2/26/2012

Чингис хаан...

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ. Нууц товчоо агуулга...

 Уг гарал

Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

Бага нас

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь

1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав..." гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ. "Чингис" гэдэг үгийн гарал нь "тэнгис" гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд "Ван хан", Чингис хаанд "Чаутхури" гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

Нас нөгчсөн нь

Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг
1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,

No comments:

Post a Comment