2/15/2012

Бөөгийн талаарх зарим баримтууд

Баримт № 1
Бөө гэдэг бол амьдралын хар ухаантай хүмүүс. Дээрх үеийн лам нар их таван ухаан, бага таван ухаан гэж судалж байсан шиг амьдралын бүх ухааныг судалчихсан улс байдаг юм. Тэгэхдээ лам нар шиг амьдралын үзэгдлийг хэд хэдээр нь багцалж ойлгохгүй, ерөөсөө л энэ хорвоогийн бүх зүйлийн тухай бодоод гол гол юмыг нь сурсан байдаг.

Баримт № 2
Бөө гэдэг маань угтаа ардын эмч, домч юм шүү.
Бөөгийн ухаан их энгийн мөртөө бас их хэцүү.

Баримт № 3
Бөөлж байгаа хүн онгод нь орохоороо гэнэт цорвос гээд этгээд хачин болоод явчихдаг. Царай зүс, харц нь хүртэл өөрчлөгдөөд. Энэ чинь өөрийнхөө ичимтгий хязгаараас даваад явчихаж байгаа гэсэн үг.

Баримт №4
Бөөгийн онго улаачдаа орж буухдаа 3 минутын хугацаанд ордог ба чадалтай онгод 27 минутанд байж чаддаг юм байна. Онгод буухдаа барагтаа л архи ууж, тамхи татдаггүй ба хэрэглэсэн ч ёс төдий хэрэглэдэг байна.

Баримт №5
Бөө хүн онгодоо оруулахдаа газарт болон завилж сууддаггүй. Босоо заяатай Монгол гэсэн утгаар тайлбарладаг гэсэн.Бас бус тайлбар байдаг.

Баримт №6
Явган бөөлнө гэдэг нь хэнгэрэггүй зөвхөн аман(төмөр, хулсан) хуур эсвэл цуураар онгодоо дуудаж(тэр нь тэнгэрт хүргэх унаа болдог) харьцахыг хэлдэг байна.

Баримт №7
Одоо үед онго тэнгэрийг ялгахгүй олон бөө төрж байна гэх. Онго бус гэдэг хараалаар нөхцсөн онгод(бохир үнэр танартай), савдаг(за юу ч байж болох), албин тийрэн(нэг ёсны чөтгөр) зэрэг гэнэ.

Баримт №8
Бөөгийн хэц хэнгэрэг нь тухайн бөөгийн зэрэг зиндааг илтгэдэг гэнэ. Халхын бөө нараас 15 хүртэл, Буриадын бөө нараас 13 хүртэл, Дархад бөө нараас 8-9 хүртэл, Хотгойд бөө нараас 5 хүртэлх булдруутай хэнгэрэгтэйг нь илүү чадалтай бөө нар гэж үздэг байна.

 Баримт № 9
Эхийн эрхт ёсны үед бөө мөргөл үүсч анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд болох уул, ус, шүтэх болсон байна. Үүний дараагаар онгон савдагтай уулзаж ярилцдаг хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ.

Баримт № 10
Бөө бөөлөх үед өмсөдөг дээлийг хуяг гэнэ. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүхэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл нь ажээ.

Баримт № 11
Бөөгийн уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг унаа нь болж өгдөг байна. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Зайран / эрэгтэй бөө /бол эр бугын арьсаар, удган /эмэгтэй бөө /бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээ, бариулыг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг ажээ. Амилсан эзэнтэй хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж үздэг.
  
Баримт № 12
Бөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан биосистем судлаач Хартумын их сургуулийн профессор, доктор хадагтай Бен Белла Хелга 97 орноор 2000 гаруй хоног бөө нарыг судалж дараах дүгнэлтэнд хүрсэн.
1.Бөө нар бол био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийг зөвхөн өвлүүлж үлдээдэг.
2.Өөрийн био тогийн хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж түүнийгээ өөрийн оюуны хүчээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл зад тавих, хүмүүстэй холбоо тогтоох, мэргэлэх, хараал ерөөл гэх мэт нь ид шид бус юм.
3.Орчин үеийн техникийн соёл иргэншил дусал төдий бага, байгаль дэлхийтэйгээ ойр оршдог буурай хөгжилтэй ази, африкт жинхэнэ бөөнүүд байдаг. Бөө бол шашин үзэл суртал биш хүн байгалийн холбоо шүтэлцээнээс бий болсон байгалийн үзэгдэл хүний чанар юм.

 Баримт №13
Лус гэдэг нь энэ дэлхийн бүхий ус, чийгийн эзэн, савдаг нь газар шорооны эзэн гэж бөө нар номлодог байна. Гэхдээ тэрхүү эзэд нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн тэд үздэг. Тиймээс Монгол,Түрэг угсааны бөө нарыг ерөнхийд нь тэнгэрээр, лусаар, бөөгийн сүнсээр хөллөсөн бөө гэж ангилж үздэг ажээ.

Баримт № 14
Газар лусаар хүчээ авсан буюу лус савдагтай нөхцөх, лус савдагын хорлолоор бөө болсон бөөг лусаар хөллөсөн бөө гэдэг. Тэрхүү бөө нар нь бөөгий увдисын хүч чадал харьцангуй өндөр байдаг гэнэ.

Баримт № 15
Тэнгэрээр хүчээ авсан буюу тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх, түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөсөн бөө гэдэг. Ийм бөөгийн увдисын хүч хамгийн их гэдэг. Одоо ийм байдаггүй бөгөөд 13-р зууны эхэн үеийн Тив тэнгэр буюу Хөхөчү, 18-р зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг байна.

Баримт № 16
Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увьдасын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увьдасын хэмжээнд хүрдэггүй гэнэ.

 Баримт № 17
Тухайн гэр бүлийн /нөхөр,эхнэрийн аль нь ч байж болно/ хүний эцэг өвгөдийн сүлд сахиус, тэнгэрүүдийг нь бөө хүн шившин амилуулж өгөхийг онгод босгох ёс гэдэг гэнэ. Тэр айл нь бөө ч байж болон эсвэл бөө биш ч байж болдог гэнэ. Нөгөө талаар янз бүрийн өнгө хэмжээ бүхий даавуунууд болон эсгий, цэмбэ зэрэг мал амьтны гаралтай зүйлсийг ёс журмын дагуу оёж, шидээслээд бөө хүн шившин амилуулахыг онгод амилах ёс ч гэж үздэг байна.
Баримт № 18
Өвөг дээдсийнхэн хүчирхэгжсэн эрчим хүч, байгаль дэлхий дээрх эрчим хүчний нэгдлийг онгод гэж тодорхойлж болно.Эрдэмтэн О.Пүрэв онгодыг хий ухаар юмс гэж нэрлэдэг гэжээ.

Баримт № 19
Бөөд онго орох бүрийд бөө ухаан алдан унадаг байна. Учир нь онгод орох бүрт өөрийн оюун ухаан түр зуур алддагттай холбон тайлбарладаг. Бөө хүн өөрийн ухаан түр зуур алга болж өөр сэтгэхүйгээр сэтгэж өөрийн дуу хоолойгоор хүмүүст өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэж айлтгахыг бөөд онгод орлоо гэж үздэг.

Баримт № 20
Онгод нь хүмүүст харагдах биегүй, үзэгдэх хэлбэргүй үл үзэгдэгч боловч жинтэй хатуу зүйл байдаг гэж бөө нар үздэг. Гэхдээ онгод нь тодорхой газар, орон зайнд байртай байдаг ба үргэлж хөдлөгөөнд оршдог гэнэ. Түүнийг бөөгийн ёсоор онгодын гүйдэл гэдэг ажээ.

Баримт № 21
Онгод нь бөө хүнийг нэгэнт эзэмдэн нөхцсөн учраас байнгын холбоотой байж, бөөг мэдээлэлээр хангадаг байна. Өөрөөр хэлбэл тэр бөөг тойрсон эрчим хүчний нэг урсгал энерги бий болдог гэсэн үг. Тиймээс их сайн бөө хүн бөөлөлгүйгээр тухайн хүний асуудлыг шууд оношлон шийдвэрлэж өгдөг байна.

 Баримт №22
Алтайн урианхай бөө нарын шүтдэг Атаа 5 тэнгэрийн сэтэрийг хар морь, хар сэрх, хар ирэг, хар ат, хар үхэрт татдаг байжээ. Тэгвэл сэтэр гэдэг нь онгодыг хялбар, хөнгөн маягаар дүрслэх нэг хэлбэр бөгөөд сэтрийг айлд юм уу малын хүзүүнд байрлуулдаг байна. Сэтэрийг мухар сөөмөөс нэг төө гаруй урт, 2 хуруу өргөн хэмжээ бүхий цагаан, ногоон, хөх, улаан, хар өнгийн даавууг давхарлан үйлддэг байна. Тэдгээр өнгөнүүдийн утга санаа нь: цагаан- онгодын сэтгэл санаа ариун гэсэн, ногоон нь лусын, хөх нь тэнгэрийн, улаан нь нарны буюу галын, хар нь савдагын буюу шорооны өнгийг тус тус илэрхийлдэг байна.

Баримт № 23
Дом шившлэг нь сайныг ирүүлэх, мууг зайлуулах бүхий домнох зан үйл, шивших үг, шүлэг зэргээс бүрддэг. Дом шившлэгийг дууриах дом шившилэг, хүртэх дом шившилэг гэж 2 төрөлд хуваадаг байна.

Баримт № 24
Бөө нар чоныг онгодын хамгийн сайн хүлэг, мөн дайсан этгээдийг эсрэг тэмцэгч хэмээн үзэж лус савдаг, онгод тэнгэрээ дүрслэхдээ чоно унуулж дүрслэдэг байна. Харин хэрээг сайн газарч, бараа бологч, үнэнч сахиул, зарц хэмээн үздэг байна. Нэг талаар онгод тэнгэрийн хэлмэрч болж явдаг байна.

Баримт № 25
Алтайн урианхай бөө нар чандаганы арьсыг битүү хуулж дотор нь өвс чихэж амилсан дүрс онгодыг гэрийн чанх хойморт байрлуулан тахиж шүтддэг байжээ. Түүнийгээ чандаган онгод гэж ч нэрлэдэг байна. Алтайн урианхай бөө нар 20-р зууны эхэн хүртэл шарын шашинтай холилдож уусалгүй харын бөө хэвээр байж чадсан цөөн хэдэн овгийн бөө нар юм.

 Баримт № 26

Бөө хүнд дараах эрдэм чадал байдаг гэж үздэг. Энэ нь нүд хуурах, сэтгэл хувиргах эрдэм, тэгээд увдис. Нүд хуурахын эрдэм гэдэг нь илбэ байдаг бол сэтгэл хувиргахын эрдэм нь хүний бодож байгааг алс холоос хувиргах, өөрчлөхийг хэлдэг байна.  Өөрөөр хэлбэл алс холын орон зайнаас л хүний сэтгэл санааг нь эргүүлээд хаячихаж байгаа гэсэн үг юм. Үүнийг ховс ч гэж нэрлэдэг. Харин увдис гэдэг бол  ховс, илбийн алин ч биш, цэвэр байгалийн хүч гэж үздэг байна.

Баримт № 27

Бөө бол хүн төрөлхтөний анхны эмч нар юм. Бөө хүн лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижилсүүлж үздэг.  Өөрөөр хэлбэл хүн өөрөө биологийн амьтан юм болсон хойно байгаль дэлхийтэй хүй холбоотой гэж юм.  Нэг ёсондоо хүний уурлах баярлах, гомдох энэ бүхэн лус савдагийн бороо орох, цасан шуурга тавих, хэт халахтай адилтгаж үздэгтэй. Тиймээс бөө нар хүнийг эмчилэхдээ ургамлаар, усаар амьтны бие махбодын янз бүрийн зүйлээр, дом шившлэгээр, далдын хүчээр эмчилдэг байна.

Баримт № 28

Бөө бол өөртөө анагаах ухаан, яруу найраг, хөгжим, түүх, жүжиг, бүжиг, домог зүй, хэл аялгуу, хэллэг, монгол хэлэнд байхгүй монгол үг, дүрслэх урлаг, уран баримал, угсаатны зүй зэрэг олон зүйлийг багтаачихсан асар том шинжлэх ухаан гэж бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв гуай тодорхойлжээ.

Ерөн есөн тэнгэр

Байгаль нуурын хойд талаар нутагтай Буриад бөө нарын дунд 99 тэнгэрийн тухай домог яриа хүчтэй дэлгэрч байсны 55-ыг барууны, 44-ийг зүүний тэнгэр хэмээн хоёр хэсэгт хувааж, барууны 55 тэнгэрийг 50-ийг нь залбирдаг, 5-ыг нь тахидаг, зүүний 44 тэнгэрийн 40-ийг залбирч, 4-ийг нь тахидаг гэх мэт нарийн зохион байгуулалт, ажил хэргийн хуваарьтай байжээ хэмээн тайлбарладаг. Энэ үзэл санаа 19-р зууны сүүлчээр Ар Монголд шарын бөөгийн мөргөлийн Даян дээрхийн хийдийг байгуулсан /1864 он/ үед дэлгэрч эхэлжээ.

Хар тэнгэрүүд

Монгол бөөгийн шашны үзэлээр аль нэгэн үед байсан хүний сүнс биш лус савдагийн эздийн хүч нэмэгдүүлсэн амин гүйдэл онгодын дэргэд бие даан тусгай оршиж байгааг тэр онгодын хар тэнгэр, бүр дангаараа оршиж байгааг бас /хэний ч дэргэд биш бие даасан/хар тэнгэр хэмээн үздэг байна. Хар тэнгэр хэд ч байж болдог юм байна.

Хартай бөө

Монгол харын бөө нарын нэг хэсэг нь хараал зүхэл үйлддэг бөгөөд тэднийг хартай бөө гэдэг. Хартай бөө нарын үйлс нь хар учир түүнийгээ сэтгэл зүйн үүднээс цайруулан "цагаан бөө","цагаан зайран", "цагаан удган" гэх мэтээр нэрлэдэг байжээ. Хартай бөө нарын ирээдүйн бүрхэг, үр удам нь богино настай гэдэг ажээ.

Харын бөө

Монголд дэлгэрч ноёрхсон шарын шашныг хүлээн зөвшөөрч чадаагүй Монгол бөөгийн ертөнцийг үзэх үзэл, язгуураа хэвээр нь хадгалж ирсэн бөө нарыг харын бөө гэнэ.

Харсан тэнгэр

Хөх тэнгэр нь нэг талаар дэлхий агаар мандалд болж байдаг юмс үзэгдэл, газрын үржил шимд өгөөжөө өгч нөлөөлөн бүх хүн амьтанд харагдаж байдаг бол нөгөө талаар орчлон орчлон хорвоо хийгээд хүний үйл ажиллагааг зохицуулан бүх хүнийг нэг бүрчлэн харж, түүнийгээ манаж байдаг "хий ухаар юм"-ыг харсан тэнгэр гэж Монгол бөө нар үздэг.

No comments:

Post a Comment