2/15/2012

Сартуул...

Сартуул овог


Овог гэдэг нь өвөг дээдэс бүхий төрөл садангийн хүмүүсийн нэгдэл юм. Нэрт түүхч Академич Д.Гонгор “ ...Эртний Монгол нэгэн өвөг дээдсээс угсаалсны учир элгэн садны холбоогоор гагнагдсан, шүтэлцсэн бөлөг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ.” хэмээн тодорхойлсон байна. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн өөрийн уг язгуур үүсэл гарвалаа, өнө эртнээс урламжлагдан ирсэн нэрээр, он удаан нутаглан суусан газар нутгийн нэр, эсвэл онц алдар нэртэй дайчин хүмүүсийн нэрээр овоглон нэрлэж ирсэн байдаг. Тухайлбал Овог нь:
1-рт. Эртний сурвалжит овог
2-рт. Хожим аль нэг овог, яснаас тасран гарсан үржвэр овгууд
3-рт. Урьдын овог, отог, сум, баг зэрэг цэрэг засаг захиргааны зарим нэгж нь яваандаа овгийн байдалтай хэрэглэх болсон овогууд
4-рт. Аль нэг овог аймаг, ястны хүмүүс тодорхой нэг шалтгаанаар өөр овог аймаг ястны дотор хутгалдан орж өөрсдийн урьдын жинхэнэ овгийг гээж харин уугуул аймаг овог аймаг, ястныхаа нэрээр овоглодог байна.
Энэ жишигээр Сартуулын овогууд нь эртнээс нааш Монголчуудын дотор тодорхой байр суурийг эзэлсээр иржээ. Хүмүүс одоо ч хүртэл зөвхөн Завханд л Сартуул овог байдаг гэж үзсээр ирсэн нь өрөөсгөл ойлголт юм. Тухайлбал: Одоо ч хүртэл Орос, Монголын Буриадуудын дунд Адаган сартуул, буянт сартуул, баахшил сартуул, гуриг сартуул, гуринх сартуул, хатагин сартуул, махан сартуул, бумбачин сартуул, модоргон сартуул, шинжиг сартуул, кэнчээнид сартуул гэх мэт оршдог. Хамниганчуудын дунд бамбадайн сартуул, бамбачаан сартуул, баахчил сартуул, гуриг сартуул, гуринка сартуул, кэлцэнгүүд сартуул зэрэг овогууд байдаг төдийгүй өөрч олон бий байх.
ӨМӨЗО-ны Барга, Буриадын үүсэл гарвалд Сартуул овог байдаг бөгөөд сартуулчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг овгууд ч олон байдаг. Жнь: Сартуул, Тавнангууд, Шарнууд, Урианхай г.м. Мөн Казах, Афганистан, Халимаг,Энэтхэг улсуудын дотор оршин суугч Уйгар Хазар, Авар, Могол зэрэг харьжсан монгол угсаатнуудын дунд САРТ овогтон олон байдаг хэмээн мэдээ байдаг.Монголчууд Чингис хаанаас ч өмнө маш эрт бүр X зуунаас эхлэн угийн бичиг хөтлөн уг судар, удам угсаагаа мэддэг байсан төдийгүй язгууртны цол хэргэм үеэс үед өвлөгдөн уламжлагддаг байсан нь баттай юм. Сартуулчуудын дунд голлон хэрэглэгддэг Сартуул, Урианхай, Хатагин, Барга, Боржгон, Алаг адуун, Онход буюу Онгуд, Долоон , Тавнан, Тангуд зэрэг овгууд маш эртний овгууд бөгөөд түүхийн сурвалж бичгүүдэд ихээхэн тэмдэглэгддэг.
Завханы Сартуулуудад: Эртний сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар усны нэрээр нэрлэгдсэн зэрэг маш олон овог хамаарагдаж байдаг бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарах бөгөөд нилээд хувийг эзлэх нь тодорхой юм. Дундад эртний үед нэгэн өвөг овог, омог, өвөг дээдсээс гаралтай, угсаа хэл соёл нэг хэд хэдэн овгоос бүрэлдэх нэг аймгийг нэг ястан гэж үздэг. Хожмоо эцгийн талаа ясан төрөл гэж нэрлэх болсон нь ястан юм. Тэгэхлээр сартуулчууд нь маш олон овгоос бүрддэг.
Сартуулуудыг өнөөдөр хархад олон монгол овгийг өөртөө багтаасан томоохон Халх ястан хэмээн харагдахын дээр харь олзныхон хэмээн бичигдээд байдаг энэхүү зон ардын дунд алтан ургийнханы хүртээл болж уламжлагддаг тайж хэргэмтэн язгууртнууд бусад бүх овог хошуудаас олноороо суурьшиж байсан нь сонирхолтой, судлууштай асуудал бөгөөд магад Ил хаад, Зүчи, Цагаадайн удмынхан ирж суурьшсаныг үгүйсгэх аргагүй юм.
Сартуул ястныг үүсэн бүрдүүлж буй голлох овгуудын үүсэл гарлаас цухас дурьдвал:
1.Барга : Эрт цагт МЭӨ lll зууны үед Хүннү улсд Баргын тэргүүн Баргажин баатар хэмээх хүн байж түүний нэрээр Баргужин аймаг байжээ. МЭ- lV зууны үед (304 он) Байгаль нуурын өмнө талд Баргужин түхэмийн хавь газарт он удаан жил нутаглаж байсан Барга баатар дайчин ноён Ойрад, Буриад, Хорид хэмээх 3 хүүтэй байжээ. Ахмад хүү Ойхадыг Алтай, Хангай тийш мал маллуулж нутаглуулжээ. Хоёр дахь хүү Буриадыг Байгаль нуурын цаад тал дахь Зүлэг гол “Лена мөрний эх Баргулинский ” хэмээх газар загас бариулж, ан агнуур хийлгэж суурьшуулжээ. Буриад нь 2 хүүтэй болж ахмадыг нь Ихрээд бөгөөд тэр 8 хүүтэй. Удаах хүү Булгад нь 9 хүүтэй болж Ихрээд 8 эцгийн овог, Булгадаас 9 эцгийн овог үүсчээ. Бага хүү Хоридой бол уул нутагтаа сууж Бэтээгийн гаралтай Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гуайтай гэрлэж Алунгуа хэмээх ганц охинтой болжээ. 2-р гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хөвдүүд, Шарайд, Гучид хэмээх 5 хүүтэй болж, 3-р гэргий Наадайгаас Харгана, Худай, Бодонгууд, Батнай, Цагаан, Хальбин тэргүүтэй 8 хүүтэйгээс Хайтан(хотон) Согд(Чанад) хэмээх 2 хүү нь Байгалийн цаад Буриад нар лугаа нийлээд явсан байна.” Согд буюу Чанад хэмээх нь Сартуулыг Европчууд тийнхүү нэрлэдэг бөгөөд ямартайч Байгаль нуур, Енисей мөрний орчимд нутаглан байх олон овог аймгуудын нэг болох Баргу, Сарт нар Хүннүгийн хойч үе Телегийн олон аймгуудын нэгээхэн хэсэг юм. Тэгэхлээр сартуулуудын үүсэл нь Хорейзмын шагт улстай ямарч хамаагүй гэж хэлж болох бөгөөд бүр сүүлд аажимаар баруун тийш шилжин нүүсэн бололтой байдаг. Баргажин баатараас Баргу, Барга, Баргудай, Бага ба Их барга, Үхэр барга зэрэг маш олон үржвэр овог салаалан гарсан байдаг.
2.Алаг адуу: Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм. Завхан аймгийн Сартуул сумдаар зонхилдог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Алаг адуун овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд бодвол алаг морь уналга ачилгандаа ихээхэн хэрэглэдэг байснаас тотем маягаар үүссэн бололтой.
3.Урианхай: Эртний Эргүнэ күнгээс гаралтай овог аймгуудаас салбарлан гарч улмаар МЭӨ Vl- МЭ Xll зууны үед ойн ба талын Урианхай гэж 2 хэсэгт хуваагдаж байв. Их Монгол улсын үед тэдний харьяанд орж дангаараа 4000 т зохиож байжээ. XlY-XYl зууны үеээс зүүн Монголын 6 түмний нэг болж Гэрсэнзийн мэдэлд очиж улмаар 7 хүүдээ газар нутгийн өмч хуваахад түүний отгон хүү Саму Буймагийн мэдэлд очиж улмаар баруун тийш Хангай,Алтай хавьд суурьшин Засагт ханд харьяалагдах болсноор Засагт хан болон Сартуул ясыг бүрдүүлэх салбар овог болжээ. Урианхайгаас Урианхан, Их ба Бага урианхан зэрэг үржвэр овгууд үүсчээ.
4.Тайж, Тайжууд, Тайж нар: Халх Монголын бүх аймаг хошуудын тайж хэргэмтэн бүгд алтан ураг болон гарамгай жанжин болон сурвалжит язгууртан, эрх мэдэлтний үр хойчис юм. Тэгэхлээр язгуур эрх мэдэлтний үр хойчисоос салбарласан үржвэр овгууд юм. Сартуулуудыг “1000 тайжтай түмэн Сартуул” гэдэг нь монгол аймгууд хошууд дотороо хамгийн олон тайж хэргэмтэн байгаа нь харь хэмээх үзэлд эсрэг бодит баримтыг харуулж байна гэж үзэж болох юм .
5.Шарнууд : Эрдэмтэд, судлаачдын үзсэнээр угсаа гарлын хувьд Ойн иргэнтэй салшгүй холбоотой бөгөөд 1207 онд Зүчи ойн иргэнийг эзлэх үед Шарнууд, Харнууд, Сөнөд, Урад, Барнууд, зэрэг овогууд Шишгэд гол, Улаан тайга, Хөвсгөл орчмоор ирж нутаглах болсон байна. Овогийн уг нутаг нь Байгаль нуур орчим байжээ.
Дээрхээс харахад Сартуулуудыг Дундад Азиас гаралтай олзлогсод гэх ямар ч үндэслэлгүй, ор үндэслэлгүй зүйл гэдэг нь тодорхой ойлгогдохын дээр Сартуул ястан нь Монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй, ураг төрлийн нандин барилдлагатай, газар нутаг гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх соёлын дурсгалт өвтэй удам судар, уламжлалт зан заншил, ахуйн болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг ард түмэн юм.

1 comment:

  1. Сартуул овгийн талаар нийтлэл их таалагдлаа. Баярлалаа

    ReplyDelete