2/20/2012

Д.Бум-Очир: ХҮН БАЙХ НЬ ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ



МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч Ph.D Д.Бум-Очиртой ярилцлаа. Энэ хүнтэй уулзсаны дараа миний мэдэх хүмүүс хэн бэ гэдгийг дахин эргэцүүлэх хэрэг гарсан юм даа.
-Хүн судлаачид бидний оршин буй нийгэмд ямар үүрэгтэй хүмүүс вэ?
-Хүмүүс хүн судлаачдыг бодитой зүйл бүтээдэг эсэх шалгуураар буюу хэрэглээний талаас харах тохиолдол бий. Ингэж үзвэл барилгачин шиг барьсан зүйл нь ил харагдахаар юм бүтээдэггүй. Харин хүнийг нийгэм, соёлын амьтан гэх талаас нь буюу яаж аж төрж, юу эрхэлж, нийгэмд хэрхэн оршиж байгаа болон нийгэм нь өөрөө хүний бүтээл гэдэг талаас судалдаг. Хүмүүс алхам тутамдаа тодорхой ойлголтуудыг бүтээж байдаг. Жишээ нь, эмэгтэй хүмүүс нийгмийн хоёрдогч анги, энэ бол байгалийн жам гэнэ. Гэтэл хүмүүс физиологийн үүднээс л ялгаатай болохоос биш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх оролцоо нь жам биш юм.
Эр хүн гэж хандаж байгаа ухагдахуун л хүнийг эрэгтэй болгож байгаа болохоос эрэгтэй хүнийг чи эмэгтэй хүн юм аа гээд л байвал тэр эмэгтэй л болно. Оюун ухаан, ухамсрынхаа хувьд шүү дээ. Тэгэхээр хүн судлаачид энэ мэт ойлгомжгүй асуудлыг судалдаг. Эрт үеийн өрнө дахинд хүн судлалын салбар хөрш орнуудаа ойлгох ухаан байсан. Үүнийг колоничлолын зэвсэг ч гэдэг. Өдгөө хүн судлал колоничлолын зэвсэг биш, харин ийм болгож болно. Үүн дээрээ тулбал кока кола ч колоничлолын зэвсэг болж болох талтай шүү дээ.
-Өөрийгөө таних хамгийн хэцүү гэдэг. Та хүн судлаачийнхаа хувьд өөрийгөө хэр нээсэн бэ?
-Өөрийгөө мэргэжлийн үүднээс судалж байсан уу гэж асууж байх шиг байна. Мэдээж тийм тохиолдол бий. Би хэн бэ, өнөөдрийн Д.Бум-Очир 10 жилийн өмнө ямар байв, энэ хугацаанд юу өөрчлөгдөж, юуг өөртөө шинээр бий болгосон байна вэ гэхчлэн харна. Зарим тохиолдолд өөрийгөө ойлгохоо байсан үедээ өөр өнцгөөс харах тохиолдол байлгүй яахав.
-Хэрэв нууц биш бол миний урд сууж байгаа Д.Бум-Очир 10 жилийн өмнө хэн байсан бэ. Эргээд харахад та өөрийнхөө хүссэнээрээ амьдарч чадсан байна уу?
-Миний анхны мэргэжлийн салбар бол монгол хэл уран зохиол буюу хэл бичгийн ухаан байсан. Бөөгийн зан үйл, аман зохиолыг судалж байсан учраас өөрийн эрхгүй хүн судлалыг сонирхох хэрэг гарсан. 10 жилийн өмнө буюу энд магистрантурт сурч байхдаа Монголд докторын зэрэг хамгаалаад Кэмбрижийн их сургуульд дахин магистр, докторын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлээд, 30 настайдаа эх орондоо ирнэ гэж төлөвлөж байлаа. Монголд нийгэм соёлын хүн судлалын онолын судалгааг дэлгэрүүлэх ёстой юм байна, энэ чиглэлийн боловсон хүчин хэрэгтэй гэж бодсон хэрэг. Одоо эргээд харахад энэ зорилгоо би тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Төлөвлөснөөсөө нэг жилийн өмнө буюу 29 настайдаа ирж, МУИС-ийн Угсаатан судлалын тэнхимд ажиллаж эхэлсэн. Яг тухайн үед бодож байсан бүхнээ биелүүлээгүй ч сууриа тавьсан, зарим талаар залуудаа дутуу мөрөөдөж байж дээ гэх бодол ч төрдөг юм. -Өдгөө манайд хүн судлалын салбар нэг л биш хөгж өөд байгааг та анзаардаг уу. Дэлхийн шинжлэх ухааны салбартай холбоо харилцаа муутай, тогоон дотроо л эргэлдээд байгаа юм шиг харагддаг.
-Монголын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Бид яг л эзэнгүй арал дээр шинжлэх ухаан бүтээгдээд байгаа юм шиг л байна шүү дээ. Энэ хэвээрээ байвал Робинзон Крузо шиг арал дээр ганцаардаж, хэнд ч мэдэгдэхгүй зүйлийг бүтээнэ гэсэн үг. Би Монголд бөөгийн зан үйлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалаад Кэмбрижэд очиход энэ сэдвийг аль 50 жилийн тэртээгээс судлаад эхэлчихсэн байсан. Яг миний сонгосон сэдвийг биш ч төстэй судалгаа маш их хийжээ. Гэтэл би үүнийг харж, мэдээгүй байсан нь судлаач хүний хувьд маш ичгэвтэр санагдаж байсан.
-Хүний мэргэжил хүссэн хүсээгүй зан төлөв, үзэл бодолд нь нөлөөгөө тусгаж байдаг. Хүн судлалын салбар танд юу өгсөн бэ?
-Би Хятадын баруун хойд хэсэгт амьдардаг Хөх нуурын дээд монголчуудыг болон бөө судалдаг. Эд миний үзэл бодол, зан төлөвт маш их нөлөөлсөн. Дундад улс дахь монголчуудыг өмнө нь би бусдын адил муусайн хужаанууд л гэж боддог байлаа. Одоо бол би хэзээ ч тэгж хэлж чадахгүй. Би Хөх нуурт 18 сарын турш суурин судалгаа хийж, хөдөөний малчин айлд амьдарсан. Одоо би тэднийг хүн гэдэг үүднээс хардаг. Хятадын соёл дэлхий дахинд нэвтэрч байгаа энэ үед тэд соёлын шүүлтүүр нь болж байна. Хятадын соёл Монголд шууд нэвтрэхээс урьтаж, тэднээр дамждаг. Нэг ёсондоо эдгээр хүн Монгол соёлыг хадгалан үлдэхийн төлөө өөрсдийгөө зольж байгаа хүмүүс юм шүү дээ.
-Тэгвэл та хүн судлалын шинжлэх ухаанд юу өгсөн бэ?
-Дэлхийн хүн судлалын шинжлэх ухаанд өгсөн зүйл гэж ам бардам хэлэх үг одоохондоо алга. Харин үүний салаа мөчир нь болсон Монголын хүн судлалын салбарт би тодорхой хэмжээгээр өгөх зүйлээ өгсөн.
-Хүн судлаачид шинжлэх ухаан, шашин гэх мөнхийн эсрэгцлийн төв дэх алтан дундаж замаар явдаг хүмүүс. Төсөөлөл, итгэл үнэмшлийг тань хуга дарсан шинжлэх ухааны бодит үнэнтэй нүүр тулаад үзэл бодлын хувьд дайвсан тохиолдол бий юү?
-Бөө гэдэг чинь тэр чигтээ сүнсний тухай ойлголт. Тэд хүнд сүнс бий гэдэгт бүрэн итгэдэг. Гэтэл шинжлэх ухаан сүнс байдаг гэдгийг эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байна. Оршихуй, ахуйн үүднээс зөрчилдөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ шинжлэх ухаан ч бай, шашин ч бай тодорхой хэмжээгээр хүний бүтээл шүү дээ. Тийм учраас төгс биш, алдах онох тохиолдол гарна. Шинжлэх ухаан хөгжлийн явцдаа шашныг арай өөр өнгцөөс харах үе ирнэ гэдэгт би итгэдэг.
-Өнөөдрөө тодорхой танихын тулд өнгөрснийг заавал эргэн харах шаардлага гарна. Таныхаар хүн төрөлхтний түүхийн хамгийн сайхан цаг үе хэзээ байсан бэ?
-Энэ бол түвэгтэй асуудал. Би түүхч хүн биш учраас ташаа ярьж байж мэднэ. Гэхдээ хүн төрөлхтний түүх гэдэг бол дайн байлдааны л түүх байдаг шүү дээ. Монголын түүхийн хамгийн оргил үе гэдэг XIII зууны тухай “Монголын нууц товчоо”-нд бичихдээ “Орондоо орох завгүй олзлолдон, булаалдаж байлаа” гэдэг. Үүнтэй харьцуулбал өнөө цаг харьцангуй тайван амгалан юм биш үү. Нөгөө талаас нь харвал өнөө цагийн хүмүүс материаллаг зүйлд шүтэж амьдрах болсон нь эмгэнэлтэй. Тэгэхээр миний хувьд хүсээд байхаар сайхан үе харагдаж өгөхгүй л байна. Яг үнэндээ хүний мөн чанар хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, хүсээд байхаар зүйл биш шиг санагддаг.
-Бид хүн байх, хүн чанартай байхыг туйлын зорилгоо болгож, бусдыг ийм л шалгуураар хардаг. Таныхаар жинхэнэ хүн гэж хэн бэ?
-Хүн чанартай байна гэдэг ёс зүйн хэм хэмжээ төдий зүйл. Миний ёс зүйн хэмжээ, чинийхтэй адилхан байх албаг үй. Аливаа зүйлд зөв сэтгэлтэй, үнэнч шударга, худал хуурмагг үй амьдардаг хүнийг л хүн гэх байх даа. Гэхдээ нөгөө талаас нь харвал худал хэлж байгаа нь ч хүн юм. Хүн байгаа нь л тэр. Хүний мөн чанарт худлаа ярихыг ч, үнэн ярихыг ч заяасан учраас буруушаах арга байхгүй.
-Дээр хэлсэн ёс зүйн хэм хэмжүүрт тань дөхөх “жинхэнэ” хүнтэй таарч байв уу, та?
-Хорвоо дээр тийм хүн байдаг юм уу. Би лав таарч байсангүй. Харин хэн хамгийн ойрхон бэ гэж харж болно байх. Гэхдээ үүнийг хэмжих хэмжүүр байхгүй шүү дээ. Миний сайн гэж боддог хүнийг бусад нь муу гэж харж болно. Үүний адил миний танилуудын зарим нь намайг сайн хүн гэж хүлээж авдаг байхад, энэ ч муу хүн шүү гэх нь байгаа л байх. Жинхэнэ сайн хүний хэмжүүр гаргасны дараа л энэ асуултад хариулъя.
-Хоёр хүний хоорондын харилцаанд гуравдагчийн байр суурь хамаатай гэж үү?
-Хамгийн их хамаатай. Судлаач хүн тухайн зүйлийг хэдэн янзын өнцгөөс харж чаддаг байх ёстой. Жишээ нь, миний өмнө сууж буй Ж.Тэгшжаргалыг би зөвхөн өөрийн нүдээр харвал хязгаарлагдмал байдлаар сэтгэнэ. Тэгэхээр чамайг бүрэн танихын тулд бусад хүмүүс яаж харж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй биз дээ. Тэгж байж Ж.Тэгшжаргалын тухай цогц ойлголт гарч ирнэ.
-Хүний мөн чанар хөөрхийлөлтэй, хүн байх хүсээд байхаар зүйл биш шүү дээ гэж та хэлсэн. Хүнийг нээгээд л байвал өнөөх хөөрхийлөлтэй чанарууд нь бүр илүү тодрох юм биш үү?
-Үгүй, хүнийг нээх тусам миний хараагүй сайн сайхан чанар харагдаж болно. Хүн амьд орчил хөдөлгөөнд оршдог. Миний өмнө суугаа чи л зөвхөн чи биш. Чи гэртээ, ажил дээрээ, найзуудынхаа дунд миний мэдэхээс тэс өөр хүн болно. Үүнийг л би мэдэж байж чамайг жинхэнэ утгаараа таних юм.
-Д.Бум-Очир гэдэг хувь хүн үзэл санааны хувьд төлөвшихөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
-Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн бол миний аав С.Дулам. Одоогийн Д.Бум-Очир хувь хүний хувьд болон судлаачийн хувьд төлөвшихөд аав маань хамгийн их нөлөө үзүүлсэн. Би огт ухамсаргүйгээр Монголын соёлыг судалж, судлаачийн мөр хөөсөн юм биш, аавынхаа нөлөө, тусгалын дор л явсан.
-Сайн, муу аль нь ч бай хүн байгаа нь л тэр гэж та дээр хэлсэн. Тэгвэл судлаач хүнд байж болохгүй хамгийн муу чанар юу вэ?
-Хүн судлаач юмыг өнгөцхөн харж болохгүй. Аливаа зүйлийг ул суурьтай, бас олон талаас нь харж байж эцсийн дүгнэлт гаргах ёстой. Бас судалгаа хийж олон газраар явах учраас цамаан байж болохгүй л дээ. Айл байгаа аягандаа, байгаа цайгаа л танд барина. Тэгэхээр өнгөц зүйлд хууртахгүй, бүхнийг гүн гүнзгийгээр харах ёстой гэж би боддог.
-Нийгмийн бүхий л зүйлд гүн гүнзгий орох байтугай харахаас нүд хальтрам олон саарал үзэгдэл дунд бид амьдарч байна. Зарим зүйлийг харин ч өнгөцхөн хараад өнгөрөх нь зөв юм биш үү?
-Харин ч эсрэгээр нь бүх зүйлийн учрыг гүн гүнзгийгээр ойлгохыг хичээх хэрэгтэй гэж би боддог. Хэдэн жилийн өмнө би биеэ үнэлэгчдийг судалж байсан. Биеэ үнэлэгч бол хүн, тэдэнд тодорхой хэмжээгээр биеэ үнэлэх шалтгаан байгаа. Бидний нийгэм тэдэнд биеэ үнэлэхэд нөлөөлсөн байна. Ер нь судалж байгаа зүйлээ сөрөг байр сууринд тавиад, зөвхөн тэр дурангаар харвал сөрөг л юм харагдана. Энэ муу юм аа гээд судлахгүй орхиж болохгүй. Түүний сөрөг, муу байгаад заавал нэг шалтгаан бий. Үүнийг л нээх гэж хичээдэг юм даа.
-Түүхийн бүхий л үе өөрийн гэсэн онцлог, дурсах зүйлээ бүтээж байдаг. Бидний амьдарч буй энэ үеийг та хожим юугаар нь дурсах вэ. Гэгээн, сайхан зүйл энд байна уу?
-Өнөөдөр судлаач болно уу, сэтгүүлч болох уу гэдэг хувь хүний сонголт болсон. Үүнд нийгмийн зүгээс нөлөөлөх, хорих зүйл байхгүй болж. Социализмын үед хүний унших номыг хүртэл хязгаарладаг байсан гэдэг. Үүнтэй харьцуулбал боломжоор дүүрэн нийгэмд амьдарч байгаа нь сайхан юм даа.
Ж.Тэгшжаргал

No comments:

Post a Comment