2/20/2012

МӨНХ ТЭНГЭРИЙН ХЭЛ, БИЧИГ БИЙ ХЭМЭЭН ТОДЛОХООР ОРОЛДСОН НЬ

МӨНХ ТЭНГЭРИЙН ХЭЛ, БИЧИГ БИЙ ХЭМЭЭН ТОДЛОХООР ОРОЛДСОН НЬ


Мөхөс миний бие Мөнх тэнгэрийн хэл, бичгийн соёл байна хэмээн үзэж өмнө нь нэгэнтээ дурдаад өнгөрсөн. Хэлснээ бататгахын тулд эрэл хайгуул хийсээр бөөгийн онгодоор тайлах учиг байна хэмээн үзэж онгод тэнгэрүүдтэй хөөрөлдөж, тэдгээр онгодуудын хэлсэн ярьсныг дамжуулж байна.
Мөнх тэнгэрийн хэл, бичгийн соёлыг онгодоор тайлуулж хэл, бичгийн улбаа байдаг гэдгийг нотлох, тайлах эхлэлийг энэ мөчөөс эхлүүлэв.
2011 оны 07 сарын 18 ны өдөр Хадны бичээс болох \тамганы бичээс, рун бичиг\ дүрс тэмдэгтүүдийг тайлж болох тухай Онгодтой хөөрөлдөв. Онгодын хэлснээр Мөнх тэнгэрийн бичиг болоод хэл байдаг бөгөөд энэ хэлээр мөнх тэнгэрийн огторгуйн уудамд байх онго тэнгэрүүд ярилцаж, бичиж тэмдэглэдэг. Хад чулуу, агуйн бичээсүүд олон янз байх бөгөөд тухайн бичээс хэзээ хаана ямар цаг хугацаанд бичигдсэнээс болоод овгийн бичиг эсвэл мөнх тэнгэрийн бичиг байж болдог байна. Овог тус бүр өөрийн бичиг хэл ярианы соёлтой, мөргөл шүтээний зан үйлтэй байсны дээр үе дамжуулан өвлүүлэн үлдээж сургаал захиасаа хад чулуу, агуйд бичиж тэмдэглэн үлдээдэг байж.
Мөнх тэнгэрийн бичиг нь бичиг тэмдэглэгээний утга агуулгын хувьд доод, дунд, дээд гэсэн хэсгээс бүрдэж бичигддэг бөгөөд доороос дээш болон багана хооронд, мөр хооронд уншиж тайлдаг байна. Мөнх тэнгэрийн бичиг хэмээх нь тэмдэгт дүрсээр илэрхийлэгдсэн байхын зэрэгцээ нэг дүрс тэмдэглэгээ нь 3-13 салаа утгыг илэрхийлнэ. Тухайн дүрс тэмдэглэгээ нь өгүүлбэрийн аль хэсэгт байрласнаас хамааран утга бүр ондоо. Тэмдэг дүрс нь цагаан толгойн үсгээр тайлбарлагдахгүй бүхэл бүтэн үгийн утгаар тайлагдана. Нэг тэмдэг дүрс нь нэг үг үгүүлбэрийн утгыг илэрхийлнэ. Тухайлбал: энэ дүрс “Т” т-үсэгтэй ойролцоо дүрс байна. Үүнийг тайлбал “Их тэнгэр ивээлээ өгчээ” гэсэн өгүүлбэр болохын зэрэгцээ тухайн бичээсийн аль хэсэгт байрласнаас хамааран бас өөр утга гарна.
Уул хайрхадын хад агуйнд бичсэн бичээс нь тухайн уул хайрхадыг хэрхэн яаж тахиж тайдаг, тахихын тулд ямар зан үйл хийдэг юу өргөдөг гэх мэт мэдээллийг бичиж тэмдэглэсэн байхын зэрэгцээ ямар ан амьтантай хэрхэн яаж ан авлаж болох гэхчлэн тухайн хайрханы бүхий л мэдээллийг багтаасан байдаг ажээ.
Миний бие 2011 оны 07 сарын 28 нд өөрийн уулзаж учирдаг бөө нарыг цуглуулан Мөнх тэнгэрийн бичиг бий эсэх тухай ярилцах болоход 90 бөө цуглаж онгод тэнгэрүүдээ буулган Мөнх тэнгэрийн бичээсийн тухай тодлоход Нэг ч бөөгийн онгод ийм бичиг бичээс байхгүй гэж мэдүүлсэнгүй, харин ч бүгд тэнгэрийн бичиг бий гэж нотлохын зэрэгцээ зарим онгод энэ бичээсийг одоо тайлах цаг болоогүй гэж бас хэлж байсан болно. Мөн эдгээр онгодуудын зарим нь өөр хоорондоо хөөрөлдөж мөнх тэнгэрийн хэлээр ярилцаж тэдгээрийн ярихыг миний бие сонсоод юу ч ойлгоогүйн дээр улаач нь хүртэл юу ярьсныг нь мэдээгүй үлдсэн болно. Эдгээрийн хоорондоо ярихыг нь сонсоход ийм хэл яриатай ойр гээд хэлчих зүйл байсангүй. 90 бөөгийн онгод болгон энэ хэлээр ярьж чадахгүй байсны дээр тэнгэрийн хэлээр ярихад учир их байхаас гадна эрэмбэ дэгийн ялгаа бас чухал нөлөөтэй аж.
Эдгээр 90 бөөгийн онгодуудаар Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны бичээс, Төв аймгийн Бичигтийн хадны бичиг, Хэнтий аймгийн Төмөстийн хадны бичиг зэргийг тайлуулан сийрүүлэн бичсэнээс та бүхэнд Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны бичгийг тайлуулан сийрүүлснээ жишээ болгоё.
Энэ бичээсийг 2 хэсэгт хуваан эхний хэсгийг өвгөдийн хэлхээ бичээс, 2 дахь хэсгийг үр удмын хэлхээ гэж ангилжээ.

Мөр хооронд тайлахад:
H1-Үүл үндэс доороос босч
H9- Ургаа мод төрөн байхад
H17-Их тэнгэр ивээлээ өгч
H25-Эрчис онгод сүлдээ тахиж
H33-Мөнх тэнгэр хөрстөд зүглэж
H2-Наран тусгал 2-той байхад
H10-Балчир амьтад хөлөө олоогүй байхад
H18-Эрчис үйл тэнгэр газрыг холбоно
H26-Тэнд салаа мөчир үүсэнгээ
Хүний амь багаас үүсч ухвар ухаан дээхнэ үүсгэж амьтны гол дэлгэрчээ
H34-Тэнгэр газар нийлнэ гээ
H3-Бүхийл хүн амьтан олныг мөнх тэнгэр тэнцүү ивээх цагт
H11-Бөөрөлдий дэлхий голчоо олж эргэж байхад гол доохно эрчис үүсэнгээ
H19-Амтан бүхэн оргой тэнгэрт зүглэмгүй ороолоод хөрстөд зүглэж
H27-Ухаан нь уландаа орж үүснэлийг тэнгэр мэджээ
H35-Эцэг тэнгэр үндсээ тавьжээ
H4-Эцэг тэнгэрийн уур хилэн гарч
H12-Учираа ололгүй уруудан
H20-Хөрстөд хаягдахад
H28-Баруун хойд зүгт хөгүүн зольж
H36-Хөрстийн хилэнг дарна гээ. Энэ нь эхний хэсэг болно.

Дараагийн мөрүүдэд:
H5-Мөнх тэнгэрийн тахилга тайлга хийж
H13-Тэнгэр харж
H21-Тэнгэрт ивээгдэж
H29-Омог удам босч үндэс үүснэ.
H6-Нэг биеийн хажууд нэжгээд баахан амь төрөхөд
H14-Эцэг тэнгэртээ мэдүүлнэ гээ
H22-Эв эеийг хичээнэ гээ
H30-Хөрстийг эвийлэнэ гээ зүг зүгт зүглэн амирлана гээ
Энэ мэтээр энэ бичээсийг тайлжээ. Миний бие энэ бичээсийн эхний хэсгийг онгодын хэлснээр нь энд сийрүүллээ. Онгодын хэлснээр багахан омгийн бичээс бөгөөд үр ачдаа сургаал болгон үлдээжээ хэмээсэн юм. Цаашид энэ бичээсийг нарийвчлан судалж үзэх хэрэгтэй байгаа болно.
Мөхөс миний энэхүү учирлал хүсэлтэд худал хуумгай зүйл ер үгүй, гагцхүү тэнгэр ухааныг ойлгон хүндэтгэгч эрхмүүдтэй хамтран ажиллахгүй бол дан ганцаар хүчин мөхөсдөж үнэт боломжийг ашиглаж чадахгүй өнгөрөхвий гэж айх тул мэргэн уншигч Та авах гээхийн ухаанаар хандаарай.
Мөнх тэнгэрийн бичиг соёлын талаар урьд өмнө нь мэдээлж тэмдэглэсэн зүйл байна уу хэмээн судалж сурвалжилтал нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн 1910 онд Эзэн хорооны цагаан сүргийн их тахилгад оролцсон тухай тэмдэглэлдээ энэ талаар анх дурдсан аж. Түүний тэмдэглэлийг олж үзээгүй ч манай нэрт эрдэмтэн Бямбын Рэнчиний “Монгол дахь Чингэс хааны шүтээнд зориулсан тахилга” гэдэг өгүүлэлд энэ талаар тодорхой өгүүлсэн байх юм.
Б.Рэнчин абугай бичихдээ “Жамсрано бол 1910 онд Чингэс хааны шүтээн хадгалагдаж байгаа Ордос нутгийн Эзэн хороонд очиж, их хааны дурсгалд зориулсан найман цагаан гэр, жич Чингэс хаан болон түүний хатдын дурсгалд зориулан үйлддэг хаврын цагаан сүргийн тайлгыг үзэж тэмдэглэж чадсан цорын ганц судлагч юм.
... Би энэ оны нэг сарын эхээр Ленинградад Энэдхэгээс ирээд Монгол явах гэж байхдаа 1957 оны зун Ордост хийсэн тэмдэглэлүүдээ доктор Жамсраногийнхтой харгуулж үзэв” гээд эрдэмтэн Жамсрангийн Цэвээний тэмдэглэлээс хэд хэдэн удаа иш татан бичжээ. Тэдгээрээс “...Жамсрано бээр дархдуудын дагууллаар их хааны шүтээнд сархдаар тахил өргөх үед тэд огт мэдэхгүй хэлээр магтаал дуулж байхыг анзаарсан байна. Гэхдээ Жамсрано юу ч ойлгож чадаагүй бөгөөд ер нь сонсч буй хүмүүст ойлгогдохгүй байхаар бодож хийсэн мэт л байжээ. Тэр дуунуудаас зөвхөн нэг “аллах аллха шиджи аллха” гэх мэт үгийг л ялган сонсч байлаа. Ямар хэлээр дуулж байгааг нь асуухад, бид тэнгэр бурхны хэлээр дуулж байна хэмээн дархдууд хариулах аж. Үнэндээ дархдууд өөрсдөө ч ямар учиртай үг хэлж байгаагаа үл мэдэх ажгэсэн мэдээ эрхгүй анхаарал татна.
Б.Рэнчин гуай 1957 оны зун Эзэн хороонд очиж гурав хонохдоо Аюур гэдэг өвгөнтэй уулзжээ. Тэр Аюур нь 1910 онд Жамсраны Цэвээнийг очих үед тус болж байсан Насанцогтын ач бөгөөд нэрт монгол эрдэмтнийг сайн санаж байсан төдийгүй өөрөө тэр үед 12 настай байсан гэдгээ ч хэлжээ. Рэнчин гуай дархдуудаас мөнөөх мэдэхгүй хэлээр дуулдаг магтаалынхаа утгыг тайлж өгөөч гэж хүсээд Жамсрангийн Цэвээний нэгэн адил хариулт сонссон байна. Гэхдээ тэд Чингэс хааны шүтээний өмнө мөнөөх дууллаа дуулж өгсөн бөгөөд үг нь ер ойлгомжгүй байжээ.
Б.Рэнчин абугай Хамгийн сүүлийн магтаалыг дуулж байхад аль хэдийнэ үдшийн гурван цаг болсон байв. Тэрээр эхлэхдээ магтаалаа тэнгэр бурхны гэгдэх үл ойлгогдох хэлээр эхлээд төгсгөлд нь эртний монгол хэлээр дуулав гэж тэмдэглэсэн байдаг. Эндээс тэрхүү дуулал нь эртний монгол хэлээр биш гэдэг нь тодорхой байна. Эзэн хорооны дархдууд “Тэнгэр бурхны хэл” гэж ямар хэлийг хэлэв? Энэ нь бидний дээр дурдсан тэнгэрийн хэл биш биз?

“Гэрэлт Цалиг” сэтгүүл. 2011 он. VIII сар. №11.

No comments:

Post a Comment