2/20/2012

Б.Галаарид: Яаж хурдан баяжихав гэсэн хүмүүс бөөгийн нэрээр залилан хийж байгаа


Далд үзэгдэл судлаач, шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Гэрэлт цалиг” сэтгүүлийн эрхлэгч Б.Галааридтай Бөө мөргөлийн эргэн тойронд ярилцлаа.
-Манайд яагаад гэнэт ийм олон бөө бий болчихов. Бөө олширсны учир юу бол…
-Монголчууд язгуураасаа тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Гэхдээ тодорхой түүхэн шалтгааны улмаас энэ шүтлэгээсээ ангижраад, үндсэндээ мартаад олон зуун жил болжээ. Үзэл бодол чөлөөтэй болсон 1990 оны тэр цагаас эхлэн уугуул шүтлэг эргэж сэргэх хандлага хүчтэй ажиглагдах болсон.
Одоо бол их хүчтэй, оргил шатандаа явж байна. Бөө мөргөлд бид сайн, муу гэсэн хоёр талтай хандмаар байгаа юм. Сайн зүйлийг нь олж харж, мууг нь шүүмжилж явахгүй бол муу тал нь дийлчих гээд байгаа. Бөө бол дан ганц манайд ингэж анхаарал татаж байгаа юм биш.
1980-аад онд Америкт, одоо бол дэлхийн ихэнх улс оронд хүн төрөлхтний уугуул шүтлэгийг сэргээх, судлах, сонирхох байдал хүчтэй ажиглагдаж байгаа.
Ер нь хүний сүжиг, сэжиг гэж юм байгаа цагт хүний шүтлэгийн хэлбэрүүд оршсоор байдаг. Үнэхээр олон зуун жил завсарласны дараа өнгө мөнгөний хойноос нийгмийн дийлэнх хэсэг нь улайран хөөцөлддөг, үнэн худал хоёрын үнэ цэнэ эсрэгээрээ болсон энэ цаг үед бөө мөргөл дахин сэргэж, шинээр гарч ирж байгаа.
Тиймээс бөөг муу муухай зүйлтэй хутган, муу нь дийлээд байгаа учраас нэр хүнд нь уначихаад байгаа харагдаж байна.
-Хүмүүс яагаад ингэж бөөд автаад, өөрсдөө бөө болоод байна вэ. Хэтэрхий гаж үзэгдэл юм биш үү?
-Бөө бол хамгийн товчоор хэлэхэд сүнстэй харилцах хэлбэрийн нэг нь. Бөөгийн онго гэдэг зүйл бол тухайн хүний аль нэг үеийн өвөг дээдсийн сүнсийг дуудаж яриулж байна гэсэн үг. Шинжлэх ухаанд бол их ойлгомжгүй зүйл л дээ. Парапсихологийн үүднээс авч үзэх юм бол өртөнц бол их олон давхраатай, зэрэгцээ олон бүтэцтэй байдаг гэж үздэг.
Түүнд бясалгал болон бөөгийн онгодоор орж болно, тэр бүү хэл шинжлэх ухааны аргаар ч нэвтэрч болох юм гэдгийг ярьж байна. Хүмүүст яалт ч үгүй өөрийнх нь өнгөрсөн болоод одоогийн амьдралынх нь тухай барин тавин хэлээд байдаг болохоор хүмүүс бөө рүү нэлээн татагддаг.
-Энэ тэгээд сайн зүйл үү, муу юу?
-Хоёр талтай хандах ёстой. Сайн ч бий, муу нь ч бий. Сайн анхаараад ажиглах юм бол бидний өвөг дээдсийн сургадаг энгийн үнэнийг тэд хэлдэг. Худал бүү ярь, хулгай битгий хий, буруу битгий амьдар, хүний төлөө сайхан сэтгэлтэй амьдар л гэж. Энэ утгаараа сайн сайхныг номлоод байгаа бусад сургаалуудтай яг адилхан.
Яг номоороо зөв сайхан явж байгаа бөөгийн онгод бол үүнийг л хэлж сургадаг. Муу зүйл нь цэвэр биднээс өөрсдөөс маань болж байна. Бид, мэдлэг, мэдээлэлгүй, сэтгэлийн ариун бусаас болоод бөө гэдэг нэрийн дор асар буруу үйлүүдийг хийж байгаа.
Үүнийг багц сөрөг үзэгдэл гэж нэрлэмээр байгаа юм. Өнөөдөр бөө гэдэг нэрийн дор ямар ч онго тэнгэргүй хүмүүс бизнес хийж байна. Яаж хурдан шиг баяжихав, бэлэн мөнгөтэй болохов гэж бодсон хүмүүс энэ нэрийг ашиглаж бусдын мухар сүсэгтэй, мэдлэггүйг нь далимдуулж залилж байна. Харамсалтай нь, үүгээр баяжиж болдоггүй л дээ.
-Бүр тодорхой ханштай болсон юм биш үү?
-Ийм хүмүүс ханш тогтоодог боллоо. Чамайг тэдэн төгрөгөөр бөө болгоно, өчнөөн төгрөг аваад ирвэл сайхан амьдруулна, гай зовлонг чинь арилгана гэдэг ч юм уу. Мөн би бөө хүн гээд бусдыг айлгах, дарамтлах, хараана ерөөнө гэх мэтээр сэтгэл зүйн дарамтанд оруулах байдал түгээмэл байгаа. Энэ бол огт байж болшгүй үзэгдлүүд.
-Бие нь өвдөхөөр л бөө болох шинж тэмдэг гээд хүмүүсийг бөө болгодог гэх юм?
-Бөөг буруугаар ашиглаж байгаагийн сонгодог жишээ бол хэн нэгнийг бие нь өвдөхөөр “Чи бөө болох гэж байгаа хүн юм байна. Чамайг холбоод өгьө. Төдөн сая төгрөг өг” гэж тулгадаг болж. Тэр бүү хэл янз янзын бөө дээр учраа олох гэж явсаар байгаад орон байраа зарж гудманд гарч байгаа хүмүүс ч дуулддаг.
Тэрнээс наагуур байдгаа барахаасаа өмнө аргаа бараад уйлж дуулаад явж байгаа хүмүүс асар олон байдаг. Энэ бол бидний мухар сүсгийн гай. Хүн асуудлаа мэддэг, хэнд хандаж байна, тэр хүн нь хэн бэ гэдгийг таньж чаддаг бол ийм асуудал гарахгүй шүүдээ.
Бөө, за ганц бөө ч гэлтгүй үздэг хардаг хүмүүс дээр хүн үзүүлэх гээд ирдэг. Тухайн хүний унасан унаа, өмссөн хувцсыг нь хараад л ханшаа тогтоогоод эхэлдэг. Бүр аманд багтахгүй тоо хэлдэг. Байр, байшин, тэрэг нэхдэг. Зарим нь ч өгдөг л гэнэ. Энэ бол байж болохгүй.
Ийм хүмүүст итгээд, арга засал хийлгэх гээд яваад байна гэдэг сонин л юм. Нөгөө талаар тэдэн рүү хэн ч очихгүй байж болно ш дээ. Их л сайндаа “Би сайн бөө” гэж зар тавина биз. Бидэнд бас буруу байна. Хэн нэгэн хүн өөрийгөө магтахаар нь хошууран дагадаг. Тэгээд байгаагаа барчихаад сүүлд нь гасалж шогширдог байдал маань л өнөөдрийн үр дагаврыг авчирсан.
-Зохистой харьцаа гэж байж болох уу. Монголд төдөн бөө байх боломжтой гэдэг ч юм уу?
-Айл болгоноос бөө гарлаа үүнийг хязгаарлаж болдоггүй юм уу гэдэг. Үнэндээ айл бүрээс нэг бүү хэл нэлээд хэдэн бөө гарах гээд байгаа зохисгүй үзэгдэл газар ямар ч боломж бaйxгүй. Жинхэнэ бөө гэдэг гайхамшиг байдаг. Жинхэнэ бөө өдгөө багахаан хувийг эзэлж байгаа.
Үлдсэн тэр олон бөө бол хүмүүсийн мухар сүсгийг далимдуулан ашиг хонжоо хайж, бизнес хийх гэсэн хүмүүс. Үндсэндээ сүлжээний бизнес болчихсон. Хэдэн зуун шавь төрүүлсэн, хичнээн мянган айлд засал хийсэн гээд өнөөдөр мэдээллийн хэрэгслээр ярьцгаагаад л байна.
Энэ нь дээр үед кампаничилж нам эвлэлд элсүүлдэг байсантай адилхан юм. Цаана нь эдийн засгийн сонирхол нуугдаж байдаг. Өнөөдөр бөө мөргөлийг далимдуулж маш том луйвар хийж байна. Хуурамч бөө нар харагдсан хүн бүртээ янз бүрийн зовлон зохиож өгөөд засна гээд мөнгө төгрөг авах гэх мэтээр зах замбараагаа алдаж байна даа.
Бөө мөргөл бол хүн, байгальдаа хамгийн энэрэнгүй ханддаг, тахилга тайллагын ул мөрөө байгальд бага үлдээхийг хичээдэг үзэл. Гэтэл харагдсан модондоо баахан хадаг уяж чимэглэж, тахилга тайллагандаа улаан мах өргөж байна. Туул голын сав дагуу яваад хараарай, бараг бүх мод цэнхэр хадганд ороогоостой байгаа. Үүнийг цэгцэлмээр л санагддаг юм.
-Тэгвэл мөнгөний араас хөөсөн хуурамч бөө, жинхэнэ бөө хоёрыг яаж ялгах вэ?
-Хэцүү. Бөө бол тодорхой бус орчин, тийм гээд хэлчихийн аргагүй эд. Хуурамч бөөнүүд хүнээс яаж мөнгө салгачих вэ гэсэн улайрсан байдал давамгайлсан энэ үед өөрсдийн хүрээ үүсгэсэн байна. Тэгээд хоорондоо хүнээ дамжуулж, хүний зовлонгоор тоглох үзэгдэл анзаарагдаж байгаа. Хүн төрөлхтөнд үл хамаарах далдын хүн байдаг гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрлөө.
Тэр далдын хүчин буруу зүйл хийж байгаа хүмүүсийг өөрийг нь биш юм гэхэд үр хүүхдийг нь шийтгэдэг. Үр хүүхдэдээ муу зүйл хийнэ гэдэг шиг том шийтгэл юy байхав. Энэ гаж үзэгдэл явцын дунд аяндаа засагдана. Жишээ нь, 1990-ээд оны эхээр дөнгөж чөлөөт хэвлэл бий болж байхад хүмүүс эротик маягийн хэвлэл рүү яаж хошуурдаг байлаа.
“Халуун хөнжил”-ийг машин машинаар нь овоолоод зардаг байлаа. Тэгвэл өнөөдөр тэрийг хэн ч авахаа больсон байгаа биз. Үүнтэй л адилхан, бөөгийн энэ их үймээн гольдролдоо орно. Ортлоо олон хүний хувь тавилангаар тоглох шинжтэй байна. Яалтай ч билээ, үүнийг бол удирдан залж болдоггүй эд.
Хүмүүсийг ухамсар, мэдлэг мэдээлэлтэй байхад л түлхүү анхаарах хэрэгтэй.
-Ямар ч онго тэнгэргүй хүнийг бөө болгоод байна гэлээ. Жишээ нь, надад ямар ч бөөгийн удам судар, тэнгэр байхгүй. Би бөө болж болох уу?
-Болно. Үүнийг өнөөдрийн амьдрал батлаад байна. Гэхдээ чи жинхэнэ бөө болохгүй, хуурамч бөө болно. Бөө болох ёсгүй хүнийг болгох нь хориотой зүйл. Тэнгэрээс зөвшөөрөөгүй юмыг бий болгоно гэдэг асар том нүгэл хийж байгаа хэрэг.
Үйлийн үр төлөөсийг нь чи төлнө. Бөө бол сүнс дуудах урлаг ертөнцөд янз бүрийн сүнс хэдэн зуун мянгаараа тэнэж явдаг. Эдгээрийг янз бүрийн аргаар дуудаж болно. Ингэж дуудаж чаддагаа ашиглаад ямар ч бөө болох ёсгүй хүнийг бөө болгодог. Мөнгө нь чухал байна ш дээ.
Энгийн нэг хүнийг бөө болгоно гээд хаа хамаагүй сүнсийг дуудан авчирч наадаг. Үүнийг тэд “онгод наагаад” гэж ил тодоор ичихгүй ярьж байна. Өөрөөр хэлбэл, чиний аль ч үеийн уг удамд байгаагүй тэс хөндлөнгийн муу зүгийн сүнсийг дуудаад “онгод чинь” гээд наагаад өгчихөж байгаа хэрэг.

Энэ их аюултай. Тэр онго бол орно. Ярина, үйл хийнэ. Тухайн хүний биед ороод өөр дуу хоолойгоор ярина. Тэгэхээр хүмүүс онгод нь буулаа гээд шүтчихдэг. Гэтэл болох ёсгүй өөр сүнс дуудсан учраас тэр нь муу үйл, муу зүйл хийгээд эхэлдэг. Цаанаасаа болох ёсгүй зүйлийг болгосон учраас тодорхой хугацааны дараа буруудна.
Өвдөнө, зовно. Анх байсан бэрхшээлээсээ хэд дахин илүү бэрхшээл дахиад тулгарч эхэлнэ.
-Сүүлийн үед Шар хадны эмнэлэгт бөө болох гээд сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүс эмчлүүлэхээр ирж байгаа гэсэн. Яагаад тэгдэг вэ?
-”Чи бөө болох ёстой” гэж хүнийг итгүүлэн үнэмшүүлж, дарамтлах гэх мэт янз бүрээр нөлөөлж байна. Хэдэн жилийн өмнө бөө болгох гээд хүнийг шатаагаад алчихлаа л гэж байсан. Уг нь рашааны халуун уураар биеийг нь ариусгадаг зан үйл бий л дээ. Тэр үйлийг буруу хийгээд хүний аминд хүрсэн гэж би сонссон.
Үүнтэй адилхан онгод нь орохгүй байна гээд зодож балбадаг, ганцааранг нь гүйлгэж харайлгадаг, энд тэнд харанхуй шөнө хүчээр ганцааранг нь суулгадаг гэх мэт янз бүрийн л юм дуулддаг. Хүн бүрийн сэтгэхүй өөр өөр. Үүнээс айж ичсэнээсээ болоод сэтгэцэд өөрчлөлт орох нь бий.
Энэ бол түгээмэл биш л дээ. Өнөөдөр Монголд хэдэн бөө байна, одоо хэд ч болох гээд явж байгаа юм, эдгээрийн тодорхой хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон байхыг үгүйсгэх аргагүй. Угаасаа одоогийн бөөгийн хийгээд байгаа зан үйл тийм болгохоос аргагүй зүйл байгаа.
Д.Оюунтуяа /Өдрийн сонин/

No comments:

Post a Comment