2/06/2012

Гал тахилга...

Гал, гал голомт.
Гал гэдэг бол бүх амьд амьтны эх үүсвэр юм. Дэлхий өөрөө нар гэж асар том галыг тойрон эргэж амьдралыг цогцлоон бүрэлдүүлдэг. Хүн төрөлхтөн галын тусламжтайгаар багаж зэвсэгээ хийж айх аюулгүй хахир хүйтэн өвлийг давж галыг дээдэлж галыг шүтэж өдийг хүртэл ирсэн. Үүнээс үзхэд нар төвтэй орчлон ертөнц, гал төвтэй айл гэр гэсэн ойлголт бий болж байна.
Хүний амьдрал галгүйгээр оршин тогтнох нөхцөл байхгүй юм. Нүүдэлчин монголчуудын хувьд галыг шүтэж түүнийг тахиж ирсэн өнө эртний уламжлалтай ард түмэн. Монголын нутагт байсан эртний төрт улс хүннү нар жилд гурван удаа тахилга тайллага хийдэг байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Түүнээс өмнө овог аймгаараа гал голомтоо бадрааж тэр гал голомтыг тойрон нэгдэж явсан эртний зан үйлийн уламжлалтай. Айл бүрийн ариун гал голомтоос эзэн төрийн гал голомт бүрэлддэг бөгөөд хаан хатан хоёрын гал голомтыг тойрсон нийт ард түмний гал голомтуудыг бүхэлд нь төрийн гал голомт хэмээн нэрлэдэг.
Монгол нутаг дээрх төрийн анхны гал голомт МЭӨ 209 онд эдүгээгийн Монгол Улсын Архангай аймгийн Хашаат сумын нутаг, Орхон голын хөшөө Цайдамд эхлэн бадарсан бол Сүмбэ, Их нирун, Түрэг, Уйгур, Хиргис, Монгол төрийн гал голомтууд цөм эдүгээгийн Монгол Улсын нутагт ээлжлэн бадарч байна.

Айл гэрийн гал голомт, тахилга.

Галыг ариусган тахих үйлийг эртнээс нааш бөө нар хийж ирсэн бөгөөд Бурхны шашин монголд нэвтэрсэнээс хойш лам нар эл үйлийг хийдэг болсон байна. /Бөө нарын хийдэг байсан уул тахилга гал тахилга лүүжин тавих гэх мэт үйлийг лам нар өөрийн шашиндаа авч хэрэглэсэн бөгөөд шарын бөө гэж мөн бий болгожээ./ лам бөө хоёрын гал тахилга нь тэмээ ямаа хоёр шиг зөрүүтэй бөгөөд хүрэх үйлчлэл зэрэг нь ялгаатай байдаг.
Галыг ариусган тахих нь бөөгийн ёсонд тухайн айлыг мөнх хөх тэнгэрт мэдүүлж, эцэг өвгөдийн буяныг дуудаж өршөөл ивээлдээ багтааж, айл гэрийг мандан бадраах бэлэгдэлтэй. Гал голомт нь сэвтэх хийгээд бузарлагдвал тухайн айл өвчин зовлонд нэрвэгдэж ажил үйлс нь бүтэхгүй хэрүүл тэмцлээр дүүрж өрх гэр өөдөлдөггүй. Гал голомт цэвэр ариун байвал өвчин зовлон холуур тойрч эд мөнгө хуран цугларч энх тунх амьдардаг. Өрх, гэр бүлийн өөдлөн дэвжих анхдагч эх сурвалж нь гал түүний дээш бадамлан асах дөл ажээ. Иймд айл гэрийн эзэгтэй /гал манах хүн/ нь галаа дээдлэн хүндэлж, ариун дагшин байлгах үүрэг хүлээдэг. Гал сайтай гэр бүлд хэр барагийн муу зүйлс халдаж чаддаггүй байна.
XIV зуунд Монголд аялаж явсан Францын иргэн Ви. Де. Рубрук тэмдэглэлдээ: “Хаан болон бөө нартай хол ойрын хүмүүс уулзахаар олноор ирнэ. Ямар ч тохиолдолд тэдгээр хүмүүсийг гэрийн үүдэнд байрлуулсан хоёр том ариусгах галын дундуур гаргаж байж сая дотогш оруулдаг байсан” талаар дурджээ. Өөрөөр хэлбэл гал нь нүдэнд харагдахгүй хий бузар зүйлсийг ариутгаж, айл гэрийг гэрэлтүүлж, ариусгадаг онцгой чанарыг өөртөө агуулдаг байна. Галын онго эзнийг “галайхан эх” гэж нэрийддэг. Гал тахилгын үеэр гэрийн эзний асаасан, гэргий хүний үлээж хөгжөөсөн галан дээр “галайхан эх” – ийг буулгаж идээ шүүс, торго дурдан зэргийг галдаа өргөн, гал голомтондоо мөргөж хүссэн сансан зүйлсээ тэнгэрт мэдүүлж буян хишгээ дууддаг байна. Энэ үйлийг галын тэнгэрт шүтэгч бөө нар удирдан явуулдаг.
Гал голомтоо залгаж төрсөн, орон гэрийг сахиж үлдэх хамгийн бага хүүг “Отгон хүү” гэж нэрлэдэг бөгөөд эцэг эхийн гал голомт отгон хүүд шилжин дамжиж залгамж шинжтэйгээр мөхөшгүй үргэлжилдэг.

Эцэг өвгөд маань гал сайтай айлтай ураг төрөл болж гал голомтоо мануулдаг нь их учиртай. Гал сайтай айл гэр өөдлөн дэвшиж галаа сайн манаж чадсан эхнэрийн үр хүүхэд өвчин зовлонгүй сайн хүн болон төлөвшдөг билээ. Галаа манана гэж зүгээр галаа түлээд байх бус цаана маш олон эрдмийг агуулж байдаг. Галыг монголчууд эрхэмлэн дээдэлдэг нь олон учир шалтгаантай юмаа.

No comments:

Post a Comment