дээрээ тайтгар(32.237)амьтны сүр сүлд, сүнс оршдог толгой хэл багалзуур хоолой төвөнх гуурсан хоолой уушиг зүрхийг зүлд хэмээн нэрлэж зүлдийг нь зүлдлэн тахил болгон тавиад догшин онгодын догширлыг номхтгож ийн хэмээн хүльцэл дууддаг.

    20. Ерөөл: Хэрэг үйлс бүтэмж, зориулсан зориг зохилоо гэсэн утгаар ерөөл дэвшүүлэх хийгээд онгод буцахдаа сайны ерөөл хэмээх төрөл зүйл бөө мөргөлийн яруу найрагт байдаг. Ерөөл нь зориулалтаараа сайны ерөөл, хотол баясгалангийн ерөөл гэж байна.

Хотол баясгалангийн ерөөл:
    Аль насан урт болон цог заяа бадраад
    Адуу мал эд эрдэнэс үлэмж дэлгэрээд
    Алдар нэр аугаа хүчин улам нэмээд
    Алив сайн хотол баясгаланг эдлэх болтугай
    Хүй хотлоороо цэнгэл баяслыг эзэлж
    Хамаг үл зорилдохын шалтгаан арилж
    Хотол даяар хэрүүл тэмцэл амирлаад
    Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай. (30.35) гэх мэт.

    21.  Ажаарал: Онгодын тахил тайлгын үед түгээмэл хэрэглэгдэх бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл бол бөөгийн онгодоо мордуулах буцаах үг хэллэг болно. Онгодын тайлгын туршид тухайн бөөгийн урин залдаг онгодууд дэс дараалал, зэрэг дэвээрээ ээлжлэн заларсны эцэст бөө онгодын тайлга өндөрлөж буйгаа илтгэх энэхүү тараах утгатай үг хэллэгийг өгүүлдэг ажээ(3.69)

Ажааруулах үг хэллэг:

    Хадан гэртээ харигтуй

    Бут гэртээ буцагтуй

    Огторгуйдаа дэгдэгтүй

    Орон нутагтаа буцагтуй (1.289)

    Онгон ордоо туулагтуй

    Орд лустаа шингэхтүй(15.94) гэх мэт.

    Дүгнэж хэлбэл бөө мөргөлийн аман яруу найргийн төрөл зүйлийн ангилал болох долоон зүйл, хорин нэгэн төрөл зүйл, жаран гурван анги бол монгол бөө мөргөлийн яруу найргийн дуудлагыг зүйлчилэн эмхтгэхэд хийгээд ер бөө мөргөлийн аман яруу найргын төрөл зүйлийг ангилан судлах судалгаанд нэгэн зүйлийн санал оруулж байгааг толилон соёрхоно уу!

              Ном зүй

1.      Арван гурван ноёдын дуун (Буриад ардын аман зохиолын цоморлиг)

Хэвлэлд бэлтгэж, удиртгал тайлбар үйлдсэн Ж. Цолоо, Г. Гантогтох. УБ.2007.

2.      Б. Батмөнх. Буриад зоны бөө мөргөлийн зан үйлийн товчоон  УБ. 2005. Х.43-49; 66-89.

3.      Д. Бум-Очир. Монгол бөөгийн зан үйл УБ. 2002. Х.45-75; 88-130.

4.      Г. Буянбат. Монгол бөөгийн шашны учир Хайлаар 1985 х. 4-23.

5.      Г. Буянбат. Монголчуудын модны шүтлэг Хайлаар 1990. Х. 60-92.

6.      Д. Бямбадорж. Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл УБ.2010. х.70-120.

7.      Галиндраа. Сөнидийн яруу шүтлэг Хөх 1997. Х.69-81.

8.      Г. Гантогтох. “Монголын нууц товчоо” –нд бөө мөргөлийн зан үйл туссан нь // Оюуны хэлхээ ЭШБ боть1. УБ  2005 х. 11-20.

9.      Г. Гантогтох. Бөө мөргөлийн ухияалын дуудлагын үг хэллэг // МУИС. МСХ Эрдэм шинжилгээний бичиг ¹7(117) УБ. 1996. Х. 162-170.

10.  Г. Гантогтох. Тайлгын хонь зүхэх бөө мөргөлийн үг хэллэг // МУИС. МСХ Эрдэм шинжилгээний бичиг ¹8(116) УБ. 1997. Х. 37-44.

11.  Г. Гантогтох.  Хясан тэнгэрт хуц тавих бөө мөргөлийн үг хэллэг // МУИС. МСХ Эрдэм шинжилгээний бичиг ¹10(122) УБ. 1997. Х. 27-47.

12.  Г. Гантогтох. Бөөгийн шахангийн үг хэллэг // МУИС. МСС Эрдэм шинжилгээний бичиг XIV боть УБ. 1999. Х. 165-169.

13.  Ч. Далай. Монголын бөө мөргөлийн түүх УБ. 2009. ч. 31-49; 74-102.

14.  Доржи Банзаров. Черная вера или шаманство у монголов СПБ. 1891 // Д. Банзаров. Собрание сочинений М., 1995.  С. 48-100; 254-277.

15.   С. Дулам. Дархад бөөгийн уламжлал УБ. 1992. Х.180-194.

16.  Ёнсог. Монгол шашин суртахууны тойм Хөх хот 1992. Х. 52-88; 109-142.

17.  Г.В. Ксенофонтов. Шаманизм избранные труды  Якутск 1992. С. 41-61. 69-93.

18.  И.А. Манжигеев. Бурятские шаманистические и дошаманистические термины М., 1978.

19.  Т.М. Михайлов. Бурятский шаманизм (история, структура, социальные функций) Новосибирск 1987.

20.  Намжилдорж. Ордосын зан үйлийн товч Хайлаар 1992 х. 253.

21.  Г.Д. Нацов. Материалы по истории и культуре бурят Улан-Үдэ 1995. С. 55-64. 65-120.

22.  Нямаа. Сүнс, онгод, шүтлэг. Хөх хот 1999. Х. 1-29; 220-262.

23.  А.А. Петров. Язык и духовная культура тунгусоязычных народов(Этнолингвистиеское проблемы) СББ. 1998. С.4-13; 17-28; 55-65.

24.  О. Пүрэв. Монгол бөөгийн шашин  УБ. 1999. Х. 99-108; 133-149; 176-168.

25.  Б. Ринчен. Дома духов у шаманов прикосоголья Будапешт 1962.

26.  Роберта Н. Амайон (франция) Традиционный сибирский шаманизм // Материалы международного научного симпозиума 20-26 июня 1996г. Улан-Үдэ, оз. Байкал. С. 123-129.

27.  Сайнжаргал, Шаралдай. Алтан ордоны тайлга Бээжин 1983.

28.  “Тэнгэрийн сүлдэр” монголын бөөгийн холбооны ‹‹Дуудлага, Дурдлагын гар бичмэл›› хэрэглэгдэхүүн ХН. 001.

29.  М.Н. Хангалов. Собрание сочинений том.1 Улан-Үдэ 1958. С. 458-482; 529-535.

30.  Хурцбаатар, Үзэмээ. Монгол бөө мөргөлийн тайлга тахилгын соёл Хайлаар 1991. Х. 113-153; 187-196.

31.  Хүрэлшаа, Бай-Цүй-Ин, Начин, Буянцуглаа. Хорчин бөө мөргөлийн судлал Бээжин 1998. Х. 63-66; 70-86; 224-230.

32.  Хүхэ мүнхэ тэнгэри сборник шаманских призываний  Улан-Үдэ 1996. С

33.  Ж. Цолоо. Захчин товчоон УБ. 2010 х. 153-228

34.  З. Эрдэнэбат. Мөнх тэнгэрийн хүчин дор УБ. 1998. Х. 40-68.


     Зүүлт тайлбар:
[1] Онгод 1.Онго хэмээх үндэснээс үүсэлтэй бөөгийн эзэд шүтээн, бас онгод гэнэ. 2. бөөгийн биед оршиж дэгдэх үйлдэлтэй элдэв сүнс, онго,эздүүд. 3. бөөгийн шүтээн, орой, элдэв тоногоо хадгалдаг хөвхөн хийгээд мухлаг тэрэг. 4. Элдэв дүрс бүхий цалиг шүтээнүүд 5. Сахиус шүтээн оршсон онгон ариун дагшин зүйлс.

[2] Цалиг Домгийн сэтгэлгээний бүтээгдэхүүн болох риди шид бүхий эд бодисын дүр:цалигонгод, зэл онгод, хөрөг онгод, дүрс онгод гэх мэт.

[3] Бөө залаалах шахан Шинээр бөөболж эхэлж буй бөө удганыг буриад монголчууд бөө залаалах гэж хэлдэг. Залаалсан бөө оргойдоо сөөм хоёр эвэртэй болдог. Андгай тангараг таьдаг зан үйлийг бөө залаалах шахан гэнэ.

[4] Тэнгэр Сүсэгтний шүтдэг хүний орчлонгоос дээр орших сахиулсан шүтээн буюу сахиулсны суудаг газар. Ерэн есөн тэнгэр Барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэр нар.

[5] Буумал Цахилгаан цагаан тэнгэрийн ниргэлгээр Алтан Бумбай уулнаа бууж амилсан хорчин бөөсийн (бөө нарын)сахиулсан шүтээн

[6] Лус Газар дэлхий, далай мөрөн, булаг тэргүүтнийг эзэгнэсэн нэгэн зүйн хүмүүн бус амьтны нэр. Дорнодын Цаглашгүй, Өрнөдийн Агуулагч, Өрнөдийн Хүчин төгс, Умрын Язгуур төгөлдөр, зүүн өмнөдийн Эдийг арвижуулагч, Баруун өмнөдийн Дун тэтгэгч, Баруун умардын Лянхуа, Зүүн умардын Усны тэнгэр хэмээх найман Лусын хаад байдаггэнэ.

[7] Эзэд Хамаг бүхнийг анги ангид нь эзэгнэн захирагч, даан тэтгэгч хийсвэр эзэн биес.

[8] Толмаач онгоны хэлмэрч, бөөгийн түшээ.

[9] Тахил тавигийн дурдлага
Байгаль улаан цайг
Баглайтал нь идээшүүлж
Бал бурам хоёроор сүлсэн
Цайн зориг өргөл
чихэр бурам чимээтэй
Тосон өнжиг зөөллөгтэй
Өрж таьсан идээн тахил.
Ариун сайхан шар тосоор
Асааж бадраан барихаар
Хялганан амийг нь ороосон
Зуун хөлт зул.

[10] Өргөл амласан дурдлага
Есөн алтан өндөгтэй
Гурван үүр мушгиж
Алт торгон хавчуулгатай
Халиу булган бэлэгтэй
Хамба торгон монцогтой
Дутуу дунд үгүй
Эргүүлгэн дөрвөн загалмайтай
Хусан модон ширээтэй
Хурган хонины шүүстэй дуудан
Илдж цагаан чанараа дурдан амалнам.

[11] Хэрэг үйлсийн  дурдлага
Амин байдлаа төвлөрүүлэхийн тулд
Амин насаа уртатгахын тулд
Алдар нэрээ бэхжүүлэхийн тулд
Адгуус малын худалдааны тулд
Аав хясан тэнгэрт
Албин улаан хуцыг
Ац найман туурайг нь тахалж
Аранга болд эврийг нь гялбалзуулж
Хан тэнгэрийн үүдэнд
Хадаг торгон толоогоор хөтлүүлж
Ханхлах алтан толоогоор хөтлүүлж
Ханхлах алтан жодоогоор ариулж хүргүүлнэм.(11.39)

[12] Сүүрил умдагт ургадаг үс. Эрт цагийн бэлгэ шүтээний заншил. Онгод цалигийн сүүрилийг минж булга, доргоны арьсаар жишилжин хэлбэртэй хайчилж цалигт дэлүүгээр наадаг юм.

[13] Лүнтэн Луугийн нүд хэмээх ургамлын үр.

[14]Хэц ″дайд дэлхийг бүрхсэн дайван хар хэц″ хэмээх дурдлагатай бөөгийн тал хэнгэрэг

[15] Тойвуур Буриад  бөөгийн хэцээ дэлддэг хусан модон дохиур

[16] Бардаг Буриад бөөгийн барьдаг ″Гурван голын сухай, гутаар загасны арьсан ширвүүлэгтэй сухай модон бардаг″ хэмээх дурдлагатай онго урьдаг ташуур

[17] Орво Дархад бөөгийн дүнгэр хэнгэргээ дэлгэж, төөрөг хаяж үздэг, онго урьдаг тоног хэрэгсэл.

[18] Урам  Гөрөөс, араатан тэргүүтэн  шүтээнийг урин залдаг зориулалттай хөндий цуур хөгжмийн зэмсэг.

[19] Холбого Бөөгийн хувцас тоног тэргүүтэнд хадсан хэлгүй хонхон хэлбэртэй гонзгой хомигор төмөр зүүсгэлүүд

[20] Сорви(hорби) ″Өдөрчийн газраас өл хоолгүй хөлөглөдөг үүлэн хоёр хөхий″ хэмээх дурдлагатай буриад бөөгийн морин толгойтой төмөр таяг.

[21] Минаа сухай модыг сураар сүлжиж ороогоод, хэл, товорцог, залам, ширвүүл, бариул, сагалдрага гаргасан сүлжмэл суран ташуур.

[22] Жашуур Хорчин бөөгийн хэнгэрэгийн цохиур.

[23] Хугалган Дотоод амьсгалын хүчээр хоолойн орны хийн хүрдийг эргүүлэн хоолойн цуурайлуураар гарах ая эгшиг, хөг

[24]Аялган Дотоод амьсгалын хүчийг задлан аман хөндийн орны хийн хүрдийг эргүүлэн амны хөндийн цуурайлуураар гарах ая эгшиг, хөг

[25] Дүнгэрийн амилал
Огторгуйн саарал сар шиг
Онгон буурал унаа болоорой
Унасан эзнээ баясгах
Омголон хүлэг болоорой
Сансарын орон туулахад
Сааталгүй юлган яваарай…
Эзэндээ ээлтэй яваарай
Есөн цуураа нэмж
Ерөөлтэй цариун гэгдээрэй
Ертөнцийн жаргалийг эдлүүлж
Эзнээ урт наслуулаарай.(15.162)

[26] Золигийн амилал
Үзэм улаан уруултай
Танан цагаан шүдтэй
Навчин хоёр чихтэй
Үхээр сүнс мөр тушаана.
Үзэх тутам бахармаар
Үзэлтэй ч хүн манай хүн
Амин золио зольё
Гүрэм тосыг тушаан өгье
Золиг ланчиг тушааж өгье
Гурван замын салбар дээр
Одоо танд хүргэв ээ.
Нэй хээ, нэй хээ, ай еэ хөө, хай-яа(31.624-629)

 [27] Онгодын нэхэл үг онгодын нэхэл хэмээх үг нь бас гуйгар үг гэдгээр байдгийг С. Дулам багш дуртган хэлсэн.

[28] Хавархсан тамлага
Мянган хүнд минаач болж
Махан хэлээрээ толмооч болж
Охины сайхныг бэдэрч
Өнгийн голыг эзэлж
Зуны дунд Ангарт мөс тогтоож
Азаргаар адуу хулгайлж тууж гарлайт.
Эрхүү хотод дуудагдаж
Автай оросын туршилганд орж
Далан чарга түлээ овоолуулж
Хавтгай чулуу улайсгуулж
Түүн дотор орж хатирч байхдаа
Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ
Автай оросыг гар дээрээ барьж
Ганзагандаа уяж байсан эрдэм тань тийм сэн билээ.(32.34-35).

[29] Дагтай Хус модны үйсийг хайш хайш 3см хэртэй гурвалжилж хайчлаад эвхэж хийсэн далан долоон ширхэг гурвалжин сац хэлбэртэй үйсэн бортого дотор нь цагаан тос хийж, дэрвэлэг хэмээх модонд утсаар хэлхэн уядаг өргөл хүндлэлийн тавиг.

[30]Дэрвэлэг Тэнгэр, сахиус, буумал эзэд, онгод, уг унгидаа тахил тайлга, хүндлэл тавиг өргөх зориулалт бүхий чимэг яндар зүүсэн хусан сүлд моднууд(ес, хорин долоо, жаран гурав, наян нэгэн дэрвэлэг)

[31] Биеийн даатгал
Гарах жилд минь гарзгүй
Орох жилд минь осолгүй
Он жилд мэнд сайн явахын минь төлөө
Тоонон дээр минь эргэж
Толио туяа татуулж
Тотго дээр минь эргэж
Зол заяа залгуулж
Зовлон үйлийг минь мулталж хайрла гэж
Заяа гуйж залбирнам
Ерөөл гуйж үгэлнэм.(1.285)
Халуун амины даатгал
Заяа гуйж залбирсан
Ерөөл гуйж мөргөсөн
Дөрвөн халуун амийг нь даатганам.
Хариас авсан эхнэрийнх нь
Ханчираас нь тасарсан
Хүнээс авсан гэргийнх нь
Хүйснээс нь цоорсон
Цул махыг нь цуулж гарсан
Эрүүл махыг нь эвдэж гарсан
Хавтгай махных нь тасархай
Хатан ясных нь сэлтэрхий
Бүтэн биеийнх нь хэлтэрхий
Бүлээн цусных нь үсэрхий
Баруун өвдгийг нь түшин суусан
Тэрний тэр хөвгүүн, тэрний тэр охины сүлд заяаг даатганам(28.3)
Хотол олны даатгал
Эзэн буурал толгой Бурхан баавай
Хамниган, буриад албатыг өргөж тэтгэж харалцаж байгаач.
Үгүйтэй байхад нь баян хишиг заяа
Өнчин байхад нь өнөр сүлд заяа!
Хөвгүүнгүй хүнд хөвгүүн заяагаач
Охингүй хүнд охин заяагаач!
Аян газарт явахад олз заяалдаач
Ав газарт явахад улай заяалдаач
Явах дайдад нь жаргалан тавьж яв.
Зорих газарт нь зол тавьж яв!
Орос газар явахад орхилгүй явалц.
Мангад газар явахад марталгүй хар!
Удаан холын жаргал гуйж мөргөнөм
Урт холын насан гуйж мөргөнөм.(32.167)

3/05/2012

Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо, бүтэц, онцлог...

Олхонуд овогтой Сэндэнжавын Дулам

    1950 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. МУИС-ийн Монгол Хэл, Соёлын Сургуулийн Уран зохиолын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор. Монгол хэлбичиг, аман зохиол судлал, Төв Азийн шашин, соёлын талаар голчилж судалдаг.
    Тэрбээр “Монгол соёлын чуулган” 8 боть, “Дэлхийн бөө мөргөл” англи хэлээр гарсан 2 боть энциклопедийн нэг зохиогч (Santa Barbara, Denver, Oxford, 2004), “Монгол домгийн бичвэр” (Я.Вацекийн хамт, Прага, 1983, Улан-Батор, 2008),  “Монгол домог зүйн дүр” (Улаанбаатар 1989, 2009, Хөх хот, Сөүл, 2007), “Монгол бэлгэдэл зүй” 4 боть (Улаанбаатар1999-2002, 2007, Хөх хот, 2001, 2009), “Монгол аман зохиолын онол” (Улаанбаатар, 2007, Хөх хот,  2009) зэрэг номуудыг бичиж туурвижээ.
    2011 оны 5-р сарын 12-ны байдлаар  зохиогчоос 45 ном хэвлүүлсний 11  нь гадаадад, 107  эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсний 28 нь гадаадад, 123 эрдэм шинжилгээний илтгэл тавьсны  42 нь гадаадад тавьсан байна.
    2005 онд академич Б.Ринчений нэрэмжит шагнал, Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” цол хүртсэн. Орос, англи, франц, төвд хэлтэй.

                              Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо, бүтэц, онцлог
Монгол аман зохиолын олон төрөл зүйл - эртний домог, түүх домог, хууч домог, туульс, үлгэр, дом шившлэг, бэлгэ дэмбэрлийн үг, ерөөл, магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав, ардын дуу, зүйр цэцэн үгс, монгол бөө мөргөл, тэнгэр шүтлэг, тайлга тахилгын ёсон, эртний болон дундад үеийн түүх, хууль цааз, түүхэн уран зохиолын сурвалжуудаас шүүрдэн авсан жишээ түүвэр дээр үндэслэн задлан шинжилсний үр дүнд монгол  бэлгэдэл зүйн тогтолцоог тооны, өнгийн, зүг чигийн, дүрс хэлбэрийн, дохио зангааны, зүүд зөн совингийн, цагийн гэсэн долоон үндсэн ай сав болгон үзсэн бөгөөд сэдэв зүйн талаас нь ургамал амьтны, эд өлгийн бэлгэдлийг нэмбэл есөн томоохон хүрээ болно. Бэлгэдэл бол хэлний дохио тэмдгээс цааш нь хоёр дахь “мета-хэл” бүтээдгээрээ зөвхөн оюунт хүмүүнд заяасан  эрдэм чадал болно. Үр тарианы нэгэн зүйлийг “арвай” хэмээн нэрлэж буй нь анхдагч дохио мөн бол түүнээс ургуулан дөрвөн арвайгаар мал сүрэг, эд баялаг өсч үржихийг бэлгэдэж, байгаа нь дохионы дохио буюу бэлгэдэл болж, дараагийн хэлийг бүтээж байгаа хэрэг мөн.  Бид компьютер гараагүй, хэрэглээ нь нэвтрээгүй байх цагт судалгаагаа эхэлсэн болохоор хэрэгтэй жишээнүүдийг картлах аргаар судалгаагаа хийсэн бөгөөд чингээд картаа ангилахад дээрх долоон ай сав тодорч ирсэн билээ. Мөн цаашлаад нэгэн ай савын дотор ч нарийн ангилал гарч ирсээр байсан юм.


Тооны бэлгэдэл зүй

    Дээрх картуудыг ангилахдаа давтамжийн зарчмыг баримталж, соёлын олон янзын төрөл, утга зохиол, аман зохиолын бүтээлүүдэд  нэгэн ижил төстэй утга илэрхийлж,  орон зай, цаг хугацааны хувьд хэдүй алсалсан ч гэсэн аль ч монгол угсаатны соёлд олон давтагдаж буй жишээнүүдийг тодорхой зүй тогтол илэрхийлж байна хэмээн үзэж, бэлгэдлийн ай савууд болон тэдгээрийн доторхи ангиллуудыг хийсэн юм. Ингэж үзэхэд хамгийн их давтамжтай элбэг баян жишээнүүд юуны өмнө тооны бэлгэдэлд илэрч байлаа.
    Тооны бэлгэдлийн зүй тогтлыг доорхи зураг дүрс дээр буй цогцолбор болгон төсөөлж болно. Эн тэргүүнээ, нэгийн тоогоор суурилсан “эр тоо”, “арга тоо” буюу  сондгой тооны босоо тэнхлэг, хоёрын тоогоор суурилсан “эм тоо”, “билиг тоо” буюу  тэгш тооны хэвтээ тэнхлэг хоёр болгон авч үзэхэд эдгээр нь тус бүрдээ өөр өөр бэлгэдэл илэрхийлж байсан юм.  Өөрөөр хэлбэл, тэгш тоо нь манай ертөнц, нарт ертөнцийн юм үзэгдлийг голдуу тэмдэглэдэг байхад сондгой тоо нь хүмүүн бус ертөнц, нөгөө ертөнцийг тэмдэглэдэг болох нь ажиглагдсан юм. Чингэхдээ эл хоёр тэнхлэгийн төв бэлчирт нь анхны тэгш тоо (хоёр), анхны сондгой тоо (гурав) хоёрын нийлбэр - тавын тоо «цөм», «мөхлөг» мэт оршиж буйг анзаарах ёстой. «Тавын тоо» нь ертөнцийн дотоод бүтэц, эрчим хүч болдогийн утга учир нь ч эндээс тов тодорхой харагдаж  буй юм.
    Тэгш тооны хэвтээ тэнхлэгийг данд нь аваад ярьвал, оршихуйн үүсгэл, хос хослолын утга, арга билгийн бэлгэ чанар болсон хоёрын тооноос эхлэн ертөнцийн дөрвөн зүг, найман хязгаар хэмээх орон зайн тэгш хэм хэмнэлийн утгууд нь зургаа, арван хоёр хэмээх цаг хугацааны зангидмал тэмдэглэхүүнтэйгээ тоо зүйн  утгалаас болон жагсаж буй. Энэ нь бүхэлдээ бидний үрийн үрд, ургийн урагтаа аж төрөн бүхүй манай нарт ертөнц бөгөөд нүднээ ил орших. улиран хувьсах эд бодосын ертөнц бүлгээ. Онцлон хэлэхэд зургаагийн тоо нь бусад тооны адил давтамж төгөлдөр бэлгэдэл утгыг илтгэхгүй байдаг нь монголчууд зургааг (jir-γu-γa) анхнаасаа хоёр гурав юмуу гурван хоёр хэмээн үзэж байсантай нь холбоотой.
    Сондгой тооны босоо тэнхлэгийг аваад үзвэл тоо тооллын эх болсон нэгийн тоогоор суурилсан атлаа гурвын тоогоор орой болгох юм гэвэл, энэ нь монгол домог зүйн ертөнцийн гурван орныг бүтээхийн сацуугаар босоо тэнхлэгийн дээд хэсэгт (дээд мандалд) Арван гурван атаа тэнгэр, гучин гурван заргач тэнгэр, есөн их тэнгэр юмуу юмуу ерэн есөн дээд тэнгэр гэсэн бүхүй л тэнгэрийн утгыг бүтээдэг амой. Харин босоо тэнхлэгийн доорд хэсэгт долоо (гурав дөрвийн нийлбэр), далан долоогоор газар доорх ертөнц, эрлэг тамын орон, доод тивийг төсөөлж буй. Энд мөн хорин нэг, дөчин ес гэсэн үхлийн дараахь мөчлагүүдийг тэмдэглэсэн тоонууд жагсдаг. Нэгэн сонирхолтой зүйл бол арван нэгийн тоо нь  далд бэлгэдэл болж газар, газар доорхи ертөнц, тэнгэрийн далд эздийн бэлгэдэлт тоонуудыг (33, 44, 55, 77, 88, 99 г.м.) бүтээж байдаг. 
    Хоёр тэнхлэгийн утгыг төв-мөхлөгт буй таваар үржүүлбээс аравтын тоонууд (арав, зуу, мянга, түм...) хөврөн гарч энэ мөхлөгөө тойрон эргэлдэх бөгөөд энэ нь хязгаарт атлаа хязгааргүйн утгыг илэрхийлнэ. Басхүү ертөнцийн дотоод эмхлэгч хүчин (анти-энтропи) болж үзэгдэнэ. Манай өвөг дээдэс ертөнцийн энэхүү эмхлэгч хүчин болсон  аравтын тогтолцооны ачаар ертөнцийг эзэрхийлэн тохинуулсан гэдэг нь цавхийтэл сэтгэгдэнэ. Тэнхлэгийг дагалдсан тасархай зураасуудаар хавтгай дээр үзүүлж болохгүй байгаа зүг чигийн баримжааг (хойт, өмнө г.м.)  болон орчих хөдлөх боломжийг нь дүрслэхийг хичээсэн болой. Ер нь монгол хэлний «Оrčilang» хэмээх үг бол «hоrči-» (orči-) буюу «эргэх хөдлөх» гэсэн язгуураас үүссэн бөгөөд «цаг үргэлжид орчин оршигч» гэсэн шиг утгатай. Эл орчих хөдөлгөөний хувьсал өөрчлөлт нь босоо хэвтээ тэнхлэгийн аль алинд нь хамаатай болохыг үзүүлэхийг хичээлээ. Нэгэн үгээр хэлбэл, бидний дүрслэн үзүүлж буй тооны бэлгэдлийн цогцолбор нь нэг ёсондоо энэ орчлонт ертөнцийн загвар, уг үлгэр (архетип) нь юм. Соёл хүн судлалын онол ёсоор бол энэ нь нүүдэл иргэншил болон монгол хүмүүний “нууц мөн чанар” нь бөгөөд өөрсдөө ухамсарласан эсэхээс үл шалтгаалан түүний «гадаад дүр», «дотоод дүрд» нь илэрч байдаг.
    Энэхүү ертөнцийн загвар, «нууц мөн чанар» болсон уг үлгэрийг монголчууд Алтай, Хангай, Өлийн давааны орой дээрх арван гурван овооны  хэлбэр дүрсээр илэрхийлж тэмдэглэдэг. Нэгэн цэгээс дөрвөн зүгт сацарсан дүрс элбэг байхаас гадна, говийн халхчууд, өвөрлөгчдийн дунд нэг төвөөс хоёр тийш сацарсан, өөрөөр хэлбэл, хавтгай загварт ертөнц буюу хэвтээ тэнхлэгийн дүрстэй адилаар  дүрсэлж байгуулсан байх нь элбэг.  Иймд монгол тооны бэлгэдэл зүйн тогтолцооны цогцолборт дүр дүрсийг  их их уулсын оргил, давааны оройд чулуун тамгаар тамгалан мөнхжүүлсэн байдаг хийгээд түүнийг эргэх мөргөх ёслол нь орчлон ертөнцөд оршихуйн болон аж төрөхүйн утга учраа бэлгэдлийн  цогцолбороор бататган лавшруулж байгаа  аугаа санаа билээ.

Өнгийн бэлгэдэл зүй


    Байгаль, нийгэм, хүмүүний оюун санааны ертөнцөд өнгөөр тэмдэглэн дохиолж үл болох юм үзэгдэл гэж бараг үгүй бөгөөд өнгийн  бэлгэдэл зүй бол монгол язгуур соёлын дутагдаж болшгүй нэгэн эрхэмлиг мөн. Өнгөөр ертөнцийг бүтээн бүрдүүлэгч таван махбод (гал - улаан, төмөр - цагаан, ус - хар, мод -хөх, шороо - шар), таван зүгийг (өмнө - улаан, баруун - цагаан, хойт - хар, зүүн - хөх, төв - шар) тэмдэглэн бичил болон үлэмж еротөнцийн бэлгэдэл үүсгэхээс эхлээд сайн (цагаан-гэгээн), муу (хар-бараан), сайхан (гэгээн цагаан), муухай (бараан, хар) гэхчлэн ёс зүйн үнэлэмж, гоо сайхны таашаал тааламжийг ч гэсэн тэмдэглэж болдог. Таван өнгө, таван зүг, таван махбодын энэхүү цогцолбор эртний хүннүчүүдийн цэргийн жагсаалаас эхлээд монгол угсаатны бөө мөргөл, тайлга тахилгын соёл, тоглоом наадгай, идээ ундааны соёл зэрэг бүхий л салбарт түгэн дэлгэрсэн байдаг. 
    Урлаг, урлалын зүйлд цагаан гэдэг бол бүх өнгийн цогцлол, хар гэдэг бол бусад өнгийн дутмагшил болохоос бус жинхэнэ өнгө бус гэж үздэг байхад монгол өнгийн  бэлгэдэл зүйд хар, цагаан хоёр нь бэлгэдлийн утга үүсгэж, эцэг эх хоёр өнгө хэмээн үздэгээрээ ялгаатай.
    Өнгийн  бэлгэдлээр монгол домог зүйн гурван мандал хөх тэнгэр, хар (бор) газар, мөн таван өнгөт улс-хүмүүний ертөнцийг тэмдэглэж болохоос гадна, баруун (55 цагаан), зүүн (44 хар), төв дунд орших (цэгээн цэвдэг) тэнгэр нэрийг нэрлэн заах чимэг тодотгол болгож болно.
Өнгөөр ертөнц дэхиний олон зүйл угсаатан, замбативийн есөн өнгөт улс, цагаан Энэтхэг, ногоон Охин улс, хар Төвд, улаан Хятад, цагаан Гуулин улс, ухаа Васа улс, хүрэн Нохой улс, ганц хөлт Эрээн улс,  хөх Монгол улс гэхчлэн ялгахаас гадна нэгэн угсаатныг дотор нь шашин суртахуун, соёл иргэншлийн байдлаар нь Цагаан Монгол (Энэтхэг соёлын нөлөөтэй), Шар Монгол (наран шүтлэгтэй), Улаан Монгол (нанхиадын соёлын нөлөөт), Хар Монгол (бөө мөргөлт) гэхчлэн, эсвэл овог ясыг дотор нь өнгө ялган тэмдэглэдэг байна. Нийгмийн язгуур давхаргын ялгааг ч өнгөөр нь хан цагаан яст, харц хар яст гэхчлэн ялгаж болох бөгөөд шашин суртахууныг ч улааны (аг тарнийн), шарын (ламын), харын (бөөгийн), цагааны (загалмайтны), хөхийн (хятад хуушаны) гэхчлэн ялган нэрлэж болдог.
    Нэгэн суртахууны дотоодод ч гэсэн шүтдэг шүтээнээр нь цагаанаар бөөгийн онгодын сэтгэлийг, хөхөөр тэнгэрийг, ногооноор лусыг, улаанаар гал, нарыг, хараар савдаг шивдэгийг гэхчлэн дохиолон тэмдэглэдэг уламжлал буй. Түүнчлэн аливаа хийсвэр ойлголтыг ч өнгөөр илэрхийлэн хий санааны ухагдахуун бүрэлдэн төлөвшсөн байна.
    Монгол өнгийн бэлгэдэл зүйд гэгээн цагаан (гилээн) өнгө нь «нарны туяа - өдрийн гэгээ - гэрэл» гэсэн үүтгэлээс, бараан (хар) өнгө нь «сарны туяа- шөнийн харанхуй- сүүдэр» гэсэн үүтгэлээс эх сурвалжтай байгалийн шүтлэг, байгалийн гүн ухаан, ёс зүйн анхдагч үзэл төсөөллүүд байдаг.
    Монгол утга соёл аман зохиол, утга зохиолд малын зүс зүсэм нь бэлгэдэл зүйн өвөрмөц тогтолцоог үүсгэдэг бөгөөд өнгийн  бэлгэдэл зүйн дээрх анхдагч төсөөлөлтэйгөө үндэс язгуурын холбоотой гэж үзэж болно. Үүнд: мал, амьтны зүсмийн бэлгэдэл нь эн тэргүүнээ нийгмийн доторх язгуур давхаргын илэрхийлэл болдог. Тухайлбал, алтан (цагаан) яст хан ноёдын сурвалж бүхий хүний  хүлэглэдэг хүлэг нь алтан шарга(л), аранзал зээрд, халиун, хонгор, хул зэрэг гэгээн зүсмийн морьд байх юм.   Төрийн харуул хайчийн хүнд албанд зүтгэгсдийн буюу хар яст харц хүний унах хүлэг морь нь тас тэмдэггүй хар морь байдаг. «Цух (тас) хар морин Төрийн албаны хүлэг» гэхчлэн дуулдаг. Гэтэл нийгмийн доод давхаргын үгээгүү ядуу хүний морины зүсэм нь алаг зүс болохыг «Хал минь халаг, морь минь алаг» гэсэн зовлонт үглэл гэрчилж байна.
    Мал амьтны зүсэм нь ямар ажил, үйлд зорьж байгаа болон үйлс бүтэмжийн учир утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, бор зүсэм бол айраг, найр, хуримд унах морины зүсэм байх нь олонтаа. Иймд хуримлагч хоёр хосод хос борь мор бэлэглэдэг, унуулдаг ёсон буй. Гэтэл хүрэн зүсмийн морьд газрын холыг туулах шандас төгөлдөр, замын гай барцадыг хаах, сайн ёр бэлгэдэлтэй хүлгүүд гэж үздэг. Халтар, загал зүсмийн морьдыг хээрийн зэрлэг ан гөрөөсний зүс дагуу болохынх нь хувьд ан гөрөө, ав шувуунд голчлон хэрэглэдэг сонин ёс байсан байна. Ерийн үед унах морьдын зүсэм нь хээр, саарал голдуу байдаг. Бас малчин айлын хоточ нохдын зүсэм голдуу «далдыг үзэгч бэрхийг сахигч» дөрвөн нүдтэй халтар голдуу юмуу зүрх цагаан хар байдаг нь ч хээрийн амьтны зүсмээс ялгаруулахын санаа буйзаа. Мал амьтны зүсэм нь өсөх үржих, олшрохуйн бэлгэдлийг онцгой харгалзсан байдаг бөгөөд «хонь харлаж барагдана, үхэр цайж барагдана, адуу цоохортож барагдана» гэдэг мэргэн үгийн утгыг санацгаая! Мөн эцэг мал тавих малын зүсэм ерийн дурын нэгэн сонголт байдаггүй. Мөн түүнчлэн адууны хээр зүсэм, тэмээний хүрэн улаан зүсэм, ямааны хөх, цоохор зүсэм бол өсөх үржихүйн бэлгэдэлт зүсэм болно. Морь малын зүсэм нь угсаатны бүлэг, овог аймгийн ялгац тэмдэг юмуу хорио цээр (табу) байж болдог. Жишээ нь, жидийн сартуул буриадуудыг «шунхан улаан эмгэн тохдоггүй, цусан зээрд морь унадаггүй сартуул» хэмээн морийг хориотой зүсмээр нь цоллодог. Мал амьтны зүсэм бол тайх тахих зан үйлийн дутагдаж болшгүй танивар дохио, түлхүүр тэмдэг мөн бөгөөд ямар онгод, тэнгэрийг ямар зүсмийн малаар тайх тахих, онголж сэтэрлэх нь онцгой чухал учир холбогдолтой. Үүнд: Хорь буриадын бөөгийн тэнгэр тахилгын ёсыг аваад үзье.

Хорь буриад бөөгийн уламжлал дахь тайлга бүхий есөн тэнгэр нэр



Зүг чигийн бэлгэдэл зүй


    Хойно хавсаргасан Ази дахины өнгө, зүг чиг, тоо, цаг, амьтны болон махбодын (зургаан) бэлгэдлийн цогцолбор-чуулбараас ажиглан үзэхэд гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь дөрвөн зүг, дөрвөн зовхис, найман өнгө, найман өнцөг гэсэн хорин дөрвөн хуваариас бүтэж байна. Чанх умар хулгана зүгт айл гэрийн хоймрын авдар байх бөгөөд энэ авдар дотор тэр айлын хамаг үнэт эд эрдэнэсийн зүйлс байдаг нь “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана” зүг (1) учраас тэр. Хулгана (үхэр огдой) бол үүрэндээ элдэв зүйл хураан цуглуулах талаараа онцгой авьяаст амьтан тул түүгээр бас эд баялаг хурж хуримтлахыг бэлгэдэж байна. Монголын малчид нүүдэлчид орог зусаг (орог) , шар чөчүүл , хадны сээтэн , боргийн бор  зэрэг оготнын зүйлээс гадна хад чулууны хонгилд байдаг тэднээс биеэр торниун, том дугариг чихтэй, оготор сүүлтэй үхэр огдой буюу үхэр хулганыг онцгой бэлгэшээн үздэг бөгөөд хашаа хороонд үүрлэж, гэрт орж ирвэл, “үхэр олон болно”, эд баялаг арвидна гэж бэлгэшээн хэлдэг нь тэр хулгана нүхнийхээ амсарт өвс чулуунаас эхлээд элдэв зүйлийг хураадаг араншинтай нь холбоотой мэт. Бас хулгана зүгийн хоёр талд хар (24), харагчин (2) хоёр өнцөг тохиолдох учраас энэ авдрын дээр нь онгод тэнгэр, бурхан шүтээн, тэр дундаа эрт цагт хар зүгийн шүтээн Төрийн сүлд Дайчин хар тэнгэрээ (одоо цагт Бурхан бодхисадваагийн хөрөг, эцэг эхийн зураг) байршуулан тахидаг учраас гэрийнхнээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах зүгээр бодож үзвэл умар зүг нь өмнө өгүүлсэн ёсоор Эрлэг эзний орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг энэ бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Нэн ялангуяа, тэнгэрийн дуутай, аянга цахилгаантай үед үүд хаалга голлох нь аянганд ниргүүлэх осол омтгой хэрэг гэж үздэг. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэлгэх учир утгатай байдаг. Чингэхдээ эл хоёр арслан нь өөд өөдөөсөө харсан биш, хоёр тийшээ харсан байж гэмээнэ гэрийн баруун зүүн хоёр талыг тус бүрчлэн хамгаална. Харин өөд өөдөөс нь харуулан байрлуулбал, тэр айлд хэрүүл цуугиан, араа соёоны арсалдаан үл тасармуй.
    Хулгана зүгийн арын харагчин өнцгөөс арай зүүшлэн үхэр өнцөгт (3) тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын дээр хоёр авдрын ширгүүрүү архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад хатан (хар) бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр өнцгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг. Чанх зүүн хойт зүг зовхис зогсолт (4) болон барс (5) өнцөгт гэрийн эзний суудал байх бөгөөд хуучин цагт бол эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг асан. Барс бол араатны ван, ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй ажээ. Гэрийн гаднах зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг. Түүний доод талд  зүүн хөх (6) модон туулай (7) зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг бөгөөд гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандаж байдаг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан  учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Тэгээд ч яг энэ хэсэгт гэрийн эзэн эзэгтэй хоёр буюу аав ээж хоёрын унтдаг ор дэр байрладаг билээ. Барсын хүч туулайн үржил шим энд бүтэж бүрэлдэнэ гэсэн үг. Түүний доод талд хөхөгчин (8) модон өнцөгт  хөлийн авдар байрлах бөгөөд энд гэрийн эзэгтэй эм хүний инжинд ирсэн эдлэл хэрэглэл голдуухан байдаг. Түүнийг хэн ч уудалж үл болох хорио цээртэй бөгөөд хүнээс нууж нууцлах зүйлээ энд л хадгалдаг зэрэг нь эм хүний хамаг нууцсыг хаацайлан хамгаалж буй хэрэг.
    Хөлийн авдарнаас дорогш  зүүн урд луу (9) өнцөгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг (эргүүл) байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулдаг, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ хоёр шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд зүг нь оролгын зүг зовхис (10) учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэж байна гэсэн үг. XIII зууны үед Монгол газраар аялсан Гийом Рубрукийн тэмдэглэлд бичснээр “үүдний дэргэд, эмэгтэйн суудлын хажууд өөр нэгэн онгодын хамт үнээний дэлэнг тахиж буй” гэсэн нь зүг чигийн хувьд мөнхүү тохирч байна. Эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрладаг нь мөн зүүн урд могой (11) өнцөгт байрлаж байна. Могой бол газар лусын амьтан мөн учир гэрийн энэ хэсэгт газар, ус хоёр байх номтой. Энэ бол идээн буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Хуучин цагт гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч, хадаг яндар болсон уяа байрладаг байсан тухай бид өмнө өгүүлсэн билээ. Мөн энэ зүгт гэрийн гадна талд нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг. Дараа нь урд зүг бол гал улаан (12) зүг бөгөөд чанх урд морин (13) зүг рүү монгол гэрийн үүд харж байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө өгүүлсэн ёсоор өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Чанх урд зүгийн ар өнцгийг улаагчин өнгөт өнцөг (14) гэх бөгөөд өмнөхтэй нэгэн адил утга бэлгэдэлтэй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морин зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог, морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.
    Үүд хаалганаас баруушлан баруун урд хонин (15) өнцөг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын хахир хатуу цагт гэрийн энэ  хэсэгт хурга ишиг, муу малаа уяж хөгнөдөг байсантай уялдана. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэрэг байршина. Өнгийн хувьд энэ нь улаан өнгөт учир идээний зүйлээс хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээсэн байдаг нь улаан идээ гэдэгтэйгээ басхүү нийлэмжтэй байна. Чанх баруун урд зүг бол “эевэргүү” (16) зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр энэ бол монгол домог зүйн Баян цагаан тэнгэр, малын сахиус Заягач тэнгэр, эд баялагийн эзэн Бисман тэнгэрийн орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулна гэсэн үг. Эсвэл бүддийн домог зүйгээс өмнөх үеийн нийт Төв Азийн домог зүйн сан хөмрөгөөс үүсэл гаралтай баатар, хамаг газар усыг эзлэгч, хүн болон мал сүргийг өсгөн үржүүлэгч, үхүүлэн хорогдуулагч дээд эзэн, насан хутгийг эрхшээгч Цаст уулын даяанч Цагаан өвгөн шүтээн баруун урд зүгт оршдог гэсэн монгол, түрэг олон угсаатны нийтийн шүтлэг мөргөл буй. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана. Чанх баруун урд зүгийн ар өнцөг буюу бэчин (17) өнцөгөөс эхлэн хүний суудал, тэр дундаа эрэгтэй хүмүүсийн суудал эхэлнэ. Бэчин бол нэгэн зүйлийн хүний төрөлтөн учраас ийн тэмдэглэх нь зүйн хэрэг. Бэчин өнцгөөс дээшлээд баруун этгээдийн цагаан өнгөт өнцөг (18), чанх баруун тахиа (19) зүг, түүний ар өнцөг цагаагчин (20) өнгөт  өнцөгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатах ёстой газар буй. Мөн энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Бас эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг. Цагаагчин өнгөт өнцгөөс дээшлэнгүүт нохой (21) өнцөгт тохиолдох бөгөөд гэр малаа харан сахигч хоточ нохойн уяа энэ зүгт буй. Нохой эдийн буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян эндээс эхэлдэг гэж үздэг нь идээн буяны эхлэл луу өнцөгтэй харалдаа тохиолдож байна. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас мөнх (22) хэмээх ажээ. Түүний ар өнцгийг гахай (23) гэдэг нь айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах  авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай өнцөгт эдийн буяны төгсгөл байдаг нь зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой өнцөгтэй харилцан харгалзана.
    Энэ бүхнээс дүгнэн үзвэл, монгол гэр болон тэнд төвхнөж буй хүмүүний аж төрөл гэдэг бол үлэмж ертөнцийн дундах бичил ертөнц мөн бөгөөд үлэмж ертөнцөөс элчлэн ирэх элдэв сайн муу зүгийн хүчнийг эерэг сөрөг олон хүчин үүтгэлээр зохистой хариулж, зохирол дуурьсал төгөлдөр оршдог оршихуй юм байна. Энэхүү зохирол дуурьсал нь аль нэгэн зүг, зовхис, өнцөг газраа хэлтийвээс тэнд зохисгүй явдал, өвчин зовлон, хэрүүл зодоон, маргаан тэмцээн, улмаар үхэл мөхөл нүүрлэж байдаг юм санжээ. Энэ бүхнийг дүрсийн бэлгэдлээр илэрхийлбэл өлзий хээ болж, өнгө, тоо, цаг хугацаа, орон зай, зүг зовхисыг хамтатгасан бэлгэдлийн цогцолбор чуулбар болно.




Дүрсийн бэлгэдэл зүй


    Бүтэх аргын хувьд бүх дүрс нэг л “нүднээс” (цэгээс) үүссэн бөгөөд түүний дундахь «цэцгийнээс» (онгин тамга) юмуу “нүдийг” (цэгийг) олшруулан завсартай, завсаргүй зэрэгцүүлснээс “гоо зураас” (шулуун шугам), “матигар зураас” (нуман шугам) тэргүүтэн үүсдэг байна. Чухам энэхүү гагц “нүднээс” л дүрсийн бэлгэдэл утга нь эхэлж байна. Монголчуудын дүрсийн бэлгэдлийн арвин их сан хөмрөг бол малын им, тамга мөн бөгөөд эрт дээр цагт овог аймгийн бэлгэ тэмдэг, өмч хөрөнгийн таних тэмдэг болж, олон шинэ овог үүсч салбарлахын хэрээр улам нэмэр сэмэртэй болж даамжран хөгжсөн байна. Энэ нь бас эртний хүн[нү] болон рун (эсгэмэл) үсгийн эх загвар болж дүрсэлгээ, утга нь давхцах тохиолдол ч байна. Мөн монгол угсаатны дундаас олдсон хадны сүг зураг, амьтны загварт урлаг, хээ угалз тэргүүтэн нь ертөнц хийгээд аж амьдралын баялаг олон талыг харуулсан бэлгэдлийн ертөнц болж, дүрслэх урлаг, оюун санааны амьдралд гүнээ нэвтэрсэн байна.
    Тойрог, дөрвөлжин, гурвалжин дүрсний үй олон хувилбар нь тус бүрдээ ахуйн хэрэглээний болон ертөнцийн бодот болон бодот бус үзэгдлийг тэмдэглэх, бэлгэдэх хязгааргүй боломжийг бүрдүүлж өгдөг байна. Ганцхан баримт жишээ дурдахад л үзүүр нь дорогш хандсан гурвалжин дүрс буюу “чойнжүн”, “дормон” тамга нь үлгэр домогт гардаг «жаран алд жандмана там»-аас эхлээд зан үйлд хэрэглэдэг наян нэгэн алхмын цаадах «гурвалжин хар нүх», бөө мөргөлийн «хар тэнгэрийн язгуур», эсвэл хортон дайснаа эцэлгэн дарагч «сум» гэхчлэн олон утга бэлгэдэлтэй байна. Ийм учраас нэг дүрс ч гэсэн утга соёлын салбар болгоноор хэд хэдэн давхар утга, бэлгэдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй.
    Бас баруун монголчуудын дунд тамганы дүрс бол хошууны нутаг дэвсгэрийн дүрсийг дуурайлгасан тэмдэг гэж үздэг өөр нэгэн ёс байсаар байна. Тухайлбал, хөндлөн жинстэй олом тамгыг  баядын нутаг дөрвөлжин дүрстэй бөгөөд Хангай, Говь болж хоёр хуваагддагийг дүрсэлсэн, харин хажуугаас гарсан жижиг бөөрөнхий нь Тэсийн наад талаар нутагладаг Арынхны нутгийг дүрсэлсэн юм хэмээн баяд ястан одоогийн нутагтаа нүүж суурьшсан түүхтэй холбон тайлбарладаг байна. Чингэхдээ олом тамганы  ааг  болгон бэлгэдэл утгатай байдгийг голоор дээш гарсан аагийг толгой буюу “толгой харвал” гэх бөгөөд тамганы босоо чиг гэсэн үг. Хажуугаас гарсан ааг нь урдах чиг бөгөөд малын буруу гуян дээр голдуу дарах боловч зөв гуян дээр дарах болбол заавал урд аагийг нь малынхаа толгой руу харуулж дарна. Хойш нь харуулбал (хоор халиалгавал) малын хушуу хойш эргэж, малын буян барагдаад сүр сүнс нь зайлж буурна гэж үздэг. Аагийг заавал өмнө тийш харуулдаг (өмээр халиалгадаг) нь малынхаа сүр сүлдийг хадгалж байна гэсэн үг. Энэ бол тамганы жижиг дүрс болгон утга учиртай бэлгэдэлтэй байдгийг харуулж байна.
    Хээ угалзын бэлгэдэл бол үндсэн дүрсүүдээс үүссэн болон сансар, байгаль, аж амьдрал дахь дүрсүүдийн уран сайхан хураамж мөн бөгөөд анхан цагтаа утга бэлгэдэл нь голлох үүрэгтэй байсан боловч яваандаа аж хавсарга шинжтэй болсон байна. Хээ угалзын бэлгэдэл бол уг чимэглэж буй зүйлийнхээ гоо сайхны илэрхийлэл төдий бус орон цагийн болон бусад хийсвэр утгыг илэрхийлэх дохио тэмдэг (түмэн насан хээ, өлзий хээ, алхан хээ г.м.) мөн. Энэ нь зарим тохиолдолд орчлон ертөнцийн аливаа бодот болон хий биетэн хийсгэлэн дүртнийг урин дуудах (бөөгийн өмсгөлийн могойн багсармал), аюулган зайлуулах (авдрын нүүрэн дэх хос арслан), эсвэл тэдний хүчин чадлыг шингээн бататгах (бөхийн далбаан дээрх барсын дүрс) утгатай байдаг.
    Ер нь монгол угсаатан өөрсдийн болон бусад соёл иргэншлийн ололтыг хураангуй дүрс тэмдэг болгон хойч үедээ уламжлуулдаг арга замтай болох нь судалгаанаас харагдлаа. Эртний малтмал нүхэн гэр болох “erűke” сууцны анхны загварыг босоо, шовх дөрвөлжин тамганы (ромбо)   дүрсээр уламжлуулах юмуу монгол цэргийн хүнс үтэр зуур бэлддэг нүүдлийн газар зуухыг давхар туухай тамганы (загалмай)   дүрсээр уламжлуулсан нь судалгаанаас харагдаж байна.

 Дохио зангааны бэлгэдэл зүй

    Дохио зангааны бэлгэдэл бол бие эрхтний болон бусад эд өлгийн оролцоотой ямар нэгэн утга санаа, сэтгэлийн хөдөлгөөн, аяг байдлыг илтгэхийг хэлнэ. Дохио зангаагаар тэнгэр онгод, ихэс дээдсийг хүндлэн  дээдлэх, ёслох, гэмтэн зэмтнийг гэсгээн шийтгэх, хүн амьтныг хайрлах, элбэрэн энхрийлэх, эсвэл өдөөн хоргоох, хүчин чадал, сүр жавхланг доройтуулах, бие сэтгэлийн цэнгэлд урин дуудах, мал амьтны хэлийг дохиолох, хүмүүний сэтгэл бодлыг илэрхийлэх, ид шидийг бүтээх («үхснийг амилуулах» г.м.) эд баялгийг даллах, урин хилин, хорсол занал илтгэх гэхчлэн олон зүйлийн утга бэлгэдэлтэй.
    Дохио зангааны бэлгэдлийн утга, мөн чанарыг аливаа ёс заншил, зан үйлийн үед бүрэн төгс олж ажиглаж болох бөгөөд энэ нь бэлгэдлийн цогцолбор чуулбарын шинжтэй байдаг. Тухайлбал, бөөгийн зан үйлээс үүнийг тодорхой мэдэж болно. Дохио зангаа гэдэг бол ажил үйл, аж хэрэглээний утгаасаа гадна ёслол хүндлэл, бэлгэдлийн утгыг дангаар нь буюу давхар тээж явдаг билээ. Хамгийн энгийн зүйлээс ч дохио зангааны бэлгэдэл үүсч эхэлж болдог. Тухайлбал, аливаа сав суулгыг «гарган тавих» (сэнжийг хоймор өөд амсрыг үүд рүү харуулан тавих), «оруулан тавих» (сэнжийг үүд рүү, амсрыг хоймор өөд харуулах) хоёр нь уул айлдаа гарз гаргах, олз оруулахын бэлгэ ёр болох жишээтэй. Иймд монголчуудын язгуур үзэл төсөөллөөр бол учир утгагүй дохио зангаа, намба намжир гэж огтоос байдаггүй бөгөөд гагцхүү утга учрыг үл мэдэх, үл ойшоох гэж л байдаг. Иймд дан бие эрхтний дохио зангаанаас гадна аливаа мал амьтан, эд өлгийн зүйлтэй харьцах харьцаанаас бүхэл бүтэн дохио зангааны цогцолбор үүсч болно. Монголчуудын хувьд малтай уялдсан монгол гэртэй холбогдсон үй олон дохио зангааны цогцолбор бий. Тухайлбал, жороолдог хонь бол “мянга түм, мянга түм” гэсэн хэмнэлээр жороолж, сүргээ өсгөж байдаг бол жороо ямаа бол “хувхай таяг хувхай таяг” гэсэн хэмнэлээр явдаг тул мал сүрэг барагддаг гэж хэлдэг нь үүний нэгэн тодорхой жишээ юм.  Мөн монгол гэртэй холбогдсон олон дохио зангаа, түүний бэлгэдэл бий. Урьдын цагт усны шувуу ирээгүй байхад гэрийн эсгий үүдийг гэр дээр тавьж, үүд сөхөхийг нэн цээрлэж, «тэнгэр задраана (зудраана)» хэмээн үздэг байсан үүний нэгэн жишээ болно.
    Монгол олон ястны бүжгийн хөдөлгөөн, дохио зангаа нь бас бэлгэдлийн цогцолбор чуулбарын шинжтэй. Монгол бүжгийн эх үүсэл бол дуу, хөгжим, дүрслэх чимэглэх урлаг, бүжиг хөдөлгөөний нийлэг байдлыг агуулсан эртний нийлэг зан үйл юм. Ер нь эртний энэхүү зан үйлийг монгол хэлээр голдуу “наадан”  хэмээн нэрлэдэг бөгөөд хожим “бүжиг наадан” гэсэн хоршоо үг болжээ. Энэхүү “наадан” бол голдуу үдэш оройн цагаар түүдэг гал тойрон, эсвэл саглагар мод тойрон гар гараасаа барилцан дэвсэн бүжиглэдэг хам олны бүжиг наадан бөгөөд эхлэгчээс ямар нэгэн айзамт үгсийг (утга ойлгомжгүй байх нь элбэг) онц чангаар дуудан эхлэснээр бусад нь даган түрж, хөл дэвсэн, гар сажин олноороо бүжиглэдэг байжээ. Эл хам олны дундаас онгод урмастаа эзлэгдсэн хэн нэг нь түрэн гарч ирээд олны дунд гагцаар гоцолж, бусад нь дэврээн дэмждэг байсан зэргээс ганцаарчилсан бүжиг гарсан байж болох юм. Баруун Монголын биелгээг малаа хотлуулчихаад, сарны гэрэлд харуй бүрийгээр гэрийн зүүн хаяаны (багсын) туургыг сөхчихөөд, наагуур нь цагаан даавуу татаад цаад биед нь биелгээч (бийч) биелж, наад талд гэр дотор икэлч иклээ татаж байдаг аж. Сарны гэрэлд цагаан даавуун дээр биелгээчийн (бийчийн) сүүдэр тусахад багш нь хэрхэн яаж хөдлөхийг заадаг байсан аж.  Эмэгтэй хүн биелэхэд гэрийн зүүн хаяа (багс) сөхдөг, эрэгтэй хүн биелэхэд баруун (багс) сөхдөг нь цөм бэлгэдлийн утга учиртай юм. Баядууд аз жаргал, сайн сайхнаа хүсэн ерөөж залбирч биелэх нь элбэг бөгөөд дээш доош нь залбирах юмуу толгойгоо хоёр тийшээ ээлжлэн дохиж залбирч биелэж байгаа нь “муу юм цаашаа, сайн юм наашаа” гэсэн бэлгэдэл утгыг илэрхийлдэг бол хавсран залбирсан гараа урагш сунган арагш татан биелбэл хур бороо дуудан биелж байгаа хэрэг юм байна. Баяд, дөрвөдийн “Мөргөл биелгээ”, хотонгийн “Такмоо”, “Аяс”, захчины “Сацал” зэрэг мөргөлийн чанартай биелгээ   нь уул ус, хангай дэлхийгээ тахиж буйг, хормойгоо дэвсэж, дөрвөн тал, найман зовхистоо мөргөж, сацал өргөж буйг бэлгэдэн дүрслэж биелэдэг учиртай болно. 
   
Зүүдний бэлгэдэл зүй

    Монгол аман зохиолын олон төрөл зүйлс: эртний домог, баатарлаг туульс, үлгэр, зүйр цэцэн үг, дом шившлэг, ертөнцийн гуравт болон бусад аман уламжлал, монгол бөө мөргөл, тайлга тахилгын соёл, түүх, уран зохиолын дурсгал дахь зүүдний бэлгэдлийг судлан үзэхэд дараахь дүгнэлтийг хийж болмоор байна.
    1. Дээрх бүх аман болон бичгийн дурсгалд ертөнц, хүмүүний тухай нэгдмэл нэгэн үзэл төсөөлөл, сэтгэлгээний ижил төрлийн арга барил нэвт оршиж байна хэмээн хэлэх бололцоотой бөгөөд бие биеэ нөхвөрлөн нэгэн тогтолцоог үүсгэж байна.
    2. Зүүдийг үзэх хэд хэдэн зүйлийн сонин үзэл төсөөлөл байгаагаас дурдвал:  а) зүүд бол учир зүйт ухаан бодлын нэгэн адил хүний оюун санааны салгаж болшгүй нөгөө тал нь юм гэх үзэл; б) зүүд бол энгүүн “хар тэргүүт хүний” ухан тайлж үл чадах өдөр тутмын аж амьдралын бодот байдлаас ч илүү үнэн бодот байдал, үнэний мөн чанар нь юм гэх үзэл (амьдрал бол түүний дэргэд хуурмаг зүйл гэх);  в) зүүд бол сэцэн мэргэн хүмүүсийн тайлан тайлбаpлаж, үнэнийг болон ирээдүйг угтан харж болох ёр бэлгэ, бэлгэдлийн цогцолбор юм гэх үзэл; г) зүүд бол дээд тэнгэрийн болон өвөг дээдсийн сүнс, онгодтой, нөгөө ертөнцтэй хэлхээ холбоо барьж буй хэлмэр дохио юм гэх үзэл тус тус байгаа болно.
    3. Зүүд, түүний тайлал-тайлбар нь угтаа монгол домог зүй, бөө мөргөлийн үндсэн үзэл, ойлголт, тогтсон үлгэрээс уг эши аван  тайлбарлаж байдаг монгол утга соёлын гайхамшигт сан хөмрөг, өв уламжлал, өөрийн гэсэн зүй жамтай үзэгдэл бөгөөд зүүд тайлаач нь зүүдлэгч этгээдийн зүрх сэтгэлд ойр зөн мэдрэмжийн холбоотой юмуу, эртний их өв соёлыг эзэмдэгч, эсвэл тэр бүхнийг агуулан шингээсэн “мэргэн судар”, бүр эрт цагтаа хүмүүн байгалийн хүйн холбоог мэдүүлэн заагч тэнгэр, газрын ёр бэлгэс байжээ.
    4. Зүүдний тэмдэглэгдэхүүн болон зүүд тайллын тэмдэглэхүүн нь хамтдаа уран яруу зохиолын өгүүлэгдэхүүн-зохиомжийн зангилаа, зохиолын утгын салшгүй бүтвэр махбод, түүний өвөрмөц учир зүйн илэрхийлэл, аливаа зөрчил будлиантай зүйлийг эерүүлэн тайлах, бэлгэдэн дүрслэх, итгүүлэн үнэмшүүлэх, хурцатган тодруулах, егөөдөн ёрлох, адилтгах, зүйрлэх, төлөөлүүлэх арга хэрэглүүр болно.
    5. Нэгэн зүйл зүүдний ёр бэлгийг нийгмийн язгуур давхарга, хүмүүний аж амьдралын нөхцөл байдлаас үүдэн ерөнхийдөө төстэй боловч олон зүйл ялгамжаатай тайлан тайлбарлаж болдог бөгөөд үүнээс сонин сэвүүн мэдлэг хүртэж болно.
    6. Зүүдний тэмдэглэгдэхүүн нь дотроо бас нэгэн төрлийн доторх олон зүйлийг ихээс бага руу нь нарийсган өгүүлэх өөрийн гэсэн зохиомж бүтэцтэй байдаг. Тухайлбал, усны тухайт зүүд байлаа гэхэд их далайгаас эхлээд мөрөн, гол, горхи, бүр худгийн ус, онгоцтой ус гэхчлэн ихээс бага руу алгуур аажим шилжиж, бас ерөнхий утгаа хадгалан өвөрмөц тусгай утгаа илэрхийлж байдаг.
    7. Зүүд бол оруулж, гаргаж болдог өөрийн гэсэн манах, сувих аргатай, муу ёр шорыг хариулах хариулга, засалтай, нэгэн үгээр хэлбэл, залж жолоодож болох зүйл хэмээн үздэг.
    8. Зүүдний цаг (харуй бүрийн, шөнө дундын, үүр шөнийн) гэж байх бөгөөд мэргэн мэдлийн хувьдаа өөр хоорондоо ялгаатай гэж үздэг.
    9. Сайн, муу зүүдний эзэн гэж буй хэмээн төсөөлдөг бөгөөд тэр нь ихэнхдээ жигүүртэн шувуун дүртэнгүүд, тэр дундаа сайн зүүдний эзэд нь хүчирхэг, сайн ёр бэлгэ төгөлдөр шувуун дүртэн, муу зүүдний эзэд нь өчүүхэн дорой болон муу ёр бэлгэт шувууд, ад чөтгөрийн (муу элиэ г.м.) дүрээр ирдэг гэхчлэн сэтгэдэг.

Зөн совингийн бэлгэдэл зүй

    Унтах нойрсох цагаас гадуур, сэрүүн ахуй үед байгаль ертөнцийн угаас тогтсон шинж бэлгэ болон хувирал өөрчлөлт, амьтан, хүмүүний төрөлх заяамал шинж болон элдэв аяг араншин, үйл хөдлөлөөр нийгэм, соёл иргэншлийн хийгээд хүмүүний хувь заяаны ирээдүйн сайн муу учралыг бэлгэдэх нь зөн совингийн бэлгэдэл болно. Иймд энэ нь ёр бэлгэ, элдэв цээрийн зүйлсийг хамтад нь багтаасан өргөн дэлгэр утга агуулга илэрхийлж байна. Байгалийн үзэгдлийг өөрсдийн үзэл төсөөллөөр хувирган зөн совин болгодог нь хүмүүний нэгэн мөн чанар билээ. Эндээс зөн совин бол хүмүүн байгалийн хүйн холбооны түлхүүр, танивар дохио нь байдаг гэж хэлж болно. Зөн совин урьдаас сэрэгдэж мэдэгдэлгүй гэнэт илэрдэг хийгээд хүмүүн өөрөө тогтоон хэвшүүлдэг хоёр зүйл ялгаа бий. Тооноор шувуун сүүдэр тусвал хэний ч урьдаас мэдэж хүлээгээгүй учрал тохиол байдаг бол шувууны өндгөнд хүн сүүдрээ тусгахгүй байх  нь түүний өөрийн ухамсарлан тогтоосноос (цээр ёсноос) үүдэх үр дагаврыг бэлгэддэг. Энэ нь санамсаргүй болон зайлшгүйн харьцаан дээр үүссэн хос талтай үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, байгалиас үүтгэлтэй нь санамсаргүйн, хүнээс үүтгэлтэй нь зайлшгүйн хамаадалтай гэсэн үг. Иймд цээр ёс бол зөн совинг үүсгэн бүтээж болдог бол зөн совингоос цээр ёс үүсч болно. Аян замд үнэг зам хөндлөн гарах нь санамсаргүй тохиол хийгээд түүнийг заавал намнах нь зайлшгүй үйлдэх цээр ёс болно. Зөн совингийн бэлгэдэл бол хүмүүн өөрийн таван мэдрэхүйгээр барин хүртэж үл чадах ертөнцтэй “зургаа дахь мэдрэхүйгээр” харьцах, зохицох гэсэн оролдлого юм. Иймд энэ нь үй олон ёр бэлгэ, зөн бэлгэдлийн тэмдэг дохионоос бүрдсэн өвөрмөц нэгэн хэл хэлмэр бөгөөд түүгээр дамжуулж, хоёр ондоо ертөнц хэл барьж, холбоо тогтоож байна хэмээн өвөрмөцөөр сэтгэх маяг болно. Монгол утга соёлд, тэр дундаа туульст ийм зөнч совинч баатрууд нь ямагт хатад, дагинас, “шинжээч цагаан хүүхнүүд” байдаг нь эмэгтэй хүний уран нарийлаг мэдрэмжийг товойлгон хүншүүлж дүрсэлсэн хэрэг. Тэр дундаа эхийн зөн совин, хүүхдийн зөн совинг бүхнээс онцгойлон үзэх ёс бий болжээ. Нөгөөтэйгүүр, монголчуудын тэнгэр, онгодын шүтлэг, нөгөө ертөнцийнхөнтэй хэл ул барих, удам угсаа, гал голомтоо хамгаалах, орон зай, цаг хугацааны дунд тэсч үлдэх, хүний хамгийн нууцлаг, эмзэг цэвэр аглагийг илэрхийлэгч нь зөн совин, түүний бэлгэдэл болно.
    Зөн совингийн бэлгэдэл бол монгол утга соёлын эрхэм нандин, гайхамшигт өв бөгөөд хүмүүний мөн чанарыг шинжин судлах, далдлаг нууцлаг бүхнийг уудлан гаргах эх сурвалж мөн. Зөн совингийн бэлгэдэлд учрыг үл ухаарах зүйл гэж байж болохоос биш, утга учиргүй зүйл гэж байдаггүй.

Цагийн бэлгэдэл зүй

    Монгол угсаатаны цаг хугацааны их, бага янз бүрийн мөчлөг, хугацал болгоныг учиргүй биш учиртай болгон түүнийгээ утга соёлын олон салбарт шингээн уусгаж, зүйл зүйлийн аргаар илэрхийлж ирсэн байна. Эдгээрээс, хамгийн давтамж төгөлдөр илэрхийлсний нэг нь үлгэр, домог, туульсын эхэнд гардаг “домгийн цаг” болно. Энэ цаг “тэг хэлбэрт” далд байхаас эхлээд “эрт урьдын нэгэн цагт” хэмээх ерийн товч хэлбэр, “эрт урьд л экэн түрүүн сэрүүн дээр үед” хэмээх (урианхай туулийн) “төр төвхнөх цаг” буюу соёл суртал, зан заншил үүссэн цаг, тогтоон томъёолохуйяа бэрх алс эрт цаг болох “элэр баларын үе”, хүн амьтан мөнх насыг насалж байсан “энх мөнхийн үе”, тэр цагт аж төрж агсан хүмүүсийн үе буюу “элэнц хуланцын үе” гэхчлэн олон зүйлийн хувирал хувилбартай билээ. Эдгээрээс хамгийн төгс дэлгэр цаг нь ертөнцийн үүсэл туурвилын цаг буюу анхны юм үзэгдлийн багаас ихэсч, жижгээс томссон цаг, эмхгүйгээс эмхтэйд шилжсэн цаг, бас ертөнцийн төгсгөлийн цаг зэрэг болно.
    Нэгэн өдрийн доторх цагийн хугацлыг аваад үзвэл үлгэр, домог, туулийн баатруудын зовлонгоос хагацах, хагацуулах, нэрвэгдэхийн учрыг мэдүүлдэг, эсвэл үүрд дахин уулзахгүйгээр заагладаг “Үүр шөнийн хагацал”, шинэ сониныг өрсөн олж эзэмдэх, шинэ сонин зүйлтэй учран золгох “Наран ургахын урьд цаг”, аж  амьдрал хувь заяаны нэгэн шинэ эргэл хөрвөл гарах, шинэ ирээдүй эхлэх цаг буюу нарны гэрлээр гэрч хийж, өрсөлдөн тулалдах “наран мандах цаг”, өдрийн алив нэг шинэ сонин хэрэг эхлэх, өрнөх цаг буюу “Өглөөний нар дээр хөөрөх цаг”, үлгэр туульсын баатдын аян явдалдаа мордох, буух, товлох цаг буюу “Гал үдийн цаг”, хорчин торгуудын хишигт орох цаг буюу “Үд хэлбийх цаг”, хэвтүүл хишигт орох цаг буюу “Наран шингэхийн урьд цаг”, элдэв хий биетэн, хийсгэлэн дүртний хөдлөх, хөрвөх, гүйх, дамжих, ирэх буух цаг буюу “Үдшийн харуй бүрийн цаг”, дайн дайсан, элдэв адбишийн хүчин нөхцөн хорлох цаг буюу “Шөнө дүлийн цаг” зэрэг болно. Эдгээрийн завсархи цагуудыг тодорхой мэдээлэл үгүйн учир таамгаар ярих боломжгүй юм.
    Мөн монголчуудын өдрийн үйлээ зохион эмхэлж ирсэн зун, намар, өвөл, хаврын “Гэрийн наран цаг”, хот хүрээний шөнийн амьдралыг дохиолох “Таван жингийн цаг” гэж байна. Өдрийн бэлгэдлийн хувьд эртний болон дундад үеийн монголчуудын алсын аян дайн, их үйл хэргийг эхлэн үүсгэдэг, их ёсны хурим найрыг дэглэдэг “зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр” онцгой бэлгэ дэмбэрэлт өдөр байдаг. Түүнчлэн сар мичдийн сүүлийн тохиолго болж, мичид жилийх, “тэнгэрийн үүд онгойх” зуны эхэн сарын шинийн гуравны өдөр гэж бий. Газар газрын сүлд тахилгын уламжлалаас үзэхэд сар бүрийн хуучдын зааг болох арван дөрвөн, тавны өдрүүд бол эзэн дээдсийн хар, цагаан сүлд тугийг тахих тайх өдрүүд байна. Түүнчлэн эзэн дээдсийн хууль цаазаар тогтоосон хаврын цагаан сүргийн хурим, зуны нуурын (уурын) хурим, намрын ногт сэргийн хурим, өвлийн тасам талбих хурим зэрэг “дөрвөн цагийн их хурим” бол монгол төр ёсны ауга их бэлгэдэлт өдрүүд болно.
    Сарын бэлгэдлийн хувьд эртний  монгол, түрэгчүүдийн “өвлийн зааг” хэмээн нэрлэдэг “Аргал сар” буюу “Хуц сар”, хожмоо жилийн эхэн болгосон “Бар сар” буюу “Цагаан сар” нь монгол угсаатны хувьд хамгаас бэлгэдэл төгөлдөр сарууд болно. Өнөөгийн бидний ёслон тэмдэглэж байгаа битүү хоол идэж, шүүс идээ голдуухан зооглодог битүүлгийн ёслол маань эртний ангуучин гөрөөчний махан тайлга хийж, хүн бүрт хувь хишиг хүртээдэг “Хувь сарын” баярын үлдэл, маргааш нь цагаалгаар голлон ёсолж, цагаан сар хийдэг нь түүний залгамжаагаар гарсан “Сүүн сарын” уламжлал байж болох юм. Жилийн бэлгэдлийн хувьд бүх монголчуудын дайн дайснаа ялгуухын бэлгэ тэмдэг болсон хараа ихт сүлдийн догшуулгын их тайлга болдог Луу жил хамгаас эрхэмд явж иржээ.
    Эцэст нь дүгнэн үзэх юм бол монгол угсаатны соёл нь орон зай, цаг хугацааны алслалаас үл хамааран, эд өлгийн болон оюуны соёлын олон төрөл зүйлээс үл шалтгаалан оршдог үлэмж давтамж төгөлдөр нэгэн жам хуультай бөгөөд анх буй болсон цагаасаа эхлэн өдгөө хүртэл тогтвортой явж ирсэн байна. Монголчуудын хувьд бэлгэдэл гэдэг бол орчлонд зэрэгцэн оршиж буй бидний нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх, таньж мэдсэн болон мэдээгүй бүх ертөнцийг холбон дохиолж, нэвтрэлцүүлж, оршихуйн болон эвдрэхүйн жам хуулийг таниулж байдаг гагц хэл нь юм байна.

НОМ ЗҮЙ

    1. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. I дэвтэр: Тооны бэлгэдэл зүй. Улаанбаатар, 1999, 210 т.х.
    2. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. I боть: Тооны бэлгэдэл зүй.  “Монгол соёлын чуулган” VIII боть, Улаанбаатар, 2007, 294 т.х.
    3. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. II дэвтэр: Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй. Улаанбаатар, 2000, 217 т.х.
    4. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. II боть: Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй. “Монгол соёлын чуулган” IX боть, Улаанбаатар, 2007, 316 т.х.
    5. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. III дэвтэр: Дүрсийн бэлгэдэл зүй, дохио зангааны бэлгэдэл зүй. Улаанбаатар, 2001, 222 т.х.
    6. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. III боть: Дүрсийн бэлгэдэл зүй, дохио зангааны бэлгэдэл зүй. “Монгол соёлын чуулган” X боть,  Улаанбаатар, 2007, 280 т.х.   
    7. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. IV дэвтэр: Зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй, Цагийн бэлгэдэл зүй. Улаанбаатар, 2002, 300 т.х.
    8. Дулам С. Монгол бэлгэдэл зүй. IV боть: Зүүд, зөн совингийн бэлгэдэл зүй, цагийн бэлгэдэл зүй. Улаанбаатар, 2007, 223 т.х