3/03/2012

Монголын түүх...



Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ.

2000
гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан. Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна.

Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.
Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна.
Эртний улсууд

Хүннү улс

Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.

Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ. Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.

Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг.

Сяньби улс

Хүннүгийн дараа монгол нутагт МӨ I зууны сүүлчээр эртний дунху нарын угсааны Сяньби нар ноёрхлоо тогтоожээ. Сяньби нь Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан Төв Азийн нүүдэлчин монгол угсааны овог, аймгуудаас бүрдэж байжээ. МӨ 150-иад оны үед Сяньбийн цэргийн эрхтний хүү Танышихуай Сяньби аймгуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин Хүннү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авчээ. Тэр цагаас хойш Хүннүгийн үлдэгдэл хүн ам болоод Сяньбийн төрөл угсааны Ухуань аймгийн хүн ам Сяньби нэрийн дор явах болж, Сяньбийн хүч чадал нь нэмэгдсэн байна.
Сяньби улс Хүннүгийн адил өрнөд, дорнод, төв 3 хэсэг болж, нийт 12 зонхилогчид хуваагдан захирагдаж байжээ. МӨ III зууны дундуур Сяньби аймгийн холбоо задарч, хэдэн тусгаар аймаг болон салжээ. Тэдгээрээс Сяньбийн угсааны Муюн, Тоба зэрэг аймгууд одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт өөрсдийн төр улсыг байгуулж, нэлээд хугацаанд оршин тогтносоор байжээ.

Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ.
Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ.
Жужан улс


Их говийн өмнө зүг нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан  МЭ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ. 

4-5-
р зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нь сүрхий садаа тотгор болж байжээ. Иймд Шэлүнь Гаогюй нарыг бүр мөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр удаагийн довтолгооноороо Гаогюй нарыг бут цохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо дараагаар тэр тухайн үед баруун хойд Хятадын нэг хэсгийг ноёрхож агсан Тангудын Цян улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг өмөг түшиг болгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө . "Жужан Дэудай хаган" хэмээн зарлаж, Жужан улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.

Шэлүнь Жужан улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоов. Түүний тогтоосон хуулиар, мянган хүн нэг хороо болж, өөртөө нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж, өөртөө нэг даргатай байхаар болжээ. Мөн шинэ тогтоосон хуулийн дагуу дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны үед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу, шийдмээр дэлдэж алах журамтай болжээ. Тийнхүү улсаа аравтлан зохион байгуулсан нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв. Аравтын тогтолцоогоор зохион байгуулагдсан нүүдэлчид төрийн тусгаар тогтнол, газар нутаг, хөрөнгөө батлан хамгаалах, тэрчлэн аж ахуйгаа эрхлэн хөтлөх өргөн бололцоотой болдог байжээ. Нөгөө талаар, хүрээ, хот айл болж, нүүдэллэн аж төрдөг нүүдэлчдийг засаг захиргаа цэргийн зохион байгуулалтад оруулж өгдөг чухал хэлбэр нь аравтын тогтолцоо юм. Тийм ч учраас нүүдэлчид анх төр улс байгуулсан МЭӨ 3-р зуунаас МЭ 14-р зуун хүртэлх урт удаан хугацаанд аравтын тогтолцоог уламжлан хэрэглэсээр байв. Зарим судлаачид, аравтын тогтолцоо нь нүүдэлчин угсаатны захиргаа цэрэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна. Жужан нар нүүдэлчдийн уламжлалт төр ёсыг мэддэг байв.

Тэгээд ч Жужаны хаан эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захирлагыг хэрэгжүүлдэг бүхэл бүтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эхр үүрэг бүхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх үзэл Жужанд байсан бөгөөд тэд "Хатагтай", "Зөв", "Тэнгэрийн" гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн түүнчлэн хаад нь "Ашиг амгалан", "Машид түвшин", "Машид тайван", "Мандан бадрах", "Мөнхөд энх" гэх зэрэг тусгай оны цол хэрэглэсэн нь хойш уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед түшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийн сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв. Ер нь Жужан улсын үеэс улсын эзнийг "Хаган" (хаан), түүний гэргийг "Хагатун" (Хатан) хэмээн нэрлэх явдал нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэд нь хаган хэргэм зүүдэг болсон нь тэдний эрх нь урьдах үеийн нүүдэлчдийн эздийн хэрэглэж байсан Шаньюй, хан хэмээн цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид үздэг байна. Жужаны хаад тийнхүү урьдах нүүдэлчдийн удирдагчаас эрх хүчээрээ илүүтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хүннү, Сяньби нарын нийгмийг бодвол, хөгжлийн хувьд нилээд урагшилж, давхраажилт нь нарийсч байсны бас нэг илэрхийлэл юм. Жужанаас эхлэн дараа дараагийн нүүдэлчдийн төр улсын тэргүүн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан бололтой. Жужаны эзэд, хаад нь дэүдай, гэжогай, гэмэнгай, чилян, чуло гэх зэрэг олон зүйл чимэг цол хэрэглэдэг байсан аж. Тиймэрхүү чимэг, цолыг Жужаны өмнөх нүүдэлчдын тэргүүн нар мөнхүү хэрэглэж байсангүй. Харин Жужан нараас уламжлан дараагийнх нь хэрэглэдэг болсон аж. Жужаны эзэн хаадын цол, чимэг зэргээс үзвэл, төрийн эрх баригчдынх нь сүр хүчин урьдах үеийн нүүдэлчдийнхээс нэмэгдэж ирсэн гэмээр байна. Жужаны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.

Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хан буюу хаан суусан аж. Гэхдээ зарим үед үе залгамжлах ёс алдагдах явдал гардаг, үүний улмаас язгууртнуудын дунд зөрчил дайсагнал үүсдэг байсныг хэлэх хэрэгтэй. Жужаны хаад нь төр улсын дээд эзэн мөн болохоор их эрх мэдэл, эд хөрөнгө, албат харааттай байсан юм. Жужан улсын хааны доор баруун, зүүн жигүүрийг захирах сайд Сылифа хэмээх тушаалтан байв. Хааны үр хүүхэд, ойр төрлийнхөн нь энэ албыг үе улиран хашдаг байсан бөгөөд тэднээс хаан өргөмжлөгдөх явдал ч байсан аж. Тухайлбал, 521 онд Брахман хаан өргөмжлөгдөх үедээ Сылифа цолтой байсныг сурвалжид тэмдэглэжээ. Тэрчлэн Жужаны төрийн түшмэлүүдийн дунд Мохэ, Сыцзинь, Дархан, Хоуцзинь гэх зэрэг томоохон тушаалтан байсан боловч тэдгээр нь чухам ямар алба хашиж агсан нь тодорхой бус байна. Юу боловч тэдгээр нь төр цэргийн шинж чанартай албан тушаалтан байсан бололтой. Амгай хааны үед Шичжун буюу ордны түшмэл, Хаунмэнь буюу хаалгач, Мишуцзянь буюу бичгийн түшмэл ажиллаж байсан мэдээ байдаг. Жужаны түмт, мянгат, зуут, аравтын ноёд, удирдагч нар бас тусгай цолтой байсны дээр үндсэн гол аймгаас бусад аймгийн толгойлогч ноёныг "Бешуай" гэдэг байжээ. Дээр дурдсанаас үзэхэд, Жужан улсын төрийн үйл хэргийг явуулахад захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан зэрэг дэв бүхий олон түшмэл ажиллаж, бас их хуралдай, түшмэдийн зөвлөлдөөн болж, төрийн дотоод, гадаад хэргийг шийдвэрлэдэг байжээ. Төрийн алба ажлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл, эрхэлсэн ажил үйлсийн чухал байдлаар нь цол хэргэм олгодог байв. Жужан улсад нийгмийн давхраажилт явагдаж, хаан тэргүүтэй төр барих язгууртны бүлэг урьдах нүүдэлчдийнхээс мэдэгдэхүйц товойн, сүр хүч нь ч нэмэгдэж байсан аж. Нийгмийн дунд давхрааныхныг энгийн малчин аймгууд бүрдүүлж, гол үйлдвэрлэн бүтээгчид нь болж байв. Харин доод давхраанд боол зарц наг багтдаг байжээ. Тэд бусдыгаа бодоход ихээхэн цөөн бөгөөд гол төлөв янз бүрийн шалтгаанаар ядуурагсад, дайны олзныхон, харь аймгийн заримаас бүрдэнэ. Тэд Жужаны язгуурлаг давхрааныхны мал адгуулах, гэр зуурын ажилд явах, уран дархны ажил үйлдэх, тариа будаа тарих зэргийг хийдэг байжээ. 

Жужаны нийгэмд эмэгтэйчүүд ч зохих нөлөөтэй байсан бололтой. Сурвалжийн зарим мэдээг үндэслэвэл, Жужаны төрийн хэрэгт эмэгтэйчүүд, хатад, гүнж нар оролцдог, тэднийг төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр ашигладаг байсан бололтой. Ялангуяа ураг барилдах замаар төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, тэднээр дамжуулан бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоох явдал байжээ. Тоба-Вэй улсад очсон Жужаны хэд хэдэн гүнжүүд нь өөрийн зан заншлаа хатуу баримтладаг, шулуун шийдмэг байдалтай, угаасаа ухаалаг, зоримог дайчин, халин нисэж яваа элээг эвэр нумаар харван онож унагаж чаддаг, чанга шийдмэг зантай, хятадаар ярихыг зөвшөөрдөггүй байсан гэж судар түүхэнд тэмдэглэжээ. Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд, хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Цамбагарав уулын "Хар хад" гэдэг хананд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдон гэж судлаачид үздэг байна. Сурвалжийн мэдээгээр 402 онд Тоба улсын цэрэг Сугуянь, Чуфу хоёр аймгийг довтлоход Шэлүнь тэдгээрийг хамгаалан байлдаад, Вэй улсын цэрэгт цохигдон, хуягтай морь 2000 гаруйг олзлуулж байсан ажээ. 520 онд Анагуй хаан өөрийн ах Шифагийн хэдэн түмэн морьт цэрэгт довтлуулан хөнгөн морин цэрэгтэй Вэй улсад зугтан очсон гэдэг. Жужаны цэргийн тоо чухам хэд хичнээн байсан нь тодорхойгүй. Зарим сурвалжид өгүүлснээр 439 онд Жужан нар Вэй улсын цэрэгтэй тулалдан ялагдаад цэргийн жанжин, дарга нар болон цэрэг 500-г алуулж, 10000 илүү хүнээ олзлуулсан байна. Мөн 479 оны 7-р сард Жужаны хотод тулж очоод буцаж байсан. 504 оны 10-р сард Нагай хаан 120 000 цэргийг 6 замаар хөдөлгөн Вэй улсыг довтолсон зэргээс үзэхэд Жужаны цэргийн тоо цөөнгүй байсан бололтой. Жужаны цэрэг эрс Хүннү маягийн нум сумаар голлон зэвсэглэхийн хамт төмөр илд, жад, чулуу шидэгч дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ.

Жужанд урдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. Хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг. Чингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёсон бус алдлаа гаргахын үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий, буурьтай, туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон явуулдаг, тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан болотой. 486 оны 3-р сард Жужаны хаанаас элч Мутиг Вэй улсад зарсан аж. Вэй улсын хаан Сяовэнь түүнийг хянуур болгоомжтой, ёсорхог, элчийн ёс сайн мэддэг хүн, өөрийн улсдаа үнэнч хүн юм гэдгийг өөрийнхөө ордонд болсон зөвлөлгөөн дээр хэлж байснаас Жужаны гадаад харилцааны дэг ёс ямар нэг хэмжээгээр харагдана. Мөн Жужаны элчин нар хожмын Монголчуудтай адил гадаад улсад зорчихдоо, төр улсын төлөөлөгчийн итгэмжлэх тэмдэг "Гэрэгэ" хэрэглэдэг байлаа. Жужаны хаан 480, 481 онд Өмнөд Ци улсын хаанд захидал илгээн, Вэй улсыг хамтран довтлох санал тавьж байсан, 508 оны 7 сард Футу хаан Улюбаг элчээр илгээн, Шицзун хаанд захидал (Нот бичиг ), булган дах хүргүүлж байсан зэргээс үзэхэд тэд гадаад харилцаанд албан бичиг хэрэглэдэг байсан нь тодорхой юм. Тийнхүү томилогдсон Жужаны элч нар улсаа төлөөлөн, гэрээ хэлэлцээр ч хийдэг байлаа. Жишээлбэл, Жужаны нэгэн элч 479 онд Солонгос улстай нууц хэлэлцээр хийж, Дидоуганыг эзлэн хуваан авах тухай тохиролцож байжээ. Нөгөө талаар харийн элчийг хүндэтгэн хүлээн авах, ёс хүндэтгэл үзүүлэх тогтсон журамтай бөгөөд түүнийгээ мөрддөг байсан аж. 521 оны 2 сард Вэй улсын элчин Цзюй Жэнийг ёс хүндэтгэл алдсан хэмээн, Жужаны Поломынъ хаан зэмлэж байсан нь тэд дипломат ёс журамтай, түүнийгээ баримтладаг байсныг харуулна. 520 оны үед Тоба улсын Сяоцзун хаан Жужаны хаан Анагуйг хүлээн авахдаа, төрийн таван дэс бүхий түшмэл, хааны ургийнхан болоод өөрийн харьяат улсын элч төлөөлөгчдийг цөмийг зэрэг дэвээр нь болгоод, Анагуй хааны дүү, хоёр авгыг нь олон түшмэдийнхээ дараад байрлуулсан аж. Гэтэл Анагуй хаан Сяоцзун хаанд хандан-Хааны найрсаг хүлээн авч байгаад талархаж байна. Харин миний хамт үеэл ах маань ирээд байна. Тэр болбоос умард нутаг (өөрийн улс )-таа байхдаа хоёр авгаас минь тушаалаар дээгүүр тул түүнийг хаанд бараалуулахыг хүснэ гэсэнд, Сяоцзун хаан түүний үгийг хүлээн авч, үеэл ахыг нь Анагуйн дүүгийнх нь доод талд, хоёр авгынх нь дээд талд суулгасан ажээ. Энэхүү жишээ нь Жужан нар дипломат харилцааны ёс, зэрэг тушаалын учрыг мэддэг, түүнийг нь зэргэлдээ улс орон нь хүндэтгэдэг агсаныг харуулж байна. Бас Жужан нар тухайн үедээ Тоба улстай эн тэнцүү харилцаж явсныг ч эндээс харж болно.

Жужан улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь: тухайн харилцаж буй орны баримталж буй бодлого, үйл ажиллагаа, тэр үеийн бодит нөхцөл байдал зэрэгтэй уялдаатай байв. Тухайлбал Вэй улсын талаарх Жужаны бодлого нь нэг талаар түүний шахалт түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах, бусад орноор үүнийгээ дэмжүүлэх, найрсаг харилцаатай байхад, нөгөө талаар түүний өрсөлдөгч улсууд болох Сүн, Умард Ци, Лянь, Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэн шаардлагатай үед тэдний хүч анхаарлыг Вэй улсын эсрэг хандуулхад чиглэгдэж байжээ. Түүнчлэн Жужан нар Дорнод Туркестан, Дундад азийн орнуудыг болж өгвөл Вэй улстай ойртуулахгүй байж, өөрийн улсын нөлөөнд байлгахыг эрмэлздэг байсан ажээ.

Жужаны аж ахуй Эртний Хятад сурвалж бичигт, Жужан нарыг хүн нь олон болоод хүчирхэг, өвс усны аяыг даган нүүдэллэж, мал адгуулан аж төрдөг, дуртай газраа сонгон нүүдэллэхдээ зөөж авч явдаг бөмбөгөр эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар үргэлжилсэн нүд алдам тал нутагтай. Цаг уур нь хүйтэн, өвс ногоо тачир, адуу, үхэр нь хатсан өвс зулгаан, цас иддаг боловч хур тарган байдаг гэх зэргээр өгүүлжээ. Жужан нарын аж ахуйгаа эрхлэн хөтлөх үндсэн арга хэлбэр нь нүүдэллэхүй ёс байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцөгийн уртрагийн чиглэлээр улирал, цаг агаарын байдалд нийцүүлэн нүүдэллэн нутагладаг байсан аж. Түүхч Ц.Хандсүрэн Хятад сурвалжийн мэдээг үндэслэн "Жужаны нутагладаг говийн умард газар өндөрлөг бөгөөд сэрүүн, шумуул батганагүй, бэлчээр усны чанар сайн, тэд зуны улиралд умард газраар нутаглаж мал малладаг, малаа энд тэнд тус тусад нь суурилан бэлчээрлүүлдэг. Намар адуу таргалсан хойно хуран цуглаж, улмаар хүйтнээс зайлан дулаан нутаг руу очдог" хэмээн бичжээ. Энд Жужан нарын нүүдэл амьдралын гол нурууг үндсэнд нь тодорхойлсон байна. Жужан нарын дунд хэдийгээр бог мал тоогоороо давамгайлж байсан боловч таван хошуу малын алиныг ч үржүүлдэг байв. Тэдгээрийн тоогоор нь үзвэл, хонь, адуу, үхэр, тэмээ гэх дараалалтай байв. Жужан нар малын тоо толгойгоор баялаг байжээ. Түүхэнд 449 оны 9 сард Тобагийн 3 замын их цэрэг 1 сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 000 тэмээ, адуу, үхэр, хонь олзолсон, 555 оны 7 сард Умард Ци улс хэдэн буман үхэр, хонь дээрэмдсэн зэргээр өгүүлсэнээс үзэхэд, Жужанчууд олон сая толгой малтай, сүргийн бүтэц бүрэлдэхүүнд таван хошуу малын аль аль нь багтаж байсан нь харагдана. Судлаачид Жужаны мал сүргийн дотор тэмээг бусдаасаа хамгийн цөөн байсан гэж үздэг. Гэхдээ 538 онд Баруун Вэй улсад Анагуй өөрийн охиноо өгөхдөө, сүргээсээ 1000 тэмээ инжинд нь өгч байснаас харахад бас ч тэмээ тийм цөөн байгаагүй бололтой. Харин аж ахуйн хийгээд уналга эдэлгээ, цэрэг стратегийн чухал ач холбогдолтой сүрэг болох адуу нүүдэлчдийн хувьд гол байр эзэлдэг байсан нь Жужанд ч адил юм. Тэгээд ч сурвалжид адуу, агт морины талаар олонтаа дурдагддаг. Тэдгээрт заримдаа зуу, бүр саяар нь агт морьдыг харилцан бэлэглэсэн буюу уулгалан булаасан тухай өгүүлнэ. Энд нэг баримтыг жишээ болгоход 429 онд Табгачийн Шицзу хан Жужанаас нэг сая орчим цэргийн агт, 443 онд Вэй улсын цэрэг Жужаныг довтлохдоо 200 000 гаруй адууг тус тус дээрэмджээ. Энэ нь Жужан нар олон саяар тоологдох адуутай байсны гэрч юм
Түрэгийн хаант улс

552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.

Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.

Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.


Уйгарын хаант улс

Уйгур бол эртний алтай хэлний бүлэгт багтах түрэг угсааны нүүдэлчин ард түмэн юм. Эртний хятад сурвалжид уйгуруудын өвөг дээдсийг МЭӨ III зууны үеэс Динлин, Дили, Тэлэ, улмаар V зууны үеэс Уйгур (Хуйху) хэмээн нэрлэх болжээ. Мөн тэд өндөр дугуйтай тэрэг хэрэглэдэг байсан учир гаогюй буюу өндөр тэрэгтнүүд гэж нэрлэгдэх нь ч байв. VIII зууны дундуур /40-өөд онд/ Пейло хэмээх ханы үед уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж, Уйгур улсыг байгуулжээ. Уйгурын ханы орд өргөө нь Орхон голын хөндийд Байбалык (Хар балгас) хэмээх хот байжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм эдийн засаг соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ.

Пейлогийн дараа хан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжиж, газар нутгаа өргөтгөсөн байна. Уйгурын газар нутаг умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Их элсэн говь хүртэлх өргөн уудам болжээ. Уйгурын хант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.

Уйгурууд Монгол нутагт тогтож байсан олон аймаг, улсын соёлыг залган хөгжүүлжээ. Уйгурын соёлын том амжилт бол өөрсдийн бичиг үсэгтэй болж, ном зохиол туурвин, гадаад хэлнээс судар шастир орчуулж байсан явдал мөн. Уйгурууд эхэн үедээ түрэг бичиг хэрэглэж байсны ул мөр нь Сэлэнгийн чулуу, Сүүжийн бичээс гэгдсэн дурсгалууд юм. Уйгурууд төр улсаа байгуулсны дараа соёлын харилцаа нь өргөжиж, бусад өндөр соёлтой улс орнуудаас соёлын нөлөөг нь тусган авч байв. Уйгурын соёлд согд нарын нөлөө багагүй байсан ажээ.Тухайлбал, уйгурууд согд бичгийг авч, өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршсан.
Уйгаруудын дунд түрэгийн адил уран дархан ихээхэн хөгжиж, мэрэгжлийн төмөрчин, цутгуурчин, алт мөнгөний дархад, чулуучин, барилгачин, нэхмэлчин байжээ. Уйгурчууд хот балгад барьж байгуулах талаар бусад нүүдэлчдээс нэлээд урагш ахисан байжээ. Мөн тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согд гар урчуудыг ашиглан сүм дуган барьдаг байжээ. Ер нь Уйгурын соёлд нүүдэлчдийн хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ хот суурин соёлын нөлөө урьд нүүдэлчдийнхээс илүүхэн тусч байснаараа онцлогтой юм.
Шашин шүтлэгийн хувьд тэдний зарим хэсэг нь буддийн сургаалийг дэлгэрүүлж байжээ. VIII зууны сүүлчээс уйгаруудад манихейн шашин нэвтрэн орж, 763 онд манихейн шашныг төрийн шашин болгон тунхагласан ба X зууны үед уйгарын зарим хэсэг несториан сургаалыг баримталсан христосын шашныг авч дагасан боловч ихэнх уйгарууд бөө мөргөлтэй хэвээр үлджээ.


Кидан гүрэн

Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.

Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ. Киданы соёл нь нүүдэлчдийн соёлыг суурьшсан тариаланчдын соёлтой холбосон нэлээд содон шинжтэй байсан аж. Киданы нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсэгт оршин суугсдын дунд хот балгад, сүм дуган, суврага, чулуун гүүр зэргийг барих арга ухаан нэлээд хөгжиж байв. VIII-Х зууны үед газар тариалан, гар урлалын хөгжлийг дагаад нэхмэл сургалт, тариалангийн арга ухаан, ялам ургуулах, хүр үржүүлэх зэрэг мэдлэг дэлгэрч байжээ.

Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.
12-р зууны байдал
12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж гаралтай байсан бөгөөд тоочвол:
тус тус байлаа.
Хожим нь эдгээрээс Хамаг Монгол давамгайлжээ.
Хамаг Монголын хаан Боржигин овгийн Хабул хан нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хан цолыг авчээ. Амбагай хан охиноо Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогджээ. Тэдгээр нь Амбагайг зүрчидэд өгч цаазалжээ. Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул хааны хүү Хутуг дараа нь Хамаг Монголын ханд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хутуг хааны хожмын удирдагчид нь Хамаг Монголын хан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хабулын ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг Монгол ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.

No comments:

Post a Comment