2/24/2012

Уул, овоотой холбоотой ойлголт, үүсэл, хөгжил, овоо тахилга...


Овоо бол хүний оюун ухаан, танин мэдэхүй, ухаарлын оролцоотой бүтсэн хамгийн эртний туурвилуудын нэг юм. Тийм ч учраас утгасоёлын ер бус гайхамшигтай өвүүдийн нэг болдог байна.
Хүн байгалийн харилцаа, байгалийг таньж ойлгосон, ухаарсан, хайрлаж хамгаалж ирсэн, байгалийн хүчнийг шүтэж биширч, түүнээс аврал ивээл хүсэж ирсэн бүхий л түүхэн ухамсар, түүний үе үеийн ойлголт, ухаарал овоонд шингэсэн байдаг. Тэрчлэн Байгаль - Эхээ дээдэлж өргөмжилж ирсэн эрхэм ёс, уламжлал ч овоотой холбоотой хөгжиж ирсэн түүхтэй. Овоо тахих зан үйл ч мөн эрт цагаас хөгжиж, өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй юм. Проф. Л.Дашням
1. Овооны үүтгэл, үүслийн тухайд
Овоо гэдэг ойлголт монгол хэлтнүүд, мөн казак, зарим түрэг хэлтэнд ч нийтлэгээр уламжлагдаж ирсэн байдаг. Харин өөр бусад үндэстэн овоог бидний адил ойлгодоггүй, ердөө л бөөгнүүлсэн, овоолсон чулуу төдийгээр ухаардаг шиг  байгаа юм. Ялангуяа Монголд ирээгүй хүмүүс тийм зүйл ярих нь бий.
Орос хэлний куча, груда, насыпь зэрэг үгнүүд бол далан, овоолж бөөгнүүлсэн чулууны тухай л үгүүлж буй юм. Оросууд овоог куча камень гэх маягтай л ойлгодог. Зарим нь харин сaкральная (sacri) гэдэг үг нэмдэг.
Англи хэлтнүүд ч heaр, pile гэдэг үгсээр овооны тухай ойлголтоо илэрхийлдэг шиг байдаг. Pile of stones гэхэд л “аан аан!” л болоод явчихдаг юм билээ.
Ер нь бол овооны үүсэл гарвал ч тэр, ухаарч ойлгож ирсэн танин мэдэхүй ч тэр түүхэн явцад чамгүй өөрчлөгдсөөр иржээ. Овоо гэдэг бол цагийн цагт өөрчлөгдөж л байдаг  тэр л түүхэн ухамсар юм. Овооны үүсэл, үүтгэлийг ахуйн орчинд буулгаж ойлгох уу, аль эсвэл хүмүүний тархи оюуны онцгой чадвартай, өөрөөр хэлбэл бидний мэдэхгүй чадахгүйг мэддэг чаддаг тэр хүмүүсийн ид шид, эрдэм ухаантай холбон ойлгох уу гэдэг нь миний бодлоор хэлэлцүүштэй асуудал.
Юутай ч, овооны үүсэлтэй холбоотой гол санаа нь нэг бол ахуйжуулдаг, нөгөө бол “оюунжуулдаг” хоёр өөр ойлголтоор илэрдэг.
Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, ялангуяа олз омог ихтэй, таатай нөхцөл бүхий нутаг орон, аль эсвэл аюул осол элбэгтэй орчин нөхцөлийг бусдадаа дохиолох, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавих, тухайн үедээ ойлгогддог байсан элдэв “мэдээлэл” хэрэглэдэг байсны хожим хойнын уламжлал нь овоо болж хөгжжээ гэж үзэх нь бий.
Эхлээд хүмүүс модон дээр зурах, хэрчлээс тавих, газар оромдох, чулуу мод цуглуулж тэмдэг тавих зэргээр мэдээлэл үлдээдэг байсан бөгөөд модон дээр үйлдсэн хэрчлээс сэлтээс нь хэмү бичиг үүссэн гэдэг бөгөөд овоолж цуглуулсан чулуу, мод зэргээс овоо бий болж улмаар тахигдах хүндлэгдэх болсон гэж судлаачид бичсэн нь бий. (1)
Овогийн байгуулал бий болж, хүмүүс хэсэг бүлгээрээ салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг зааглах, онцлох үүргийг ч бас “өөртөө үүрч”, өөрөөр хэлбэл өмчлөх санааг агуулсан тэмдэг болж, тиймээс ч эрхэмлэгдэж ирсэн түүхтэй байна. Бүр хожим хойно нутгийн зааг дээр, хоёр хошуу, отог аймгийн хил дээр босгодог болсон овооны эх нь чухамдаа тэр юм. Тийм овоог нааш цааш нь займчуулах, түүнээс болж маргаан мэтгэлцээн, дайн дажин болох нь ч цөөнгүй байж. Тиймээс хилийн овоо бол овог, аймаг, нутаг хоорондын аж амьдрал, эрх дархад ч нөлөө, оролцоотой зүйл байсан гэж үзэж болно.
Овоо босгоогүй бол
Шаазгай хаанаас суухав
Орчлон байгаагүй бол
Амьдрал хаанаас гарахав (2)
зэрэг ардын хэлц үг нь чухам иймэрхүү нөхцөл байдлаас урган гарсан замналтай.

Овоотой холбоотой маш чухал нэгэн мэдээ “Монголын нууц товчоо”-нд бий. Бид түүнийг одоо болтол нэг их онцгойлон анзаараагүй шиг байгаа юм.
“Нууц товчоо”-нд дурьдсанаар монголчуудын үүтгэл-эх Алунхоогийн эцэг Хорилардай мэргэн Бурхан халдуны эзэн бурхан босгосон Сэцэн (Шинч) баян урианхайтай уулзахаар нүүж ирснээс л бүх түүх эхлэдэг шүү дээ.

不峏(罕)【罕】 -  (哈)【合】勒敦   訥      額者惕           不峏(罕)【罕】         孛思合黑三     
Буархан хан    -    ха    хэ лэдүн   нэ       эжэти       Буархан хан      босихэхэйсан

      Burqan       -          qaldun    -   nu        ejed              Burqan              bosqaGsan
      Бурхан       -          халдун   -   ну       эжэд             Бурхан             босхагсан     
      哂赤   -   伯颜          兀良(孩)【孩】           途児             耨兀周        亦孫            阿主兀。      
Сэчши-баеэн      Вулиан хаи хаи    туар      ноувужоу      аисун      ажуву.
   
Šinči  -  bayan        uriyangqai    -     dur         neű’ǖjű          ayisun       aju’ū.   
 Шинчи-баян         уриянгхаи   -     дур       нэү’үүжү       аисун      ажу’уу.  (МНТ. 9-р зүйл)
        Энд дурьдаж буй “бурхан босгосон” гэдэг үг бол бурхан шашинтай ямар ч холбоогүй, харин овоотой хамаатай үг болох нь ойлгогддог. Үүнийг тайлбарлахын өмнө “БНМАУ-ын угсаатны зүй” гэдэг номоос хэсэгхэнийг уншъя. Тэнд:
“Халхчуудын ихээхэн эрхэмлэдэг модны нэг бол бургас юм. Бургасыг ихэвчлэн “монгол мод” хэмээн нэрийдэж, аль ч нутагт гол ус дагаж бөөн, бөөн ургасан цагаан бургасанд гар хүрдэггүй, хэдийгээр хугарч унасан байлаа ч төдий л авдаггүй байна. Бургасыг уул, усанд зориулан босгосон овоонд залам (дээр нь хатгах мод) болгож, хатгах ёс маш түгээмэл байжээ” (3) гэж бичсэн байна.
Сэцэн (Шинч) баяны босгосон тэр бурхан бол бургааhан юм. Дашрамд хэлэхэд, овооны заламын тухайд ч бас л дутуу дулим тайлан ойлгоод байгаа юм. * Тэр бол дээр дурьдсан шиг дээр нь хатгасан биш, овоо босгохдоо гол болгодог амь сүнс нь болгодог мод!
Бургас, хусыг монголчууд “монгол мод” гэхээс гадна тэнгэрийн мод гэдэг. Мөнх тэнгэрийн ивээл дор амьдардаг монголчууд бидэнд тэнгэрийн улаач болж, “үгээ хэлж” чаддаг мод бол бургас, хус юм. Буриад хэлэнд одоо ч бургасыг  бургааhан гэдэг. Бураа, бураахантай газар бол ариун мод–бургастай л газар!
Академич Х.Сампилдэндэв агсан Бурхан халдун уулыг Бургаас онгон шүтээнт уул гэсэн нь бий. Тэр бол ойлголтыг зөв зүг рүү нь хөтөлсөн үг мөн.
Овоо бий болсон уг шаг, ухаарлын өөр нэг эхлэл нь бөө мөргөлтэй холбоотой.
Бөө нар эрхэм чухал болж, бөө мөргөл хөгжих үед газар усны эзэд оршдог, сүнс сүлдэртэй холбогддог тэр газрууддаа шүтлэг бишрэл, хийморийн овоо босгох болж, тэр үеэс овоог шүтэх, тахих, өргөл өргөх зан үйл үүссэн гэж үзэж болно.
Бөөгийн үед овоо нь одоогийн ойлголтоор эрчим хүчний төв, онгод хийморь сэргэдэг, далд хүчин, тэнгэр эрхис, сүлд сүлдэртэй холбоо  барьдаг тэр газар, тийм ер бус ид шидтэй орон зай гэж ойлгогдох болсон байна.
“Нууц товчоо”-ны дээрх мэдээ XIII зууны үед Монголд, ялангуяа ойн иргэдийн хувьд бөө мөргөл хүчтэй байсныг үгүүлж буй юм.
Овоог яаж тахих, ямар өргөл өргөх зэргийг тэнгэрийн улаач бөө л хэлдэг, ер нь овоо тахих нь бөөгийн зан үйл байсан түүхтэй. Одоо ч цагаан, улаан идээгээр тахих, шүүс өргөх зэрэг нь газар газар, овоо овоонд адилгүй л гэдэг.
Түүхэн явцад овооны онго гэж тусгай онго бий болжээ. Овооны онго бол бүх онгоны тэргүүн онго гэдэг байна. Тиймээс ч бөө, удган нар овоо тахиж, бөөлөхдөө юуны урьд овооны онгыг урин дууддаг. Энэ нь овооны тахилга нь бөөгийн ёсонд хамгийн гол тахилга байжээ гэдгийг ч бас давхар үгүүлж буй баримт юм.
…Өндөр модны сахиулсан
Өвс бутны эзэд мину
Хан тэнгэр ааваас эхлэн
Хайрт их удган эх дараалан
Дээд тэнгэрээс эхлэн
Дэлхийн онгод сахиулсан эздийг
Дуудан урьж ирүүлээд
Өвөг дээдсийн сахиус болсон
Овоо онгод эздээс эхлэн
Өндөр богд мэргэд баатрын
Онгод сахиулсныг залж ирүүлэн
Өлмийд чинь мөргөж
Үнэт алдрыг чинь дурьдан… гэх мэтчилэн овооны тахилгын үг, сударт бөөгийн үеийн санаа, ухаарал шингээстэй байдаг.
Монгол оронд шарын шашин дэлгэрэхдээ бөө мөргөлийн зарим ойлголт, эрхэмлэл, зан үйлийг уламжлан авч, зарим тохиолдолд түүнийг улам баяжуулж, улам бүр шашны утга агуулга оруулж, хүмүүсийг өөртөө татах, шүтүүлж бишрүүлэх хэрэгсэл болгож ирсэн түүхтэй. Тийм  нэг шүтлэгийн хэрэгсэл нь овоо болсон байдаг. Овоо тахихдаа:
…Үнэртэний манлай арц хүжээ
Өргөлгө болгон тахиж
Алдрыг тань дурдаж
Ариун шүтээн болгон тахиж
Нэрийг тань дурьдаж
Нэг нэгээр тахиж мөргөн
Гурав гурваар сацаж
Гүйцэтгэл болгон тахиж
Арц хүж юугаа нэмэн шатааж
Ариутгал сайхнаар тахиж
Нутаг ус даяараа цугларан
Нийт олноороо тахилга хийж
Тус тус даган залбирч
Алдрыг тань дурьдаж
Алгаа хавсран мөргөмой! гэх зэргээр үгүүлдэг нь овоо тахилга шашинтай холбоотой болсны баримт мөн.
Шашин, төрийг хослох болсон үе, ялангуяа XIII зуунд, монголчуудын сэргэн мандлын үед төрийн тахилгатай овоо буюу хаад, язгууртны нэр хаяг, алдар хүндтэй холбоо бүхий олон овоо бий болсон байдаг.
Чингис хаан Бурхан Халдун уулыг тахидаг байсан нь түүхэнд тодорхой. Тэрчлэн Ван хаан Богд хан уулын Зүрх овоог тахидаг байсан мэдээ бий. Хожим эзэн хүнтэй, “тэрний энэний овоо” гэсэн овоо олноор бий болжээ. Жишээ нь Егүзэр хутагт Зотол хан уулаа тахидаг байсан тул тэр овоог Хутагтын овоо гэх нь бий.

                              Отгонтэнгэр уулП.Очирбат Ерөнхийлөгчийн 1995.05.16-ны өдрийн 110 тоот зарлиагаар Төрийн тахилгатай уул болгожээ.
Овоо нь шүтлэг бишрэл, ёс жаяг, тэрчлэн зэрэг зиндаатай холбогдоод ирэхээр дагалдаад зарим хорио цээрийн ойлголт бий болж, хүн бүр очдог, хүрдэг овоо, очдоггүй овоо, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд гардаггүй овоо зэрэг нь бий болжээ. Жишээ нь: Шилийн Богд, Алтан овоо зэрэг тусгай зан үйл бүхий овоонууд дээр эмэгтэй хүн гардаггүй. Төрийн тахилгатай овоон дээр бол бүр ч хориотой. (4)

                           Богд хайрхан уулП.Очирбат Ерөнхийлөгчийн 1995.05.16-ны өдрийн 110 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.
                           Бурхан халдун уул
П.Очирбат Ерөнхийлөгчийн 1995.05.16-ны өдрийн 110 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.

                                   Дарь овоо
Н.Багабанди Ерөнхийлөгчийн 2004.04.23-ны 57 тоот зарлигаар Төрийн тахилгатай уул болгожээ.

                                Алтан хөхий уулН.Багабанди Ерөнхийлөгчийн 2005.03.30-ны 44 тоот зарлигаар Төрийн тахилгатай уул болгожээ.

                           Суварга хайрхан  уулН.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2007.07.26-ны 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай уул болгожээ.

                                   Хан хөхий уулН.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2007.07.26-ны 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай уул болгожээ.

                                Сутай хан уулН.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2007.07.26-ны 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай уул болгожээ.
Одоо ч Монголд тиймэрхүү ёс дэг уламжлагдаж байгаа бөгөөд Богд хайрхан уул, Бурхан халдун уул, Отгон-тэнгэр уул, Дарь-гангын Дарь овоо, Алтан хөхий уул, Суварга хайрхан уул, Хан хөхий уул, Сутай хайрхан зэрэг төрийн тахилгатай уулнууд дээр зөвхөн эрчүүд  гардаг гэдэг “бичигдээгүй хууль” бий.
Хэдийгээр Монголд шашин, төрийг зааглаад нэгэн зуун шахам жил болж байгаа боловч эдүгээ цагийн төрийн зарим зүтгэлтэн шашины зан үйлд оролцох сонирхол тун ихтэй болоод байгаа.
Гэхдээ төрөөс уул усыг тахиж дээдлэхийг эрхэмлэж, тусгай зан үйл хийдэг нь монгол сэтгэхүйг хүндэтгэсэн, байгаль орчиноо хайрлах, хамгаалах санааг дээдэлсэн, газар нутгаа хайрлан, түүгээр омогшиж бахархдаг монгол үзлийг хамгаалж, дээдэлж буй хэрэг гэж ойлгогдох учиртай болов уу.
Орчин үед төрийн тахилга явуулахад шашны хүмүүс оролцож, уул усаа баясгах уншлага номоо үйлдэж, амьд амьтан, нохой, шувуу хооллох зэрэг үйлдэл хийдэг нь эртний уламжлалаа л дагаж сахиж буй явдал гэж ойлгогддог.

2. Овоо тахих зан, үйл
Овоог голцуу сүрлэг сайхан уулын орой, рашаан, булаг, том том гол мөрний эхэнд босгохоос гадна тал нутгийн сүр сүлдэр оршиж буй газар оронд босгох тохиолдол элбэгдүү. Голцож мод, чулуугаар босгодог бөгөөд ач холбогдол, утга агуулга, түүхэн уламжлал зэргээсээ хамаараад том, бага янз бүрийн  хэмжээ дамжаатай бургас, хусаар залам хийсэн, тэрчлэн шургааг модоор гол босгосон том овоо, аль эсвэл хашаа хороо барьж дөрвөлжилсөн хорго овоо, олон олноор нь зээглэн зэрэгцүүлж босгосон цуваа овоо зэрэг өөр өөр хэлбэр галбиртай овоо бий. Зарим овоо  нь ардын зан үйлтэй холбоотой ч үүссэн байдаг. Жишээ нь, том том даваан дээр босгосон овоод нь их бартааг туулснаа, халил өндөр дээр гарч уудам холыг харах бололцоотой болсноо, бас аз хийморьтой яваагаа гэх мэт олон зүйл, бодрол ухаарлыг шингээн бэлгэшээл, өргөмжлөл дээдлэлээ илэрхийлдэг газар нь болсон байдаг. Тийм газар заавал зогсож, овоондоо чулуу нэмэн “Овооны эх нь Танд, олзны их нь маньд” (5) гэх зэргээр ерөөл, бэлгэшээлт үг хэлэн, гурвантаа тойрох буюу өндөр биш даваа гүвээн дээрхи овооны дэргэдүүр яаруу сандруу яваа бол зүүн дөрөөгөө мултлан, ерөөл бэлгэшээлт үг хэлж, хүндэтгэн өнгөрдөг заншилтай. Ихэнхдээ “Хоржийла!” буюу “Өлзий хутаг орших болтугай!” гэдэг түвд үг, уншлага хэлэх нь бий.
Зарим газар гагцхүү даваан дээр ганц овоо босгох биш, даваа бүхий нурууг дагуулан олон овоо зээглэн босгодог ч уламжлал бий юм. Жишээ нь: Өлийн халзан давааны 13 овоо, Хатгины 13 овоо, Зотол ханы 13 овоо гэх мэт алдар цуутай овоонууд бий.

Шамбалын овоо
Далай ламын овоо

Хулдгар хуны овоо

Хийморийн овоо
Эрдэнэтийн овоо

Харуул овоо

Мөөм овоо
Төмөртийн овоо
Овоог тахидаг цаг хугацаатай, тахих ёс дэгтэй, оролцох хүмүүсийн зиндаа дэвтэй байдаг. Голцуу хавар, намар тахина. Өвөл тахих нь ховор. Ган гачигтай үед хур гуйж овоо тахих, өвөл өнтэй байлгахыг хүсэж сан тавьж, өргөл өргөх зэргээр улирал улиралд овоо тахидаг, тэгэхдээ тогтмол нэг хугацаанд тахиж, овооны найр, даншиг наадмаа хийж баярлаж цэнгэдэг ёсон бий болж, одоо ч мөн уламжлагдсаар байна.
Овоо тахих тусгай зан үйл бий. Юуны өмнө овоогоо засаж сэргээнэ. Овоон дээрээ нэмж мод хатгах, хадаг самбай уях зэргээр дүр төрхийг нь сайхан болгож, дөрвөн талд нь сан тавих тавиур чулуу бэлтгэх буюу хуучныг засаж янзална. Гол зочин овооны баруун хойд талд суух учиртай.
Тахилгад оролцогсод овоонд өргөх хонины мах, архи дарс, бяслаг, ааруул, идээ сэлтийг авч ирнэ. Тахилга эхлэх үед овооны дэргэд гал түлж, идээ цагаа, архи, айрагныхаа дээжийг овоондоо өргөж, мялаалга үйлддэг.
Дөрвөн талд нь арцаар сан тавина. Сангийн тавиурыг нь гурав гурван чулуугаар өрж, гурван хэсэгт нийт 9 чулуу тавина.
Хэрвээ бөө, удган нар оролцож байгаа бол тэд эхлэн бөөлөх бөгөөд лам нар оролцож байгаа бол тэд ном уншина. Тэрхүү ёслол дууссаны дараа тахилгад оролцогсод идээ цагаагаа хувааж хүртээд үлдсэнийг нь овоондоо өргөнө.
Овоо болгоны зорилго чиглэл харилцан адилгүй байдаг. Тийм ч учраас тахих шүтэх, утга агуулга оноох нь ч өөр өөр. Монголд “хүүхдийн овоо” нэртэй, тийм ч их өндөр бус газар босгосон овоонууд байдаг. Цээртэй газар хүүхдийг очуулахгүй өөрийнх нь овоон дээр гаргаж ёслол үйлдүүлэх, тэгснээр багаас нь зан үйлээ мэддэг болгодог арга юм.
Нутгийн зааг хилийн овоог хоёр  талаас оролцон хамтран тахиж, эв найртай байгаагаа илтгэх нь бий.
Рашаан усны овоог сувилуулж байгаа хүмүүс байнга эргэн, идээ будаа тавих, залбирах шүтэхээс гадна бас илжирч муудах, хорхой шавьж шавах, бохир муухай болохоос сэргийлж цэвэрлэх, буурь сэлгэх ч уламжлал бий.
Цээртэй газар, тухайлбал чоно араатан ихтэй, аянга аюул бүхий ч юмуу догшин газар, тухайн орчин орны лус, савдаг, эздийг номхруулсан юмуу өршөөл эвээл гуйсан утга агуулгатай овоо босгож, тусгай дэг ёсыг баримтлан тахих, шүтэх ёс бий.
Зам гудас аянчин, жинчний босгосон, замын тэмдэглэлээ болгосон овоо ч бас бий. Тэр нь буух, үдлэх, амрах тохиромжит газар болж хэвшдэгээс гадна бас замын саад, бэрхшээл, аюул ослыг болгоомжлуулсан, мэдээлсэн үүрэгтэй ч байх нь бий.
Ардчилал хэвшиж буй эдүгээ үед зарим хүн хуучин нэр цуутай овоонд хүндэтгэл үзүүлэх, тэр байтугаа өөрийн овоог босгох тохиолдол гарах болсон. Жишээ нь, дархан аврага, хөдөлмөрийн баатар Б. Бат-Эрдэнэ аавынхаа төрсөн нутаг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт буй Архүйтэн нуурын хойдтоо хэсэг бөх нөхдийн хамт овоо босгосон нь Аваргын овоо гэж нэршиж байгаа ажээ. 
Ийнхүү монголчууд түүхэн урт удаан хугацаанд уламжилж өвлөж, хөгжүүлж өөрчилж, тухайн цаг үе, аж амьдралынхаа хэвшилтэй уялдуулж утга агуулга оруулж ирсэн нэг соёл нь овоо, овооны тахилга, түүнтэй холбоотой зан үйл юм.
Овоог тахиж шүтэх нь зөвхөн шашны утга агуулгатай төдийгүй байгалиа хайрлаж хамгаалах, нутаг орноороо бахархах, үүх түүхээ сэргээн уламжлах, утга санааг өвлүүлэх зэрэг зан үйл, нийгэм-ухаарлын томоохон ач холбогдол бүхий юм. (6)
2010. 
Ашигласан зохиол бүтээл
1. Л. Түдэв. Монгол дохио. УБ.2000.
2. Монгол зүйр цэцэн үг. Дэд дэвтэр. УБ. 2002.
3. БНМАУ-ын орны угсаатны зүй. Боть I. УБ.1987
4. А. Пунсаг. Монгол хорио цээр. УБ. 1999.
5. Г. Аким. Монгол зүйр цэцэн үгийн товч тайлбар толь. УБ. 2001.
6. Л. Дашням. Хүнлиг соёл иргэншил. УБ. 2003.

No comments:

Post a Comment