2/26/2012

"Мэргэн дэрсдийн юм"....

 Мэргэн дэрсдийн юм
Хуулар ясны Надмид гуай 1942 онд 13 настайдаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 3 дугаар багийн нутагт Хармайн голын Хийсгэлэнт гэдэг газар адуу манаж яваад элдэв чимээ дүрснээс ихэд айснаас болж галзуурч 3 жил ямар ч засал авсангүй. Харин бөөд үзүүлтэл “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг уйгар онгодын хорлолтой байна. Тэр онгодыг энэ нутгийн нэртэй бөө Гүнгэ заарин Тагна Тувагаас авчирсан нь одоо ч түүний хүү Балжинням зааринд бий гэснээр 16 настай Надмид охин энэ зааринд шавь орж 1945 онд бөө болсон байна.


Шарын шашинд хэзээч бууж өгөхгүй
XIX зууны үед Ар Монголын Засагт Хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ар ширхтэн овгийн жөгд ясны Гурсогийн Жав зааринг бурхан номын хүчээр даран сөнөөх гэсэн Жавзундамба хутагтын их шавийн дархад отгийн Зөөлөнгийн хүрээний ягаан цорж ламын оролдлого бүтэхгүй болж лам өөрөө бөөгийн гүйлгэсэн холбогонд оногдож өөд болох шахаад арга буюу Жав зааринг залахад тэрээр ламынд ирэхдээ хэнгэргээ унаж ирээд гурван зэвтэй холбогоо биенээс нь авч ламыг эдгээсэн боловч шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тангараг тавиад буцахдаа мөн хэнгэргээ унаад буцсан гэдэг.


Манжийн амбанг дийлсэнгүй
Дархадын их бөө Баглаан заргачийн хүү Арилдий заарин дээдэс баячуудын адуу малыг булаан авч ядууст түгээдэг сайн эр байжээ. Түүнийг баривчлан шийтгэх гэсэн боловч Арилдий бөө бүргэд шувуу болон хувирчихаад баригдаж өгөхгүй байв. Энэ бөө тамхи их татдаг учир тамхины утаанд амархан баригдах болно гэж төлгөчийн хэлсэнээр түүнийг хундсын Улаан хад гэдэг газраас баривчлан аваад Улиастайд хүргэж эзний зарлигаар цавчин алах гэтэл бөөгийн хүзүүг сэлэм даахгүй байжээ. Тэгэхээр нь бөө, “Та нар намайг хороож чадахгүй. Миний амийг, ээж хамгаалаад байна. Намайг бүү зовоо. Би ээжийгээ явуулчихья. Та нар тэгээд цавч” гээд шивштэл хоёр мөрнөөс нь хоёр бүргэд гараад нисэн одсоны дараа цаазаар авчээ. Энэ үеэр Арилдий бөөгийн ээж Баглаан удган бөөлж “Ганц хүүгийн минь алдын төдий биеийг нууж чаддаггүй яасан хангай вэ” гэж хундсын Улаан хадыг аянгаар бут ниргүүлээд Улиастайн манж сайдыг алах гэж онгодоо явуулсан боловч онгод нь сайдыг хорлож чадахгүй эргэж ирээд Баглаан удганы дөрвөн мөчийг эвхэртэл татуулав. Удган Далайням гэгчийн тусламжтайгаар онгоддоо өргөл засал хийж сэргээд хүргэн хүү жөгд ясны хар заарингаар сайдыг алуулах болжээ. Гэтэл” бас л хар бөөгийн хонхинуур Улиастайд хүрэлгүй харин хадам ээжийнх нь зүүн мээм рүү орчихжээ. Баглаан удган хүргэнийхээ хонхинуурыг таниад чи үүнийгээ ав гэжээ. Хар бөө хонхинуураа аваад “Чи ингээд төөрөлд” гэж хэлээд амыг нь хадаад хаячихжээ. Үүнээс болж хар бөөгийн ганц хүүгийн хоолой бөглөрч эхнэр Амаажий нь боож үхэв. Аргагүйн эрхэнд хар бөө хонхинуураа хадсан хадаасыг мулталж хүүгийнхээ амийг аварсан гэдэг.

Ламбугайн хөөргийг олж өгсөн нь
Цагаан хуулар ясны Шаравын Дашдаваа удган /1899-1936/ 1919 оны намар нэг удаа бөөлөх гэж байхад нь Шарав-Осор гэгч лам удганд хандаж, “Би хөөргөө гээгээд хэдэн cap боллоо. Та олж өгнө үү” гэхэд удган бөөлж буугаад, “Би хөөргийг чинь олох нь оллоо. Авчрах гэсэн боловч өргөж даасангүй. Харин тамхийг чинь асгачихлаа. Наран ургах зүгт нэгэн урсгал усны зүүн талд өтгөн ургасан өвсөн дотор хөөрөг тань байна. Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай” гэжээ. Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд хуучивтар самбай хадаг уясан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод мориноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр газар өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулаад асгачихсан байж гэнэ.

Бөөгийн ачаар өвчнөөсөө салж насаараа жаргажээ
Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй явсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хамт амьдардаг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хийж өгөхөөр хус модон өргөл чимэглэж бэлтгээд хуурдаж эхэлтэл голомтын орчимд хатгасан өргөл нь их чимээ гарган дундуураа цуурч унав. Тэгмэгц Цэвээн удган / Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр догширч гэж үзээд/ “Өө энэ чинь бүр ийм дээрээ хүрээ юу? За тэгвэл хуяглаад үзнэ дээ” гээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Энэ нутагт байгаа цагт үхэх юм байна. Тийм учраас та охиноо долоон хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёул татгалзаж танихгүй мэдэхгүй нутаг руу эцгээ хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдаж унажээ. Энэ үеэр Цэвээн удган эцэгт нь “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэвэл долоо хоног өнгөрүүлээд үүнээс илүү нулимс асгаруулах нь дээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв. Гэтэл хэдхэн хоромын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь огт үгүй болж харин ч болохноо түргэн явья гэсэн бодолтой болсон байв. Үүний учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ. Цэвээн удган Сампилыг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилуулаад, бүсгүй хүн учир Сампилын зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсоноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих ч дургүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэ оёж шидсэн юмыг чи хаана л хүрнэ, тэр нутагтаа очоод задлаарай, наана нь хэрэггүй шүү” гэжээ. Энэ ёсоор Улаанбаатарт ирсэнийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийж бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцгээ авч дэргэдээ асрахаар төрсөн нутагтаа эргэж очсон боловч 5 хоногийн дараагаас хууч өвчин нь хөдөлж буцаж явахыг шаарджээ. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр нутагт ирсэнээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь ямар ч эмчилгээгүй бүрэн эдгэсэн гэдэг.

No comments:

Post a Comment