3/06/2012

Монгол бөө мөргөлийн аман яруу найргийн тухай...


Онгод[1]  цалиг[2]ийн үг хэллэг нь бөө мөргөлийн аман яруу найргийн бүхий л төрөлтэй нягт холбоотой болохын учир бүхэл тогтолцоонд  нь авч үзэхийг зорьсон юм.
     Тогтолцоо  нь :
               1. Бөөгийн  онгодоо урих хүсэл, хүсэл нь: дуудлага, дурдлага, магтаал гурав;
               2. Бөөгийн онгод оруулах учрал, энэ нь: урилга, түрлэг, айлтгал гурав;                 
               3. Онгодод мэдүүлэх учир мэдүүлэг нь: өчиг, бөө залаалах шахан[3], цалиг амилуулал    
               4. Өглөг үүнд: зүхэл, нэхэл, тамлага гурав;
             5. Бөө мөргөлтөн, бөөгийн биед орсон онгодын уулзалт энэ нь: айлдал, залбирал, мөргөл гурав; 6. Сүсэгтний авлага: гуйлга, даатгал, даллага гурав;
               7. Сэтгэлийн ханал: хүльцэл, ерөөл, ажаарал гурав.

    1. Дуудлага: Тэнгэр[4], буумал[5], онгод, лус[6], эзэд[7] тэргүүтний орон байр, орчил, ахуй, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгааныг тоочин, нэр нэлдэр, цол цолдрыг нь гарах угаас нь алдаршуулан дуудаж, хий бие хийсгэлэн дүрийг нь залж бие сэтгэлдээ оршоож дэгдээх үйлдэлтэй бөөгийн аман яруу найрагийн төрөл зүйл бол бөөгийн дуудлага. Агуулагын хувьд ерөнхий ухагдахуун. Дуудлагыг зориулалтаар нь Тэнгэрийн дуудлага, Буумалын дуудлага, Онгодын дуудлага, Лусын дуудлага, Эздийн дуудлага гэх мэтчилэн ангилахаас гадна Тэнгэрийн дуудлага гэхэд барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэрийн дуудлагыг өгүүлж болно. Дуудлагын жишээ болгож онгодын дуудлагыг үлгэрлэн үзүүлье. Бөө бүхний онгод өөр өөр тул “Бөө бөөгийн бөөлөх нь ондоо бөжин туулайн шогших нь ондоо” гэдэг. Энэ дуудлага бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх газарт сууж байсан буриад ястай Галзууд омогтой Цэрэн заариныг  1990онд бөөлсөн бөөллөгийн бичлэг юм.                                                         

Онгодын дуудлага :
    Өндөр сайхан Зүтгэлийн
    Цагаан даваанд суудалтай
     Нарийн сайхан Шандалийг
     Наадамлаж буусан
    Таван нарсанд хонологотой
    Тага мичинд дэгдлэгтэй
    Долоон хусан гүйдэлтэй
    Догшин мичид дэгдлэгтэй
    Гавруугийн хүүхэн
    Хөлхнөгийн эхнэр
    Галчуу түргэн толмооч[8] минь
    Наана hайхан дуулагты

    Бөөгийн дуудлагыг илтгэсэн буриад заншилт үг хэллэг бол: наана hайхан дуулагты! гэсэн үг хэллэг. Үгчилбэл: Мо.bnaru soiyiqan sonusug tun!  инару сайхан сонсогтун!  Утгачилбал: сонсон соёрхож чагнагтун! хэмээн шүтээний сонорыг мялаан хүндэтгэлтэйеэ сонордуулдаг. Ийн дуудаж сонордуулдаг наана hайхан дуулагты! хэмээх заншилт хэвшмэл хэллэгийг дуудлага болгонд түгээмэл хэрэглэдэг.         Онгодын дуудлагын онцлог бол онгод хэмээх хий биетэй, хийсгэлэн дүртэй сүнсний суудал, буудал, хонолго, дэгдлэг, гүйдлийг тодорхой өгүүлж ямар бөө, удганы сүнс болохыг нэрлэн заасан бөө мөргөлийн яруу найраг байдаг.
    2. Дурдлага:  Өргөл хүндлэл, тахил тавиг, хөрөг цалиг, хэрэг үйлс тэргүүтний байрлалын дэс дараалал, учир шалтгааны хэлхээс, эд ангийн бүрдэл, хэрэг үйлсийг ширхэчилэн тоочиж, зэрэгцүүлэн холбож өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйлийн нэг бөөгийн дурдлага.  Дурдлагыг зориулалтаар нь: Тахил тавилгийн дурдлага[9], өргөл амласан дурдлага[10], хөрөг цалигийн дурдлага, хэрэг үйлсийн  дурдлага[11] гэх мэтээр ангилж болно. Дурдлагын жишээ болгож хөрөг цалигийн  дурдлагыг үлгэрлэн үзүүлье. Энэ  дурдлага бол Б. Ринчен докторын хэвлүүлсэн бөө мөргөлийн материалд байдаг Авгалдайн дуудлага доторх Авгалдайн онгодын хөрөг цалигийн дурдлага юм.

Хөрөг цалигийн дурдлага:
    Хөх лүнтэй модон хөрөгтэй
    Хөх лусан хаан гарвалтай
    Гутаар Тэнгэрийн хөвгүүн
    Гуулин хааны хүргэн
    Гил хар Гиргилдэй
     Гингүүн хар Авгалдай
    Умдагтаа хүрэм сахалтай
    Өвдөгтөө хүрэм сүүрилтэй[12]
    Сахалт баавай
    Дурдахад минь дуулаач
    Дуудахад минь ирээ!(1.356)

    Бөөгийн дурдлагыг илтгэсэн үг хэллэг бол бөө мөргөлийн үгийн сангийн судлалын судалгааны үнэт хэрэглэгдэхүүнийг олж авах зохистой төрөл зүйл нь юм. Хөрөг цалигийн  дурдлагаас гэхэд хөх лүнтэн[13] модон хөрөг, Хөх лусан хаан, Гутаар тэнгэр, Гуулин хаан, Гил хар Гиргэлдэй, Гингүү хар Авгалдай, Умдагт хүрэм сахал, өвдөгт хүрэм сүүрил гэх мэт цалиг шүтээний дүр дүрслэл, домог зүйн дүр, Тэнгэр, Лус, хүмүүний дүрслэл зэргийн үзэж болно.

    3.Магтаал: Тэнгэр, сахиус, онгод, эзэд, цалиг, хувцас, гал, тайлга шүүс тэргүүтний орон байр, орших орчил, ахуй байдал, бие, зарлиг, эрдэм үйлс, риди хувилгаан, бүтэц бүрэлдүүн хэрэг үйлс зэргийг нь учир зүйн гүн бясалгалаар цогцлоосон дүр дүрслэлийг баясгалант шүлэглэлээр хүний сэтгэлд зохист тааламжтай уран сайхнаар дүрсэлж өгүүлсэн аман яруу найргийн төрөл зүйл бол бөө мөргөлийн магтаал. Магтаалыг зориулалтаар нь тэнгэрийн магтаал, сахиусны магтаал. Онгодын магтаал, эзний магтаал, цалигийн магтаал, хувцасны магтаал,  галын магтаал, тайлга шүүсний магтаал гэх мэтчилэн ангилж болно. Магтаалын жишээ болгож хорчин бөөгийн алаг дээлийн магтаалыг толилуулъя. Бөөгийн дээл хувцас бол цалиг шүтээнийг бүрэн агуулсан бэлгэдлийн дэлгэр утгатай билээ.

 Алаг дээлийн магтаал:
    Хүр хорхойн хивээстэй
    Хөх торгон эмжээртэй
    Хий жаврын хөлөгтэй
    Хөрөнгийн эх дээл минь
    Жимсийн навчин зүйдэлтэй
    Зүрхэн улаан чимхээртэй.
    Жавар хийн хөгжөгтэй
    Захын эх дээл минь
    Уран эмийн ухаанаар
    Угалз тааруулсан дээл минь
    Удган эмийн цавуургаас
    Үлгэр авсан дээл минь(31.574-575)

    Магтаалын үг хэллэг нь домог зүйн дүрийг илтгэсэн байх бөгөөд түүнийг магтсан магтаал, онгодын дүр дүрслэлийг магтсан магтаал, хувцас чимгийн үзэмж, зоог шүүсний бүтэц бүрдлийг магтсан магтаал зэрэг болно. Магтаалын заншилт тогтсон үг хэллэг нь жишээлбэл амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэхэд сүсэгтэн олон түмэн бөө удгадаас аврал эрж мөргөхдөө зүйл зүйлийн гөрөөсний  элдсэн арьс барьж мөргөдөг байж, тэдгээрийг зоолж зүйгээд амьтай хэмээх дээл оёулж өмсдөг тул амьтан түмний бүтээсэн алаг эрээн амьтай гэдэг ажээ.  Амьтан гэсэн нь амь биеэрээ өргөл болсон байгалийн хишиг; түмний гэсэн нь зон олны; бүтээсэн гэсэн нь өргөл болгон барьсан; алаг эрээн гэсэн нь төрөл бүрийн гөрөөсний янз янзаар алаглаж зоолсон сортой арьс; амьтай гэсэн нь харийн бөөгийн өмсгөл дээлийн буриад монгол нэр.

    4.Урилга: Сүнс, онгодын суудал, буудал, дэгдлэг дамжлага, гүйдэл, орноос нь хэц тойвуур[14], бардаг[15], орво[16], урам[17], хонх[18], холбого[19], сорви[20], минаа[21], жашуур[22], элдэв дуу чимээгэр дуудаж залаад хий бие, хийсгэлэн дүрийг нь биедээ оршоож дэгдээх хийгээд онгод цалигт шингээх үйлдэлтэй аман яруу найргийн төрөл зүйл нь бөөгийн урилга. Урилгыг зориулалтаар нь сэрээсэн урилга, далласан урилга, урьсан заллага, дуудсан заллага гэж  ангилж болно. Цаган-Овоо сумын Ш. Дарийм удганы 1991онд бөөлсөн бөөлөөний урилгын хэсгийг жишээ болгон үзүүлье.              

    Өдөрчийн газраас
    Өл хоолгүй хөлөглөдөг
     Үүлэн хоёр хөхийг
     Хурдатгаж уринам
    Урилганд минь буугтуй!
    Угталганд минь морилогтуй! хэмээн (11.35)сорвиныхоо харших дуу чимээг сонсгон дуурсгаж, урилгандаа оруулан дуудаж урилгандамни буугты, угталгандамни морилогты! гэж урьж байна.

    5.Түрлэг: Бөөгийн ёслолд оролцсон сүсэгтэн олон хийгээд бөө өөрөө болон түшээ нараас уухайлан хөгжөөсөн тэнгэр, сахиус, буумал, онгод, эзэд, лусын дуудлага, дурдлага, магтаал, урилганд хүч нэмж, олон хоолойгоор түрхрэн түрж дэгжээсэн олон төрлийн ая дангатай, тогтмол аялга үг бүхий хэвшмэл хэлхэц түрлэг гэж нэртэй. Мөн онгод орж ирэхдээ өөр өөрийнхөө тогтсон түрлэгийг уулгалан түрсээр орж ирдэг.
 
 Уухайлсан түрлэг:
    Ээ-ээ-хө, бай-дөө, өө-ээ
    Аа-аа-яа-ла ёо-гой минеэ-гөө(11.32)
    Аа-хай ёо-хой минеэ-гөө
    Аа –еө бай-дөө минеэ-гөө(1.265)
    Уулгалсан түрлэг
    Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!
    Дэгээлдээни, дэгээлдээни, дэгээлдээми хөө!(32.237)
    Түрлэгийн үг хэллэгийн онцлог нь олон төрлийн ая данга бүхий хоолойн хугалган[23] хийгээд амны аялганаар[24] бүтсэн хэмнэлтэй байдаг.

    6.Айлтгал: Онгод, буумал, эздэд хандан дээдлэн харьцаж, хүндэтгэлтэйгээр өгүүлэн, амар мэндийг нь асууж, биеэ танилцуулан,хийх гэж байгаа хэрэг,зорьсон зоригоо мэдүүлж илтгэсэн бөө, түшээ нарын шүлэглэсэн айлтгал хэмээх аман яруу найргийн төрөл зүйл. Айлтгал нь зориулалтаараа амрын айлтгал, биеийн айлтгал, зоригийн айлтгал, хэргийн айлтгал гэх мэт буй.
    Амрын айлтгал
Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр Онгод сахиусны  авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа. өндөртөө Та бүхэн амгалан уу?(28.12)                                                               
   Бөөгийн айлтгалын үг хэллэгийг амрын айлтгалаар жишээлж үзүүлбэл:
    Мэнд ээ! Орон дэлхийн өргөмжөөр онгод сахиусны авралаар өлгөндөө бид амар мэнд байна аа! Өндөртөө Та бүхэн амгалан уу? (28.12) гэж онгодын амар амгаланг айлтгаж асуудаг. Орон дэлхийн өргөмж хэмээх бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун юм. Огторгуйд  хурсан үүл, орчлонд буусан хур, дэлхийд ургасан шим, дэлэнд хурсан сүү бол орон дэлхийн буюу этүгэн эхийн өргөмж билээ. Онгод сахиусны аврал хэмээх бас бөө мөргөлийн гүн ухааны ухагдахуун. Онгод сахиус орчлонгийн хамаг бүхнийг аварч амилуулж амьдруулж байдаг гэж үздэг. Өлгөн хэмээгч нь өлгий сайхан эх орон. Өндөр хэмээгч нь тэнгэрийн орон.

    7.Өчиг: Бөөгийн хийгээд төрт ёсны тайлга тахилга, сацал мялаалга, ухияалгын зан үйлийн зоригийг тэнгэр, сахиусанд хандан адислуулахаар сонордуулан тунхааж, өндөр дуугаар уянгалуулан дуудаж өгүүлдэг бөө мөргөлийн яруу найргийн нэгэн төрөл зүйл бол өчиг юм. Өчгийг зориулалтаар нь сүлдийн өчиг,голомтын өчиг, мялаангуудын өчиг, даатгалын өчиг, гэх мэтээр ангилж болно.

Мялаангуудын өчиг:
    Эсгийгээр эсгэж хийсэн өргөө чинь
    Эвдэршгүй бат болтугай
    Эрхин сайн төрийн хаан хатан хамаг улс,
    Эгэл хутгийг энх эсэн ийн жаран заяан атугай.
    Эгүүрд явах эрдэмтэн сайд энд хурж
    Эрхүй есөн хүсэл төгсөөр бүтэж
    Эрхт насыг батад үүсгэж
    Эрхин сайн энх жаргаланг
    Хаан хатан хамаг улсад
    Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай!(27.74-75)

    Өчгийн үг хэллэг: Эгэл хутаг энх эсэн ийн жарган заяан атугай хэмээх заншилт хэлц хэллэг өчиг бүхэнд голдуу гардаг

    8.Шахан: Шинээр залаалж бөө болж байгаа буюу цагааны угаа барьж бариач болж байгаа бөөлид, удгад, бариач нарын Эрлэн хаанд сонсгож,эх дэлхийгээр гэрчлүүүлэн, андгай тангараг тавьж тэнгэр сахиусанд өргөсөн андгай шахаа шүлгийг бөөгийн аман яруу найргийн  төрөл зүйл болгон үздэг. Шаханг зориулалтаар нь андгай шахан, шахаа шахан гэж ангилна.
    Шахаа шахан
    За ! энэ байгаад
    Хэлсэн шаханг минь
    Эрлэн хаан дуулаг
     Этүгэн дэлхий эх гэрчилэг!
    Энэ хэлсэн шахангаасаа
    Алс авирласан бол
    Гишгиж байгаа хөлөө
    Алдаж гишгэсэн бол
    Амь нас минь барагдаг
    Үүд минь хаагдаг
    Өрх минь бөглөрөг
    Гал минь унтраг
    Гадас минь хугараг.(12.165)

    Шахангийн үг хэллэг: Эрлэн хаан дуулаг, этүгэн дэлхий эх гэрчлэг хэмээх андгай тангаргийн үг хэллэг.  Эрлэг Номун хаан андгай тангаргийг нь сонссон тул амны шахаанд орж байгаа юм. Этүгэн эх дэлхий  дээр гишгэж хорвоогийн тоос хөдөлгөж байгаа болохоор хийсэн  хөдөлсөн үйл үйлдэл  бүхнийг нь эх дэлхий гэрчлэх тул  үйлсийн шахаанд орж байгаа юм. Аливаа амьтны бие махбод, эрдэм үйлс, үйл хөдлөл, бүхэл амьдрал нь эх дэлхийдээ шингэж, гэрчлэгдэж хоцордог.

    9.Амилуулал: Бөө мөргөлийн зан үйлэнд цалиг шүтээнийг амилуулж босгох ёс байдагчилан уул зан үйлтэй холбогдсон үг хэллэг дуудлага дурдлага нь бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл болон уламжилсаар арвин сан хөмрөгийг бүрдүүлжээ. Амилууллыг зориулалтаар нь цалигийн амилал, дүнгэрийн амилал[25], золигийн амилал[26] гэх мэтээр ангилж болно.

    Цалигийн амилал:
    Хүрэл онгод амилав
    Хүртэж оршиж эхлэв
    Олон онгод оволзов
    Оршиж хүртэж эхлэв
     Шөнө дөл болов
    Сүнс сахиус ирэв
    Ширэм хүрэл шүтээн
    Шуугиж үймж эхлэв.
    Агаар гэрээс залж байна
    Алтан хаалганд дурдаж байна
    Огторгуйгаас урьж байна
    Онгойх үүдэнд залж байна
    Согтуу миний гадуур
    Суунаг татан хүрээл!
    Суурь байрын орондоо
    Суун суун амил!(361.548-550)

    Амилуулын үг хэллэг: ширэм хүрэл шүтээн шуугиж үймж эхлэв. Утгачлан тайлбарлавал, энэ нь ямар нэгэн эд өлгийн зүйлд сүнс сүлд, онгод шингэн амь оруулан босгож байгаа хэрэг билээ.(3.82)

    10.Зүхэл: Тайлгын хонь, ямаа, адуу тэргүүтний сүнсийг зүхэн дэгдээдэг бөө мөргөлийн яруу найргийн зүхэл хэмээх төрөл зүйл. Тэнгэрийн ноёдын үүдэнд тэвхэр цагаан чанар үйлдэхээр дэрвэлэг, зул,тахил, хавчуулга , тэвш, сур шор тэргүүтнийг бэлтгэн засаж ариун цагаан хишиг авч уримой гэсэн өчил; гурван жил нөөсөн гунан халзан хонь чамайг төөрөг амсуулан улаан голын чинь цусаар үүлэн амьтайгаа амилуулан,алтан ялтсаа мялааж ахих чанараа амилан эзэн гарвалын үүдэнд идэш болгон зориулав гэсэн амлалт, өөг, цагаан өрийг чинь өрлүүлнэ, цээл цагаан өрцийг чинь цоолуулна, утсан улаан голыг чинь таслуулна гэсэн зүхэл;өнцөг сайт тэвш, ир сайт хутга,иш сайт шанага, ацтай шор мод талбии байж залбирмой гэсэн айлтгал; Хан гарвалын үүдэнд хүнс болон зорилоо чи гэсэн хагацал; эрэмдэг зэрэмдэг болговол эрхэлсэн хүмүүсийн мах цусаар төрүүлнэ гэсэн андгай хэсгээс тайлгын зүхэл бүрддэг. Зүхлийг зориулалтаар нь тайлагын зүхэл, угаадасны зүхэл гэж хоёр зүйл одоогоор олдоод байна. Ерийн үед хүн рүү хуруугаараа чичилж заахыг цээрлэдэг нь энэ зүхлийн зан үйлтэй холбоотой учраас тэр юм.

    11.Нэхэл: Бөөгийн онгод биед нь[27] орж ирэх үесэд мэндчилсний дараагаар бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл болох онгодын нэхэл үг орж ирдэг.(3.45)                                                                                                                                   Онгодын нэхэл үг гь цай, зоог, сархад,тамхи,айраг, тараг, талх тэргүүтнийг тогтсон төлөөлөл үгээр нэрлэж шүлэглэсэн бөө мөргөлийн нэгэн төрөл зүйл, бас амь насны авилгач нэхлийн тамлагын зүйл байдаг.

     Эгээрлийн нэхэл
    Ханилах ч юм минь
    Хатан харын дээж билээ
    Түүний үгүй болбол
    Бяруу тань бужуураг
    Хонь тань хатайртаг
    Даага тань сахуураг!
    Түүнийг байгаа болбол
    Талтай малтай бария аа!(32.212)

    Нэхлийн үг хэллэгийн жишээ  нь архийг хатан харын дээж, хэтуу харын дээж, амтат бараан, хатан бараан,(3.46) хатан хар, хажтай танхын хариулга; цайг аагтай шаргал, чандага шавардмад шанага гозоймоор шар улаан, (3.46)байгаали улаан, уургийн улаан; тамхийг мэндийн улаан (шар), галзуу улаан, Тайван хааны ногоон, (3.46) багваас, морины годон алчуурт; тагштай архин дахь шороог булгийн усан унд минь, бутын шороон дамбар минь (нялбаг минь).

    12. Тамлага: Бөөгийн биед орсон онгод нартын оронд хүн байх үедээ тамлуулж зовж шаналж тарчилж байсан үеэ дурсан домоглосон шүлэг найраг, бас уг шагийн онгодын энэлэл шаналалыг давсан ид хавыг өгүүлэн, тэрслэх дайсантай тэмцэж тулалдаж, идэлцэж, ав шижийг нь ялан дийлсэн хав бахадлыг дурсан өгүүлсэн онгодын хэллэгийг илтгэсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл. Тамлагыг зориулалтаар нь тарчилсан тамлага, хавархсан тамлага[28] гэж ангилж болно.

Тарчилсан тамлага:
    Ээж юуны бийд
    Эрх тайж гүүллээ.
    Ээж юунаасаа хойш
    Охин чөтгөр гүүллээ.
    Эсэргэнэ тахалд
    Өвдөн ядан хэвтсэн
    Ёолох хайран бие минь
    Ёололгондоо халагласан
    Ёс мэдэх бөөцүүл
    Нэхэлдэж ядсан. (32.185)

    Тамлагийн үг хэллэг: ёолох хайран бие минь ёололгондоо халагласан гэх мэт онгод нь тарчилж тамлагдаж нарийн сүвээгээрээ нар харж гурван сүвэгч шөрмөс авч хатаж зовж бөө болдог (32.258) байсан гэх мэтээр өгүүлдэг. Тамлал тарчлал, зовлон зүдгүүр хэмээх ухагдахуун, ойлголт бол мөргөл хийгээд шашны ухааны үндсэн ойлголт юм.

    13.Айлдал: Бөөгийн биед онгод ороод нартын орны хүмүүстэй харилцан амрыг нь эрж, хийсэн хэрэг зорьсон зоригийг нь бүтээж өгөхөө амалж, айлтгалыг  нь цоо хэлж, чухам донгодож өгүүлсэн бөө мөргөлийн яруу найргийн төрөл зүйл айлдал. Айлдал зориулалтаараа залбирлын айлдал, мөргөлийн айлдал, гуйлгын айлдал гэж байдаг.

Мөргөлийн айлдал:
    Үли тэли зөв!
     Би үхээрийн тань үүдэнд
    Өл хөх тэхийг тань хүргэлцэж
    Өвчин үйлээс тань мулталж
    Үхлийг тань эзний гараас тавиулъя.(32.227-228)

    Энэ айлдалын хэвшмэл буриад заншилт үг хэллэгийн сонгомол гэвэл: Үли тэли зөв! (32.238) гэсэн зөвшөөрсөн баймжит үг хэллэг. Утга нь : Тун зөв зүйтэй гэж хэлсэн онгодын үг. Монголын нууц товчооны зүйлд Чингис хаан Жэ тэли! гэж хэлсэн байдаг тул дундад эртний монгол хэлний дурсгалд тэмдэглэгдэн үлджээ.

    14.Залбирал: Хэн нэгэн ядарсан зүдэрсэн өвдсөн зовсон нэгийг юмуу эсвэл нэгэн айл гэрийнхнийг наран, саран, одон гариг, онгод тэнгэр, нявдаг савдгууд зэрэг бүх л шүтээндээ мэдүүлэн авралдаа багтаахыг гуйн залбирдаг монгол бөө мөргөлийн аман яруу найргийн бие даасан онцлог бүхий бас нэгэн төрөл зүйл бол залбирал юм (3.105-106). Залбирлыг зориулалтаар нь мөргөл залбирал, гуйлга залбирал гэж ангилна.

Гуйлга залбирал:
    Нартын орны таны үр сад
    Надаар дамжуулан асуулгаж
    Арга юугаа гуйж байна
    Ачлал тусыг хүсэж байна.
    шоог! шоог! шоог! (6.72)

    Залбирлын үг хэллэг нь: Арга юугаа гуйж байна, ачлал тусыг хүсэж байна гэж хэлдэг заншилт залбирлын үг хэллэг Д. Бямбадорж зайрны дуудлаганд гардаг. (6.72) Бас Заяа гуйж залбирнам ерөөл гуйж үгэлнэм гэж Ч.Цэрэн зайрны дуудлагад(1.288) гардаг.

    15.Мөргөл: Тэнгэр, сахиус, буумал, эзэд, онгоднарт тахил тайлга, хүндлэл өргөн, түүнийгээ айлтган мэдүүлж, өвдөг сөгдөн, хоёр гараа магнайдаа хүргэн, малгай бүсгүй толгойгоо бөхийлгөн мөргөж, хишиг буян, насан хутаг гуйсан аман яруу найргийн төрөл зүйл бол бөөгийн мөргөл. Мөргөл нь зориулалтаараа өргөл мөргөл, гуйлга мөргөл гэж байна.

    Өргөл мөргөл:
    Хушуутыг холбож
    Хол ойрын гарвалыг урьж
    Хувь заяа гуйн мөргөв.
    Эрэлгэт гарвалын үүдэнд
    Эмнэг шаргал ямааг
    Есөн модон дэрвэлгээр живэрлэж
    Амь насны андалдаан
    Өргөл мөргөлийн эзэн мөргөв.(32.210-211)
   Өргөл мөргөлийн эзэн мөргөв гэсэн заншилт хэвшмэл хэллэгийг дэлгэрүүлэн тайлбарлавал: Өргөл мөргөл үйлдэж байгаа хүний өргөсөн тайлгын ямааг дуртгаад өргөл болгосон ямааны туруунд нь шар тос түрхэн тахалж, онгодын дүрс модны хөөгөөр зурсан цагаан цуудас бөс даавуугаар магнайвчилж хусны үйсээр үйлдсэн гурвалжин жижиг дагтай[29] хэмээх бортгонд цагаан тос хийж ямааны нуруунд хэлхсэн ба бас есөн хус мод дэрвэлэг[30] хэмээн зоож 77дагтай өлгөсөн, үен, солонго, хэрэм, гур, чандагын таван хошуут[31] хэмээн нэрлэдэг эдгээр амьтны туламлаж өвчсөн арьсыг өлгөсөн тахил тайлга мөргөлийг дурдлага болгон дурдатгаад амь насны золио болгон өргөл мөргөлийн эзэн тэр мөргөв гэж мөргөлийн дуудлага дууддаг.

     16.Гуйлга: Зам мөр нь хазайсан, заяа төөрөг нь буруулсан, өр авагад баригдсан, өвчин зовлонд нэрвэгдсэн, олз хишгийн үүд нь хаагдсан, хэл аманд орооцолдсон, хийморь цог нь доройтсон, хилс яланд унасан зэрэг хүний амьдралын элдэв гачаал хийгээд байгалийн ган гачиг, зуд турханыг олон сахиус онгод шүтээнд айлтган мэдүүлж гуйсан бөө мөргөлийн төрөл зүйл. Гуйлгыг зориулалтаар нь төөрөг заяаны гуйлга, элдэв гачаалтны гуйлга, хэл амыг хариулах гйлга гэж ангилав.

    Элдэв гачаалтны гуйлга
    Өр авлагыг барагдуулж хайрла.
    Өвчин зовлонгоос салгаж хайрла
    Хол явсанд хонжоо хайрла
    Ойр байгаад олз хишиг хайрла.(6.83)

    Гуйлгын үг хэллэг нь: тийм юмнаас тэгж хайрла! Ийм юмыг  ингэж хайрла! Үүнд энүүнийг хайрла!  Түүнд тэрүүнийг хайрла гэсэн асуултанд оногдох өр авлагыг нь барагдуулж хайрла үйл ажлыг нь бүтээж хайрла өвчин зовлонгоос салгаж хайрла гэх мэт.

    17. Даатгал: Тэнгэр, буумал, онгод, заяач, эзэд бие, айл өрхийн халуун амь, хотол чуулганаа өмөглөж хамгаалуулахаар даатгаж гуйн залбирч мөргөсөн бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Даатгал нь зориулалтаараа биеийн даатгал, халуун амины даатгал, хотол олны даатгал гэж байдаг.

Даатгалын үг хэллэг нь:
    Тоонон дээр минь эргэж
    Толио туяа татуулж
    Тотго дээр минь эргэж
    Зол заяа залгуулж
    Зовлон үйлийг минь мулталж хайрла гэх мэт.

    18. Даллага: Тэнгэр нарнаас малын хишиг, үр тарианы хишиг, идээ ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, үрийн хишиг, бэрийн хишиг, дээд сайн буян, өлзий хутаг, цог заль, сүр сүлдийн хишиг буян цог жавхланг хурайлж даллан дуудсан бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Монгол угсаатны бөө нэрийн ёслол тахилга, засал заллагын дотор түгээмэл тохиолддог зан үйлийн нэгэн бол даллагын ёс юм.(3.95)

Даллага зориулалтаараа буян хишгийн даллага, ид цог жавхлангийн даллага гэж байна.

    Ид цог жавхлангийн даллага:
    Улам дээшид бадрах цог заль
    Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд
    Улам элбэг болон арвидах мал идээ
    Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх.
    Хамаг хэрэг төрвөлгүй бүтээх сайн чадал
    Хамаг утас эндүүрэлгүй мэдэх мэргэн ухаан
    Хамаг үйлс зүдрэгүй бүтэх чийрэг бие
    Хамаг зохист хишгүүдийг ирүүлэн соёрх.
           Хурай, хурай, хурай.(30.31)

Даллагын үг хэллэг:
    Хишгүүдийг ирүүлэн соёрх
         Хурай, хурай, хурай гээд юуны хишиг болох харьяалахын тодотголыг өмнө нь хэлдэг.

    19. Хүльцэл: Өргөл хүндэтгэл дуудлага дурдлага үйлдэхдээ омтгойрч гоомойдсон буюу алдаж эндсэн, мэдэл чадал дутсан зүйл байвал уучилж өршөөн хүльцэж, зөвтгөж цэхлэж өгнө үү хэмээн бишрэнгүйгээр хандах хийгээд онгодын омог аяг аашийг тайтгаруулан номхруулах агуулгатай бөө мөргөлийн аман яруу найргийн хүльцэл хэмээх төрөл зүйл. Хүльцэл зориулалтаараа: осол цалгайн хүльцэл, номхруулгын хүльцэл гэж байдаг.

    Номхруулгын хүльцэл:
    Зүстийг зүглүүллээ
    Зүлдтнийг чиглүүллээ
    Зүлдэн дээрээ зүгшир
    Тахил дээрээ тайтгар(32.237)
    Ноён мэт номхон
    Хаан мэт халуунаар
    Тогтож айлдагтуй!(29.12)

    Хүльцэлийн сонгомол үг хэллэг:
    Зүлдэн дээрээ зүгшир                                                                                                                         
    Тахил дээрээ тайтгар(32.237)амьтны сүр сүлд, сүнс оршдог толгой хэл багалзуур хоолой төвөнх гуурсан хоолой уушиг зүрхийг зүлд хэмээн нэрлэж зүлдийг нь зүлдлэн тахил болгон тавиад догшин онгодын догширлыг номхтгож ийн хэмээн хүльцэл дууддаг.

    20. Ерөөл: Хэрэг үйлс бүтэмж, зориулсан зориг зохилоо гэсэн утгаар ерөөл дэвшүүлэх хийгээд онгод буцахдаа сайны ерөөл хэмээх төрөл зүйл бөө мөргөлийн яруу найрагт байдаг. Ерөөл нь зориулалтаараа сайны ерөөл, хотол баясгалангийн ерөөл гэж байна.

Хотол баясгалангийн ерөөл:
    Аль насан урт болон цог заяа бадраад
    Адуу мал эд эрдэнэс үлэмж дэлгэрээд
    Алдар нэр аугаа хүчин улам нэмээд
    Алив сайн хотол баясгаланг эдлэх болтугай
    Хүй хотлоороо цэнгэл баяслыг эзэлж
    Хамаг үл зорилдохын шалтгаан арилж
    Хотол даяар хэрүүл тэмцэл амирлаад
    Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай. (30.35) гэх мэт.

    21.  Ажаарал: Онгодын тахил тайлгын үед түгээмэл хэрэглэгдэх бөө мөргөлийн аман яруу найргийн өөр нэгэн төрөл зүйл бол бөөгийн онгодоо мордуулах буцаах үг хэллэг болно. Онгодын тайлгын туршид тухайн бөөгийн урин залдаг онгодууд дэс дараалал, зэрэг дэвээрээ ээлжлэн заларсны эцэст бөө онгодын тайлга өндөрлөж буйгаа илтгэх энэхүү тараах утгатай үг хэллэгийг өгүүлдэг ажээ(3.69)

Ажааруулах үг хэллэг:

    Хадан гэртээ харигтуй

    Бут гэртээ буцагтуй

    Огторгуйдаа дэгдэгтүй

    Орон нутагтаа буцагтуй (1.289)

    Онгон ордоо туулагтуй

    Орд лустаа шингэхтүй(15.94) гэх мэт.

    Дүгнэж хэлбэл бөө мөргөлийн аман яруу найргийн төрөл зүйлийн ангилал болох долоон зүйл, хорин нэгэн төрөл зүйл, жаран гурван анги бол монгол бөө мөргөлийн яруу найргийн дуудлагыг зүйлчилэн эмхтгэхэд хийгээд ер бөө мөргөлийн аман яруу найргын төрөл зүйлийг ангилан судлах судалгаанд нэгэн зүйлийн санал оруулж байгааг толилон соёрхоно уу!

              Ном зүй

1.      Арван гурван ноёдын дуун (Буриад ардын аман зохиолын цоморлиг)

Хэвлэлд бэлтгэж, удиртгал тайлбар үйлдсэн Ж. Цолоо, Г. Гантогтох. УБ.2007.

2.      Б. Батмөнх. Буриад зоны бөө мөргөлийн зан үйлийн товчоон  УБ. 2005. Х.43-49; 66-89.

3.      Д. Бум-Очир. Монгол бөөгийн зан үйл УБ. 2002. Х.45-75; 88-130.

4.      Г. Буянбат. Монгол бөөгийн шашны учир Хайлаар 1985 х. 4-23.

5.      Г. Буянбат. Монголчуудын модны шүтлэг Хайлаар 1990. Х. 60-92.

6.      Д. Бямбадорж. Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл УБ.2010. х.70-120.

7.      Галиндраа. Сөнидийн яруу шүтлэг Хөх 1997. Х.69-81.

8.      Г. Гантогтох. “Монголын нууц товчоо” –нд бөө мөргөлийн зан үйл туссан нь // Оюуны хэлхээ ЭШБ боть1. УБ  2005 х. 11-20.

9.      Г. Гантогтох. Бөө мөргөлийн ухияалын дуудлагын үг хэллэг // МУИС. МСХ Эрдэм шинжилгээний бичиг ¹7(117) УБ. 1996. Х. 162-170.

10.  Г. Гантогтох. Тайлгын хонь зүхэх бөө мөргөлийн үг хэллэг // МУИС. МСХ Эрдэм шинжилгээний бичиг ¹8(116) УБ. 1997. Х. 37-44.

11.  Г. Гантогтох.  Хясан тэнгэрт хуц тавих бөө мөргөлийн үг хэллэг // МУИС. МСХ Эрдэм шинжилгээний бичиг ¹10(122) УБ. 1997. Х. 27-47.

12.  Г. Гантогтох. Бөөгийн шахангийн үг хэллэг // МУИС. МСС Эрдэм шинжилгээний бичиг XIV боть УБ. 1999. Х. 165-169.

13.  Ч. Далай. Монголын бөө мөргөлийн түүх УБ. 2009. ч. 31-49; 74-102.

14.  Доржи Банзаров. Черная вера или шаманство у монголов СПБ. 1891 // Д. Банзаров. Собрание сочинений М., 1995.  С. 48-100; 254-277.

15.   С. Дулам. Дархад бөөгийн уламжлал УБ. 1992. Х.180-194.

16.  Ёнсог. Монгол шашин суртахууны тойм Хөх хот 1992. Х. 52-88; 109-142.

17.  Г.В. Ксенофонтов. Шаманизм избранные труды  Якутск 1992. С. 41-61. 69-93.

18.  И.А. Манжигеев. Бурятские шаманистические и дошаманистические термины М., 1978.

19.  Т.М. Михайлов. Бурятский шаманизм (история, структура, социальные функций) Новосибирск 1987.

20.  Намжилдорж. Ордосын зан үйлийн товч Хайлаар 1992 х. 253.

21.  Г.Д. Нацов. Материалы по истории и культуре бурят Улан-Үдэ 1995. С. 55-64. 65-120.

22.  Нямаа. Сүнс, онгод, шүтлэг. Хөх хот 1999. Х. 1-29; 220-262.

23.  А.А. Петров. Язык и духовная культура тунгусоязычных народов(Этнолингвистиеское проблемы) СББ. 1998. С.4-13; 17-28; 55-65.

24.  О. Пүрэв. Монгол бөөгийн шашин  УБ. 1999. Х. 99-108; 133-149; 176-168.

25.  Б. Ринчен. Дома духов у шаманов прикосоголья Будапешт 1962.

26.  Роберта Н. Амайон (франция) Традиционный сибирский шаманизм // Материалы международного научного симпозиума 20-26 июня 1996г. Улан-Үдэ, оз. Байкал. С. 123-129.

27.  Сайнжаргал, Шаралдай. Алтан ордоны тайлга Бээжин 1983.

28.  “Тэнгэрийн сүлдэр” монголын бөөгийн холбооны ‹‹Дуудлага, Дурдлагын гар бичмэл›› хэрэглэгдэхүүн ХН. 001.

29.  М.Н. Хангалов. Собрание сочинений том.1 Улан-Үдэ 1958. С. 458-482; 529-535.

30.  Хурцбаатар, Үзэмээ. Монгол бөө мөргөлийн тайлга тахилгын соёл Хайлаар 1991. Х. 113-153; 187-196.

31.  Хүрэлшаа, Бай-Цүй-Ин, Начин, Буянцуглаа. Хорчин бөө мөргөлийн судлал Бээжин 1998. Х. 63-66; 70-86; 224-230.

32.  Хүхэ мүнхэ тэнгэри сборник шаманских призываний  Улан-Үдэ 1996. С

33.  Ж. Цолоо. Захчин товчоон УБ. 2010 х. 153-228

34.  З. Эрдэнэбат. Мөнх тэнгэрийн хүчин дор УБ. 1998. Х. 40-68.


     Зүүлт тайлбар:
[1] Онгод 1.Онго хэмээх үндэснээс үүсэлтэй бөөгийн эзэд шүтээн, бас онгод гэнэ. 2. бөөгийн биед оршиж дэгдэх үйлдэлтэй элдэв сүнс, онго,эздүүд. 3. бөөгийн шүтээн, орой, элдэв тоногоо хадгалдаг хөвхөн хийгээд мухлаг тэрэг. 4. Элдэв дүрс бүхий цалиг шүтээнүүд 5. Сахиус шүтээн оршсон онгон ариун дагшин зүйлс.

[2] Цалиг Домгийн сэтгэлгээний бүтээгдэхүүн болох риди шид бүхий эд бодисын дүр:цалигонгод, зэл онгод, хөрөг онгод, дүрс онгод гэх мэт.

[3] Бөө залаалах шахан Шинээр бөөболж эхэлж буй бөө удганыг буриад монголчууд бөө залаалах гэж хэлдэг. Залаалсан бөө оргойдоо сөөм хоёр эвэртэй болдог. Андгай тангараг таьдаг зан үйлийг бөө залаалах шахан гэнэ.

[4] Тэнгэр Сүсэгтний шүтдэг хүний орчлонгоос дээр орших сахиулсан шүтээн буюу сахиулсны суудаг газар. Ерэн есөн тэнгэр Барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэр нар.

[5] Буумал Цахилгаан цагаан тэнгэрийн ниргэлгээр Алтан Бумбай уулнаа бууж амилсан хорчин бөөсийн (бөө нарын)сахиулсан шүтээн

[6] Лус Газар дэлхий, далай мөрөн, булаг тэргүүтнийг эзэгнэсэн нэгэн зүйн хүмүүн бус амьтны нэр. Дорнодын Цаглашгүй, Өрнөдийн Агуулагч, Өрнөдийн Хүчин төгс, Умрын Язгуур төгөлдөр, зүүн өмнөдийн Эдийг арвижуулагч, Баруун өмнөдийн Дун тэтгэгч, Баруун умардын Лянхуа, Зүүн умардын Усны тэнгэр хэмээх найман Лусын хаад байдаггэнэ.

[7] Эзэд Хамаг бүхнийг анги ангид нь эзэгнэн захирагч, даан тэтгэгч хийсвэр эзэн биес.

[8] Толмаач онгоны хэлмэрч, бөөгийн түшээ.

[9] Тахил тавигийн дурдлага
Байгаль улаан цайг
Баглайтал нь идээшүүлж
Бал бурам хоёроор сүлсэн
Цайн зориг өргөл
чихэр бурам чимээтэй
Тосон өнжиг зөөллөгтэй
Өрж таьсан идээн тахил.
Ариун сайхан шар тосоор
Асааж бадраан барихаар
Хялганан амийг нь ороосон
Зуун хөлт зул.

[10] Өргөл амласан дурдлага
Есөн алтан өндөгтэй
Гурван үүр мушгиж
Алт торгон хавчуулгатай
Халиу булган бэлэгтэй
Хамба торгон монцогтой
Дутуу дунд үгүй
Эргүүлгэн дөрвөн загалмайтай
Хусан модон ширээтэй
Хурган хонины шүүстэй дуудан
Илдж цагаан чанараа дурдан амалнам.

[11] Хэрэг үйлсийн  дурдлага
Амин байдлаа төвлөрүүлэхийн тулд
Амин насаа уртатгахын тулд
Алдар нэрээ бэхжүүлэхийн тулд
Адгуус малын худалдааны тулд
Аав хясан тэнгэрт
Албин улаан хуцыг
Ац найман туурайг нь тахалж
Аранга болд эврийг нь гялбалзуулж
Хан тэнгэрийн үүдэнд
Хадаг торгон толоогоор хөтлүүлж
Ханхлах алтан толоогоор хөтлүүлж
Ханхлах алтан жодоогоор ариулж хүргүүлнэм.(11.39)

[12] Сүүрил умдагт ургадаг үс. Эрт цагийн бэлгэ шүтээний заншил. Онгод цалигийн сүүрилийг минж булга, доргоны арьсаар жишилжин хэлбэртэй хайчилж цалигт дэлүүгээр наадаг юм.

[13] Лүнтэн Луугийн нүд хэмээх ургамлын үр.

[14]Хэц ″дайд дэлхийг бүрхсэн дайван хар хэц″ хэмээх дурдлагатай бөөгийн тал хэнгэрэг

[15] Тойвуур Буриад  бөөгийн хэцээ дэлддэг хусан модон дохиур

[16] Бардаг Буриад бөөгийн барьдаг ″Гурван голын сухай, гутаар загасны арьсан ширвүүлэгтэй сухай модон бардаг″ хэмээх дурдлагатай онго урьдаг ташуур

[17] Орво Дархад бөөгийн дүнгэр хэнгэргээ дэлгэж, төөрөг хаяж үздэг, онго урьдаг тоног хэрэгсэл.

[18] Урам  Гөрөөс, араатан тэргүүтэн  шүтээнийг урин залдаг зориулалттай хөндий цуур хөгжмийн зэмсэг.

[19] Холбого Бөөгийн хувцас тоног тэргүүтэнд хадсан хэлгүй хонхон хэлбэртэй гонзгой хомигор төмөр зүүсгэлүүд

[20] Сорви(hорби) ″Өдөрчийн газраас өл хоолгүй хөлөглөдөг үүлэн хоёр хөхий″ хэмээх дурдлагатай буриад бөөгийн морин толгойтой төмөр таяг.

[21] Минаа сухай модыг сураар сүлжиж ороогоод, хэл, товорцог, залам, ширвүүл, бариул, сагалдрага гаргасан сүлжмэл суран ташуур.

[22] Жашуур Хорчин бөөгийн хэнгэрэгийн цохиур.

[23] Хугалган Дотоод амьсгалын хүчээр хоолойн орны хийн хүрдийг эргүүлэн хоолойн цуурайлуураар гарах ая эгшиг, хөг

[24]Аялган Дотоод амьсгалын хүчийг задлан аман хөндийн орны хийн хүрдийг эргүүлэн амны хөндийн цуурайлуураар гарах ая эгшиг, хөг

[25] Дүнгэрийн амилал
Огторгуйн саарал сар шиг
Онгон буурал унаа болоорой
Унасан эзнээ баясгах
Омголон хүлэг болоорой
Сансарын орон туулахад
Сааталгүй юлган яваарай…
Эзэндээ ээлтэй яваарай
Есөн цуураа нэмж
Ерөөлтэй цариун гэгдээрэй
Ертөнцийн жаргалийг эдлүүлж
Эзнээ урт наслуулаарай.(15.162)

[26] Золигийн амилал
Үзэм улаан уруултай
Танан цагаан шүдтэй
Навчин хоёр чихтэй
Үхээр сүнс мөр тушаана.
Үзэх тутам бахармаар
Үзэлтэй ч хүн манай хүн
Амин золио зольё
Гүрэм тосыг тушаан өгье
Золиг ланчиг тушааж өгье
Гурван замын салбар дээр
Одоо танд хүргэв ээ.
Нэй хээ, нэй хээ, ай еэ хөө, хай-яа(31.624-629)

 [27] Онгодын нэхэл үг онгодын нэхэл хэмээх үг нь бас гуйгар үг гэдгээр байдгийг С. Дулам багш дуртган хэлсэн.

[28] Хавархсан тамлага
Мянган хүнд минаач болж
Махан хэлээрээ толмооч болж
Охины сайхныг бэдэрч
Өнгийн голыг эзэлж
Зуны дунд Ангарт мөс тогтоож
Азаргаар адуу хулгайлж тууж гарлайт.
Эрхүү хотод дуудагдаж
Автай оросын туршилганд орж
Далан чарга түлээ овоолуулж
Хавтгай чулуу улайсгуулж
Түүн дотор орж хатирч байхдаа
Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ
Автай оросыг гар дээрээ барьж
Ганзагандаа уяж байсан эрдэм тань тийм сэн билээ.(32.34-35).

[29] Дагтай Хус модны үйсийг хайш хайш 3см хэртэй гурвалжилж хайчлаад эвхэж хийсэн далан долоон ширхэг гурвалжин сац хэлбэртэй үйсэн бортого дотор нь цагаан тос хийж, дэрвэлэг хэмээх модонд утсаар хэлхэн уядаг өргөл хүндлэлийн тавиг.

[30]Дэрвэлэг Тэнгэр, сахиус, буумал эзэд, онгод, уг унгидаа тахил тайлга, хүндлэл тавиг өргөх зориулалт бүхий чимэг яндар зүүсэн хусан сүлд моднууд(ес, хорин долоо, жаран гурав, наян нэгэн дэрвэлэг)

[31] Биеийн даатгал
Гарах жилд минь гарзгүй
Орох жилд минь осолгүй
Он жилд мэнд сайн явахын минь төлөө
Тоонон дээр минь эргэж
Толио туяа татуулж
Тотго дээр минь эргэж
Зол заяа залгуулж
Зовлон үйлийг минь мулталж хайрла гэж
Заяа гуйж залбирнам
Ерөөл гуйж үгэлнэм.(1.285)
Халуун амины даатгал
Заяа гуйж залбирсан
Ерөөл гуйж мөргөсөн
Дөрвөн халуун амийг нь даатганам.
Хариас авсан эхнэрийнх нь
Ханчираас нь тасарсан
Хүнээс авсан гэргийнх нь
Хүйснээс нь цоорсон
Цул махыг нь цуулж гарсан
Эрүүл махыг нь эвдэж гарсан
Хавтгай махных нь тасархай
Хатан ясных нь сэлтэрхий
Бүтэн биеийнх нь хэлтэрхий
Бүлээн цусных нь үсэрхий
Баруун өвдгийг нь түшин суусан
Тэрний тэр хөвгүүн, тэрний тэр охины сүлд заяаг даатганам(28.3)
Хотол олны даатгал
Эзэн буурал толгой Бурхан баавай
Хамниган, буриад албатыг өргөж тэтгэж харалцаж байгаач.
Үгүйтэй байхад нь баян хишиг заяа
Өнчин байхад нь өнөр сүлд заяа!
Хөвгүүнгүй хүнд хөвгүүн заяагаач
Охингүй хүнд охин заяагаач!
Аян газарт явахад олз заяалдаач
Ав газарт явахад улай заяалдаач
Явах дайдад нь жаргалан тавьж яв.
Зорих газарт нь зол тавьж яв!
Орос газар явахад орхилгүй явалц.
Мангад газар явахад марталгүй хар!
Удаан холын жаргал гуйж мөргөнөм
Урт холын насан гуйж мөргөнөм.(32.167)

No comments:

Post a Comment