2/19/2012

Бөөгийн хуяг, хэрэглэл...


ХУЯГ: Бөөгийн хуяг хувцас хэрэглэл дор бүрд эзэн онгод байдаг. Манай дархад ёсонд хэнгэрэгийн эзэн, гутлийн эзэн гэх зэргээр, бусад угсаатанд бол тус бүрд нь эзэн онгод байдгыг сайн мэдэхгүй байна.
Хуяг нь тэнгэрээр хүчээ авсан нь цэнхэр хөх, лус савдагаар нь ногоон, аль алинаар нь хүчээ авсан нь саарал өнгийн хуягтай байсан бөгөөд одоо ч дархадад энэ хэвээр байсаар байгаа. Бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул хорлолын эсрэг арга засал хийхэд нь ар талаас нь гэнэдүүлэн цохихоос сэргийлэн хуягны ар талд бүх могой, манжиг хонгинуур холбогын дийлэх олнийг байрлуулж хийнэ. Хуягны зах маань монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн адил байх ба, энэ нь эртний Хүннү үеийн бөөгөөс дамжин ирсэн байдаг. Хуяганд байх манжиг маань ястан угсаатнаас хамааран тоо нь өөр өөр байх боловч томж эргүүлсэн хонины ноос, хөвөнгөөр хийн гадуур нь даавуугаар бүрж бүтээн хадаж бэхлэн ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг гэж 2 хуваадаг. Хуягны маань суга хэсэг нь хүний суганы арьс нимгэн байдаг ба түүгээр дамжин онгод орж гардаг гэж цоорхой ч хийх тохиолдол байдаг байжээ . Хуягны урд энгэр нь ямар нэг манжиг байхгүй юмуу зөвхөн зүрх, хөх, эгмийн манжигууд байх ба заримд нь 9 од эсвэл нар сарыг дүрслэн байрлуусан байдаг энэ нь онгодын орноор аялахад эерэг сөрөг хүч алсаас харагддаг учир элдэв дайралтанд өртөхгүй гэх санаа. Тухайн ястаны онцлогоос хамаараад хуяг нь янз бүрийн матерал эдлэлээс бүрддэг. Дархад, цаатан бөө нар эрт үеэс гөрөөсний сармай арьсаар хийж өмсдөг байсан ч одоо үед бол голдуу бөс даавуугаар хийдэг ч хуяганд арьсаар, дээлийн ар гол хормойн салбан зэрэгт ангийн арьс оруулдаг. Буриад халх бөө нар голдуу хээ хуар торго дурданаар ганган хээнцэр матерал хэрэглэх нь олонтаа байдаг. Хуяганд байх хэрэглэл нь ар талд нь баруун зүүн мөргөл, сүүл мөргөл, зэл болон өвөр талын манжиг, могой байна.Бөө нарын өмсгөл нь ангийн арьс гөрөөсний сармай арьсаар хийгддэг байсан ч, одоо үед голдуу бөс даавуугаар хийгдэж байгаа ч, түүнийгээ амьд амьтан гэж дүрслэн үздэг учраас ар зогдорт арьс хаддаг.
МАЛГАЙ: Бөөгийн өмсгөлийн нэг гол зүйл бол малгай юм зарим нутагт оргой ч гэж нэрлэдэг. Угсаа гарвалаас шалтгаалан өөр өөр байдаг ба зарим бөө нарын малгай битүү оройтой, зарим нь оройгүй байдаг. Дээр үед зарим бөө нар намхан оройтой малгай өмсөөд алчуур зүүдэг байсан гэдэг. Алчуур гэх маань нүүрэндээ самалгатай, духандаа 2 нүдтэй, баруун зүүн шанаандаа цагаан үс арьстай, ар тал рүү унжсан захаар нь шар шувууны сүүл хадаж хоёр талын уяагаар нь толгойн ард нь уядаг байсан . Хотгойд бөө нар маань шар утсан цацаг, духны тэндээ тэмээний ноосоор хийсэн товорцог малгай өмсдөг байсан бол буриад, барга,хорчин бөө нар яг ийм товорцог малгай өмсөн элдэв гоё чимэглэлээр урладаг байсан ба буриадаар майхавч гэдэг.
Дархад бөө нарын малгай нь цардаж хүрэн бор эдээр хийх ба ардаа бүчтэй байна.Малгайны нүүрэн талд цагаан утасаар хүний нүүрний дүрс гарган, 2 талд нь чихний дүрс гаргаж хоёр талд 3,3 хонгинуур уяна. Малгайн дээд ирмэгт бүргэдийн өд буруу талаар нь босгож хадаад, дээд ирмэгт нь арьс болон бөс даавуугаар нүүрээ халхлах цацаг унжуулж, 2 талд нь нар сарны дүр гаргадаг бөгөөд малгай нь оройгүй байна. Малгай оройгүй байгаа шалтгаан нь онгодтойгоо толгойн оройгоор шууд харьцаж бөөлдөг учраас. Малгайд онгон савдагийн дүрийг гаргаж, тэд нь нар сарны туяанд бүргэд болон нисдэг гэсэн агуулагтай байдаг. Бүргэдийн өдний тоо нь харьцангуй байх ба түүний тоо өдөө хадсан байршил зэрэг нь овгийн ялгааг гарган өгдөг. Хүннү нарын үед шар шувуу, Их эзэнт гүрний үед цагаан шонхор, дараа нь бүргэд шувуун өд залах болсон гэдэг. Малгайн өнгө ч мөн овог ясны аль нь болохыг гэрчилдэг байсан гэдэг. Жиш нь хуулар бөө нар улаан хүрэн, дархадууд хөх, бор, маажраг бөө нар ногоон өнгөтай байсан гэдэг. Малгайнд байх бас нэг чухал зүйл нь нүүр самалга бөгөөд хойд нутгийн бөө нар голдуу дан гөрөөсний сармай арьсаар хийдэг байсан ба сүүлд даавуугаар хийх болсон гэдэг. Самалганы гол утга нь лус савдаг онгод тэнгэрийг хөдөлгөөнд оруулдаг гол хэрэгсэл бөгөөд харанхуйн орноор аялаж байхдаа уулзахаар зорьж яваа онгодоос өөр гадны юманд танигдахгүй гэсэн санаа . Харын засал хийж байхад бол нүүр самалга маш чухал бөгөөд нүүр танигдахгүй болдог , нүүр хараад таньвал гаргасан сүнс хар муу зүйл эргээд бөөгөө ороож авдаг учиртай юм. Мөн малгайн нүдний харалдаа өнгийн 2 даавууг гадна талаар нь цагаан цуудираар давхарлан, самалгийн баруун зүүнд талд оёж бэхэлдэг. Малгайн баруун зүүн талд тус бүрт нь 3 ширхэг хонхинуурыг арьсан түдүүлд бэхэлж хар төмөр цагираг зүүнэ.Бөө малгайн 2 хацарт нь амин сүнс байдаг гэдэг.
ГУТАЛ: Бөөгийн гутлыг бөөд ирсэн онгод ба лусын нийлбэр гэж үздэг ба гутлыг гур,турагийн сармай арьсаар хийж, урд талд нь 3 манжиг унжуулж, гадна талын түрүүнд2 хонгинуур,1 зэв үзүүртэй харвал хаддаг. Гутал залагдан ирсэн онгодын хөл болдог гэсэн утгатай. Гуталын эзэн онгод гэж байх ба, эзэн онгод маань бөөгийн хөлний үе бүрийг манаж, баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлан, шингэн орсноор гутал амилагдан байдаг бөгөөд, манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч бага байдаг учраас, тэгшилж зүүн гар талдаа илүү их анхаарч, хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог гэж үздэг . Гутлын түрүүн хэсгийг гутлын эзэн онгодын толгойн хэсэг гэдэг бөгөөд, түүнд нүүр, ам, нүд,хамар чихийг дүрсэлсэн байдаг нь олонтаа байдаг.Тэнгэр, сүнс,лусаар алинаар нь хүч авсныг бөөгийн гутлаар таньж болдог. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан болох могой хамар амыг дүрслэн хэдэн лусаар хөллөснийг мөн тоог нь оёж бэхэлсэн байдаг. Мөн гуталд шагай болон борвины яс бэхэлсэн ч байдаг. Бөөлөх үедээ заавал гутлын эзэн онгодоо дуудаж эсгэрч байж бөөлөх ёстой байдаг.


ХЭНГЭРЭГ: Хэнгэрэг нь гурвалжин, дугуй дүрстэй байх ба 6,8,9, талтай байдаг. Онгодын унаа гэж үздэг 2 хэрэгсэл байдгийн нэг нь хэнгэрэг нэг нь хуур юм, хэнгэрэгийг согоо, буга, баавгай, хандгай чонын арьсаар голдуу бүрдэг байсан ба буриад бөө нар ямаан арьсаар бүрэх нь түгээмэл байдаг. Мөн хэнгэрэгийг онгод тэнгэрүүдийн унаанаас гадна, дайсныхаа эсрэг хонгинуур гүйлгэдэг суурь, онгод тэнгэрийг баягсгагч уяруулах хөгжмийн зэвсэг, сүсэгтэн олны хүсэлтийг онгодод уламжилагч, мөн тэднээс хариугаа авах мэргэ төлгийн хэрэгсэл ч гэж үздэг. Хэнгэрэгийн хүрээ модыг аянганд ниргүүлсэн хар модоор хийж, 9 давхарлан томсон улаан утсаар булдруунуудын үеийг наадаг ба утасны 2 үзүүрийг дотор талд нь оруулж 3 хонгинуурт бэхэлдэг, энэ нь амин судас болж өгдөг. Хэнгэрийн цохиур нь онгодын үнэрлэх, амтлах эрхтэн болж өгдөг бөгөөд, аянганд ниргүүлсэн модоор хийж, согоон арьсаар бүрэн, бариулын озоорыг сэнжлэн нүхэлж цагаан дээсээр гогцоо гаргаад цагаан,хөх,ногоон, улаан даавуун цуудир уядаг.

Хэнгэрэг сойх гэж нэг зүйл байх бөгөөд энэ нь бөөлөхөөсөө өмнө зуухны баруун хойно буюу зүүн хойд талд галын элчинд ээж сойхыг хэлдэг ингэснээр хэнгэрэг маань бүрэн татаж өгдөг. Хэнгэрэгний амин судас нь гол зүйл бөгөөд булдруунуудийн дунд үеүүдийг ёс давхарлан томсон улаан утсаар даруулан хийх ба 2 үзүүрийг нь дотор талд зүрх хонгинуурын озоорт бэхэлдэг, энэ нь онгодын бүх эрхтэнийг холбосон амин гол судас гэж үздэг. Хэнгэрэгний бүрээс нь голдуу амьтдын арьсаар бүрдэг учир нь ан амьтдын өөрийнх нь зан төрх, зориг хүч, амьдралын орчин нөхцөлтөй уялдуулан үзсээр ирсэн байдаг. Хар зүгийн онгод дайсан рүүгээ хандгай, баавгай, чоноор унаа залгуулдаг бол цагаан зүгийнх буга, согоогоор залгуулдаг, энэ нь хандгайн чоно зэрэг нь зориг хүчтэй, буга согоо нь зөөлөн гэсэн билигдэлтэй байдаг. Хэнгэрэгний живэр : гэх зүйл байдаг ба энэ нь хэнгэрэгний бариул модны дээд доод хэсэгт байдаг бөгөөд , дөрвөн ховилыг онгодын унаа амьтны нурууны хоёр тал юм. Хэнгэрэгний жолоог: хонины цагаан ноос томж цагаан даавуугаар бүрж хийх ба, мөн улаан өнгийн даавуугаар ч хийж болдог. Зуузай нь: хэнгэрэгний нуруу болон бөгжинд бэхэлсэн тал дугуй хэлбэрийн төмөр эдийг хэлэх бөгөөд, нумны хөвчний үүрэг ч гүйцэтгэдэг. Хэнгэрэгний зүрх нь: нуруу модны дээд эхэнд гурван хонгинуурыг цагирагч холбон бэхлээд мөн цагирагт сэтэр онгодын хөргийг бэхэлжзалснийг хэлнэ.Хэнгэрэгний толио: нь онгодоо чөлөөтөй оруулж байх үүднээс нэг талдаа бүрээстэй нэг талдаа бүрээсгүй хийгдсэн байдаг. Хүрээ модыг: аянганд ниргүүлсэн модоор хийх ба галын дөлөнд шарж ус чийгийг ууршуулсны дараа, 2 үзүүрийг нар зөв бэхэлж бугын суран үдээсээр бэхэлдэг. Энэ нь матахад хугарахаас сэргийлэх бөгөөд , дулаан элч нь улаач болон онгодонд ээлтэй гэж үздэг .
ТОЛЬ : Монгол бөөгийн толь нь хүрэл ба гуулин байх ба 12 жилийн амьтан, нар сар дөрвөн хүчтэн юмуу лусын амьтан болох загас ч товойлгон урласан байдаг юм. Толь нь: элдвийн хараал, онгодын халдлагаас хамгаалах гол гэрэл болон цацарч явдаг гэж эртнээс бөө нар үздэг байсан ба, голдуу мэргэ төлгийн хэрэгсэл болон түлхүү хэрэглэгддэг. Бөөгийн толийг Төвдийн шашнаас авч дэлгэрсэн гэж бөө судлаач нар бичсэн байдаг.Дээр үед бүх бөө нар толь хэрэглэдэггүй байсан гэсэн судалгаа байдаг бөгөөд, халх хотгойдууд ихээр толь хэрэглэж байснаас үүдэн дархад нутагт дэлгэрсэн гэж үздэг. Хар дархад маажраг шарнууд овгийнхон их толь хэрэглэдэг харин хуулар бөө нарын зарим нэг нь л толь хэрэглэж байсан гэдэг.
ХУУР: Хуур бол бөө хүний чухал хэрэгсэл бөгөөд анх бөө болж байгаа хүн заавал хуураар онгодоо дуудаж буулган явган бөөлж эхэлдэг. Энэ ёс бол эрт дээр үеэс дархад,цаатан, хотгойд, халх, маажраг,урианхай бөө нарт байсан.
Хуурийг дархадууд хэл хуур, халхууд аман хуур, урианхайчууд гонс гэх зэргээр нэрлэдэг. Хуур нь онгод тэнгэрийг дууддаг бас нэг гол хэрэгсэл бөгөөд , шуудан хөх морь гэж дархадууд нэрлэдэг. Бөө хүний унаа болдог бөгөөд онгодын оронд хүргэдэг гол зэвсэг юм. Дархад халх ёсонд эртнээс хэл хуур, манжигаар анх явган бөөлж онгодтойгоо харьцаж байгаад дараа нь хуягладаг ёстой .Хуурийн цохилт нь шууд, хэлний, онгодын гэсэн 3 өөр цохилттой байдаг ба шууд цохилт: гэдэг маань ая оруулалгүй жигд цохиж амьсгаагаа нэгэн чигт нь байлгахийг, хэлний цохилт : хэлээ дээш доош хөдөлгөж хуурийн дуугаа бүдүнн нарийн болгож цохихийг, онгодын цохолт: гэдэг маань ямар нэг ая оруулж цохихийг хэлдэг. Хуур маань мөн дотроо эр, эм гэж бас байдаг, эр хуур илүү их сайн дуугаралттай хүчтэй байдаг.Хуураар явган бөөлөхөөс гадна, хуяглаж бөөлөх үедээ заавал өмнө нь татаж онгодоо дуудаж ойртуулж хэлэх зүйлээ урьдчилан хэлж болохоос гадна, хуураа утаж байх нь чухал , мөн хуураа татаж зөвхөн онгод буулгахгүй мэргэлж болдог, тэгж хуур татаж мэргэлэх үед онгод ирж улаачид мэдээлэл өгөх нь ч бий.Бөө хүн гал голомтоосоо онгодын оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх морь гэж үздэг учраас түүнийг морины дүрс бүхий модон хайрцагт хийн хадгалдаг.Дархад бөө Т.Эрдэнэ

No comments:

Post a Comment