2/28/2012

Монголчуудын бөө тодруулах, холбох ёсны алдаа, оноо

Монголчуудын бөө тодруулах, холбох ёсны алдаа, оноо
Б.Галаарид (“Гэрэлт Цалиг” сонин)
Хүн төрөлхтний балар эртний нийтлэг шүтлэг болох бөө мөргөл цагийн аясаар янз бүрийн шашинд зайгаа тавьж, шахагдсаар өдгөө тун цөөхөн газар үлдэж хоцроод байгаагийн нэг нь Монгол юм. Гэхдээ Монголд ч гэсэн энэ шүтлэгийг хавчин шахах оролдлого үе үе хийгдэж байсан түүхийг мөшгөвөл нэлээд эрт үе рүү хөтөлнө. Энэ өгүүллийн зорилго нь өөр тул үүнийг үл өгүүлэн өнөөдөр тулгамдсан асуудал болоод байгаа бөө тодруулах, холбох ёсны тухайд ярья.
Монголчууд социализмын торноос мултарч, үзэл суртлын хүлээс нь тавигдсаны дараахан буюу 1990-ээд оны дунд үеэс бөө мөргөл эргэн сэргэх хандлага хүчээ авсан ч үндсэндээ буриад, дархад хоёроос бусдад нь бөө мөргөлийн зан үйл мартагдсан учраас учир битүүлэг зүйл их байлаа. Гэвч Монголын бөө мөргөлийн талаар шинжлэх ухааны анхны бүтээл хийсэн Дорж Банзаров “Бөөг бүрмөсөн устгахын тулд өөр их зүйл хийх хэрэгтэй болно. Тэрээр тийм ч амар устаж үгүй болохгүй, эрдэм боловсролтой ард түмэн, догшин ширүүн байгалиар түүний ирээдүй хамгаалагдана”1 гэж бичсэн нь үнэн болж өнөөдөр бөө тодруулах, онгодтой нь холбох зан үйлийн талаар нэлээд тодорхой ярих боломж бүрдээд байна.
Бөө мөргөл эргэн сэргэх үед бөө тодруулах зан үйлийг амьдрал дээр ихээхэн дэлгэрүүлсэн хүн бол Дорнодын алдарт зайран, олноо Баавай хэмээн хүндлэгдсэн Цэрэн билээ. Тэрээр газар газрын шавь нараа бөө болгохдоо буриад ёсыг голлон барьж байсан нь шанар хийх зан үйлээс нь тодорхой харагддаг. Буриад бөө нь шарын шашинтай гүнзгий холбогдож, уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь хүртэл нэлээд холилдсон учраас эртний их онгодтой бөө нар, ялангуяа халх бөө нарт буриад бөөгөөр холбуулах нь төдийлөн зохимжгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тэгээд ч одоогийн буриад бөө нь шавь сургалтын хэлбэртэй, бөө тодруулах, замчлах зан үйл нь нэлээд бизнес сүлжээ шинжтэй болчихоод байгаа юм. Бөө болгох шавь сургалтын стандарт энд нэгэнт бий болсон гэж хэлж болно.
Бөөгийн тухай гарын авлага болгохуйц ном бүтээлийн тухайд Ч.Далай, Б.Ринчэн, С.Бадамхатан нарын судалгааны бүтээлүүд нэгэнт байсан бөгөөд 1998 онд эрдэмтэн доктор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин” хэмээх томоохон бүтээл хэвлэгдсэн юм. Тэрээр энэ бүтээлийнхээ нэг бүлгийг бөө болох ёсонд зориулсан нь тухайн үедээ тун чухал хэрэглэгдэхүүн болж байв. Бөө болох хүн лус, савдаг, онгодтой нөхцөх үйлийн үр, багш шавийн барилдлага, бөөгийн зам заах ёс зэргийг доктор О.Пүрэв нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ энд дурдагдсан зан үйлүүд нь зөвхөн судалгааны хүрээнд олдсон мэдээллүүд атал монгол бөөгийн нийтээрээ дагаж мөрдөх зүйл мэтээр ойлгуулж, тийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн заавар, стандарт тогтоохыг оролдсон нь бөө сонирхогч, бөө бологчдод буруу ойлголт төрүүлэхүйц болжээ. Тухайлбал, “...шавийн байгаа гал голомтноос хэн нэгэн шийдвэрлэгч хүн багшаар тодорсон бөөд очиж “Та манайд очиж хүний зам зааж цагаан мөрөө хайрла” гэх мэт үг хэлээд аяга дүүрэн сүүг алд цэнхэр хадагтай бариад”2 гэх мэтээр хэлэх үг, хийх үйлдлийг нь хүртэл нэгбүрчлэн зааж бичсэнийг учир мэдэхгүй хүмүүс хадаг барих чинь хаанаас хэдийд нэвтэрсэн ёс билээ гэхчлэн нарийн нягтлалгүйгээр ёсчлон гүйцэтгэх гэж хичээж л таарна. Эндээс л стандарт үүсч байгаа юм. Зүй нь “ Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” хэмээх цэц үг дан ганц бөөгийн буултын тухайд биш, ерөөсөө монгол бөөгийн зан үйлийг нийтэд нь илэрхийлсэн, монгол бөөд аливаа нэгэн стандарт байдаггүйг хэлсэн хэрэг юм.
Аль ч газрын бөө болох хүний онцлох шинж нь бөөгийн өвчнөөр өвдөх явдал байдаг. Ингэж өвдсөн хүн орчин цагийн эмнэлгээр явахад онош нь үл тодрох, эсвэл нэг өвчнийг нь эмчилж эдгэрүүлэвч өөр нэгээр өвчлөх зэргээр шаналгадаг. Энэ нь чи бөө болох ёстой гэж тэнгэрээс өгч буй дохио юм. Үүнийг мэдэхгүй байх, мэдсэн ч эс тоовол үхлээр төгсдөг. Мөн бөө болох ёстой хүний санасан хэрэг, сэдсэн ажил нь бүтэхгүйтэн үргэлж унаж босч, орон шоронд ортлоо дордох нь хүртэл бий.
Бөөгийн өвчний илрэх байдал нь сэтгэл мэдрэлийн өвчинтэй илүү төстэй. Хий юм харна, сонсоно, татаж унана. Ийм жишээ ном сударт үй түмээрээ бичигдсэн байдаг. Тухайлбал эртний нэгэн бөө “Би хорин насандаа өвдөж, бусдын хараагүйг нүдээрээ харж, сонсоогүйг чихээрээ сонсож эхэлсэн. Хүмүүс надад итгэхгүй доог тохуу болгоно гэж айсандаа би арван жил хэнд ч хэлэлгүй тэссэн. Эцэст нь хүчтэй өвдөж үхлийн аюул гарцаагүй нүүрлэсэн.Тэгээд бөөлж эхлэнгүүт дээрдсэн юм. Одоо ч гэсэн бөөлөлгүй удвал бие эвгүйрч өвддөг”3 гэсэн байдаг.
Гэхдээ хий юм харж сонссон, хүнд өвдсөн, татаж унасан бүхэн бөө болох ёстой гэсэн үг биш. Хараал хорлол, хий юмтай нөхцөх, зүгээр өвдөх зэргээс болж ч болно. Иймд эхлээд юунаас болов гэж учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. “Хараал хорлол нь биежиж, мэдрэмж нь хурцадсан хүнийг бөө болох хүн байна гэж эндүүрэн ажил ундруулж, эцэст нь нөгөө хүн нь хараалаасаа салан ямар ч мэдрэмжгүй нэгэн болж хэн хэн нь гайхшаа барчихсан байсан”4 тухай би өмнө нь нэгтээ бичиж байсан.
Орчин цагийн өнгө мөнгөнд шунасан бөө нэрт зарим хүмүүс ийм өвчин зовлонд унагсдыг, хараал хорлолд шаналагсдыг яг л торонд нь ороолдох ялаа шумуулыг отсон махчин аалз мэт хүлээж байдаг болсон нь тодорхой байна. Миний дотнын анд Х-тэй яг ийм явдал тохиолдсон юм. Тэрээр хэсэг хүмүүс бөө бөөлүүлэхэд нь унаа тэргээрээ үйлчилж явтал “Тэр залуу хүрээд ир” хэмээн нөгөө бөө нь дууджээ. Тэгээд нэр жилийг нь асууснаа “Пөөх, чи чинь бөө болох ёстой хүн байна. Ямар хэнэггүй нөхөр вэ. Ингэж яваад үхвэл яана, чи” хэмээн загнажээ. “Би эрэгтэй шавьгүй хүн байгаа юм. Эндээс нэг том зайран олоод авлаа. Удахгүй би хөдөө явж уул хайрхад тахихдаа чамайг дагуулж явж бөөлүүлнэ Юм хумаа бэлд” гэж тулгав гэнэ. Мөрөөрөө явж байгаад бөө болчих шахсан нөхөр маань нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. “Чи энэ бөө мөөг сонирхдог хүн байна. Хэлээд өг. Ийм юм байж болох уу?” гэхэд нь нэг биш, нэлээд хэдэн хүн дээр очиж асуу гээд явуулсан минь бүр гай болжээ. Очсон бөө болгон нь барьж авч шавиа болгох гээд сандаргаж, нөхөр ч сүүлдээ дүрдээ итгэн хувцас хэнгэрэг бэлдэх юм болоод явчихлаа. Нэлээд сайн гэгддэг үзмэрч бүсгүй түүнд тийм юм байхгүй, цаадуул дээрээ дахиж очилгүй хаячих гэж хэлээд ч, ах дүүс нь дургүйцээд ч нэмэр болсонгүй. Нэлээдгүй хөл болж, ихээхэн мөнгө зарлагадаж явж бөө болсон Х маань дахиад надтай холбогдсон юм. “Энэ нэг л биш ээ. Чи нэг хүрээд ирээч” гэнэ. Яваад очтол шинэхэн бөө маань хувцас хэрэглэлээ өмсөн бөөлж үзүүллээ. Хэнгэргээ дэлдэж байтал төд удалгүй онгод суув бололтой намс хийгээд явчихлаа. Цай барьтал өлсөж ундаасаж үхэх гэж буй аятай хахаж цацан залгилчихлаа. Өмнө нь барьсан идээ будаанаас ам руугаа базан чихэж, заримыг нь өвөр түрий рүүгээ ч хийж байх шиг. Мэндийн үгэнд ганц хоёрхон үгээр хариулаад өөр юу ч ярихгүй юм. Тэгснээ архи нэхэж байна. Өгөөд л байвал уугаад л байх шинжтэй. Ямар ч шидгүй гайтай “онгодыг” нэлээд юм болж байж буцааж мордуулав.
Дараа нь бид хоёр түүнийг анх хэрхэн холбосон, юу болсон талаар ярилцлаа. Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.
-Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?
-Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.
-Багш чинь чиний энэ онгодыг өөрийн биед оруулж чамтай яриулаагүй юм уу?
-Үгүй.
-Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?
-Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.
-Дуудлагаа яаж олж авсан юм бэ?
-Багш хэлж өгч цээжлүүлсэн.
-Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?
-Надтай дөрвөн хүнийг холбосон.
-Дуудлага нь бүгд ижил үү?
- Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.
-Хэр их зардал гарав?
-Бараг гурван сая төгрөг.
-Цаашид яана гэж байна?
-Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.
-Чи ч арван хэдэн удаа чанарт явбал дор хаяж гуч гаруй сая төгрөг гарздах нь дээ.
-Харин тийм л болж таараад байна. Гайгүй шиг бөө болж байвал мөнгө ч дүүрч.
Бүх зүйл ойлгомжтой. Түүнийг бөө болох хүн мөн эсэхийг ном ёсоор нь тодруулсангүй. Бөөд замчилна гэдэг ёс суртахууны том шалгуур байдаг. Энд тэр нь үйлчилсэнгүй. Хэнийг ч хамаагүй бөө болгож байна хэмээн хуурч хэдэн төгрөг салгадаг шуналын туламнуудын нэгтэй Х маань учирчихаж.
“Жинхэнэ сайн бөө бол чамд буух ёстой онгодыг эхлээд өөрийн биедээ дуудан оруулж, хүний хэлээр яриулна. Угийн онгод чинь чиний халуун зүсийг хараад баярлаж, чамд хэлэх зүйлээ хэлж, хамаа бус хэлэх ёсгүй зүйлээ бол дараа өөрийн биед чинь орохоороо хэлнэ хэмээдэг. Тэгээд намайг ингэж тэгж дуудаарай, буудал суудал минь ийм шүү, хувцас хэнгэрэг, өргөл тахил маань тийм шүү хэмээн захиж хэдийд яаж буулгахыг хүртэл хэлж өгдөг. Зарим нь энэ ертөнцөд хүн биед байхдаа юу хийж, яаж явснаа хүртэл хуучилж, тэнгэрийн оронд ядарч, эсвэл жаргаж яваагаа ч өгүүлдэг. Тэгээд тэр ёсоор нь бэлдэж холбогддог болохоос хэн нэгний хэлсэн, аль нэг номонд бичсэнээр болдог эд биш” хэмээн би Х-д учирлаад багш дээрээ очиж, саяын хэлсэн дагуу хийж өгөхийг хүс, үнэн бөө бол угийн онгодыг чинь оруулж ирээд л яриулна, худал бөө бол тэр дороо тар нь танигдана гэж зөвлөв.
Ер нь монгол бөөг тодруулах ёс бол ийм л тодорхой зүйл билээ. Сүүлийн үеийн халх бөө тодорч байгаа байдлыг харахад энэ нь бүр ч тодорхой байгаа юм. Дархад бөө ч үүнтэй төстэй. Бөө болох ёстой хүн мөн байна гэдгийг нь бөөлж байж тодруулаад, холбогдох ёстой онгодыг нь дуудан ирүүлж бөө бологчийн биед оруулж өгдөг. Тэгээд бөө хүний зайлшгүй мэдэж мөрдвөл зохих цөөн зүйлийг хэлж өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө онгодоос асууж мэд хэмээн бие даалгадаг. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ”5 гэсэн нь ч үүнийг нотолж байна.
Харин буриад бөөгийн тухайд бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн стандарт шахам дэг жаягтай, уламжлалаа нэлээд сайн хадгалж ирсэн онцлогтой, энэ талаар судалгаа шинжилгээний ном бүтээл ч цөөнгүй билээ.
Харин халх бөөг тодруулах, холбох зан заншлын талаархи судалгаа нэлээд учир дутагдалтай байсан нь халхууд дунд шарын шашин эрт нэвтэрч, харийн бодлого, түүнд бөхийсөн төрийн шахалтаар бөөгийн уламжлал үндсэндээ тасарсантай холбоотой юм.
Гэхдээ сүүлийн үед халх бөө нар олноор төрснөөр эрт цагийн онгодуудтай холбогдох боломжтой болж, түүнийгээ дагаад дээрх мартагдсан ёс заншлын талаар олж мэдэхэд дэвшил гарч байна. Халх бөөг угийн онгодтой нь холбогдон тодруулж, тэр онгодны хэлж заасны дагуу хувцас хуягийг нь бэлдэж, зан үйлийг нь гүйцээхэд ямар ч хүндрэл төөрөгдөл гарахгүй байгаа бөгөөд буриад бөө шиг олон жил суралцах, чанар хийх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь уг залгах хүнийг өөрийнх нь онгодтой уулзуулж, яриулах нь чухал бөгөөд тэгэхдээ хувцас хэрэглэл, бусад зүйлсийг тодруулж авахыг хичээх хэрэгтэй болдог.
Эрдэмтэн Ч.Далай “Монгол бөө хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дагаж, түүнд зохилдсон тул хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал, Монголын баруун хэсгийн бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртэл урт өргөн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүрлэг байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нэлээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой бол Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай”6 хэмээсэн байдаг. Үүн дээр нэмж өгүүлэхэд одоо бууж буй халх онгодууд нэлээд эрт үеийн том тэнгэрүүд байх нь элбэг тул өмсгөл хэрэглэлийн хувьд дахин давтагдашгүй, өөр өөр байх тал ажиглагдаж байна.
Тахил идээ тавих, өргөх ёсны тухайд ч нэлээд өөр бөгөөд юуг хэрхэн яаж тавихыг онгод бүр өөрөө зааж өгч байна. Гэхдээ халх бөөд ажиглагдаж буй нийтлэг нэгэн үзэгдэл гэвэл архи дарс огт хэрэглэдэггүй, хараал хорлол муу үйл хийхийг тэвчдэггүй, үйлийн үрийн талаар ихээхэн ярьж сургадаг явдал юм. Хар муу, хатуу хүтүүг үйлдүүлэх нь бүү хэл айраг өргөсөн тохиолдолд хүртэл зөөлрүүлж байна гэж араас нь сүү өргүүлэн цайлгах ёс ч байна. Бүр онцгой тохиолдолд л архи өргүүлж, эсвэл тахил дээр нь тавиулдаг ч энэ нь маш ховор. Гэтэл буриад бөөд архи маш түгээмэл хэрэглэгддэг. Энэ мэтийн ялгаа зөрөө байгааг сайтар нягтлан, ном журмаар нь холбогдож, ёс зүйтэй, шуналгүй, түмэнд тустай бөө төрүүлэх аваас буруу нь юу билээ.
Гэтэл онгод тэнгэртэйгээ дутуу хагас холбогдсон ухвар мөчид хүмүүс хэн таарсан хүнийг бөө болгоно хэмээн сандаргаж, дарамталж, айлган сүрдүүлж сэтгэл зүйгээр нь тоглож байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн Х-гийн тухайд бөө биш, уггүй нэгэн байсан бөгөөд завсрын ертөнцийн тэнэмэл сүнстэй хүчээр холбосноос тийнхүү ууж идэхээс өөр шидгүй “онгодтой” болчихсон байсныг өөр нэгэн бөө салгаж өгч санааг нь амраасан гэнэ лээ.
Ер нь бол бөө холбоно гэдэг сүнсний ертөнцтэй харьцаж буй хэрэг учраас харанхуйн орон, дээд ертөнцөөр онгодын хүчээр аялах чадал хүч бүрдсэн хүний ажил.
“Хязгааргүй гүн огторгуйд бидний мэдэхгүй далд сүнсний ертөнц байдаг гэдэг. Тэрхүү сүнс (онгон)нүүдийн ертөнцөд шидийг олсон хүн бүрийн сүнс очдоггүй, харин хүмүүст арга шид домоороо ихээр тус хүргэж (ариун буяныг), чадал чансаа зэргээрээ (эвэр туурайгаараа) өндөрт гарсан хүмүүсийн сүнс онгон болон очдог гэдэг”7 хэмээн буриад удган Б.Батмөнх номондоо бичсэн байгаа нь үнэн.
Бөөгийн сүнс зэрэг дэвээрээ очдог хэд хэдэн давхраа буй нь тодорхой болоод байгаа ч энд өгүүлэх сэдэв биш тул түр орхин үндсэн сэдэвтээ эргэж оръё. Ашиг хонжоо хайсан бөө нэрт хүмүүс завсрын ертөнцийн төрлөө олоогүй хэний ч хамаагүй тэнэмэл сүнстэй хүнийг хүчээр холбож, зовсон хүний итгэл сэтгэлээр тоглон нүгэл хураах нь түгээмэл болсон тул бөөд хандахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэгээд ч элдвээр хүнийг айлгаж буй бөөгөөс сүрдэх хэрэггүй бөгөөд ёс бусыг хийсэн тэд л буруудахаас нүглийн үйлийг эхэлж хийгээгүй танд муу юм огтхон ч болохгүй гэдгийг санаж явууштай. Бөө хүн ёс бус загнаснаар өөртөө, үр удамдаа гай болоод зогсохгүй, дээр байгаа онгод тэнгэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, эдлэх ёстой гэсгээл шийтгэлээ тэнгэрээс хүртдэг учраас явдал буруутнуудыг шүүн хэлэлцэх нь ч илүүц юм. Үйлийн үрийг үүрч барахаас тойрч гарахгүй нь хорвоогийн үнэн болохоор тэд буруу үйлийнхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт заавал хийдэг.
Эцэст нь хэлэхэд дээд тэнгэрээс монголчуудад хүчтэй сайхан онгодуудаа олноор илгээж буй нь яалтгүй үнэн бөгөөд түүний зараал болох хувь төөрөг танд ноогдож мэднэ. Гагцхүү тийм оноолт таарсан хүн нь уг асуудалд мэдлэгтэй мэдээлэлтэй хандаж, анхнаасаа зөв хүнээ олж түшин зам мөрөө зөв эхлэх нь л чухал юм.

Тайлбар
1. Дорж Базаров. Бөө судлал буюу Монголын харын бөө. Д.Бадарчийн орчуулга. УБ., 2007. 78-р тал (Черная вера и шаманство у монголов)
2. О.Пүрэв.Монгол бөөгийн шашин. УБ., 2002. 281 дэх тал.
3. Белов.Н.В. Шаманизм. Минск., 1999. 6 дахь тал.
4. Б.Галаарид. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. УБ., 2008. 28 дахь тал.
5. Б.Галаарид. Онгод тэнгэрийн зараалаар. УБ., 2005. 18 дахь тал.
6. Ч.Далай. Монголын бөө мөргөлийн түүх. УБ., 2009. 74 дэх тал
7. Б.Батмөнх. Буриад зоны бөө мөргөлийн зан үйлийн товчоон. Уб., 2005.12 дахь тал.

Монгол зураг...

ӨРӨГ

2/26/2012

Чингис хаан...

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ. Нууц товчоо агуулга...

 Уг гарал

Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

Бага нас

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь

1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав..." гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ. "Чингис" гэдэг үгийн гарал нь "тэнгис" гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд "Ван хан", Чингис хаанд "Чаутхури" гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

Нас нөгчсөн нь

Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг
1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,

"Мэргэн дэрсдийн юм"....

 Мэргэн дэрсдийн юм
Хуулар ясны Надмид гуай 1942 онд 13 настайдаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 3 дугаар багийн нутагт Хармайн голын Хийсгэлэнт гэдэг газар адуу манаж яваад элдэв чимээ дүрснээс ихэд айснаас болж галзуурч 3 жил ямар ч засал авсангүй. Харин бөөд үзүүлтэл “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг уйгар онгодын хорлолтой байна. Тэр онгодыг энэ нутгийн нэртэй бөө Гүнгэ заарин Тагна Тувагаас авчирсан нь одоо ч түүний хүү Балжинням зааринд бий гэснээр 16 настай Надмид охин энэ зааринд шавь орж 1945 онд бөө болсон байна.


Шарын шашинд хэзээч бууж өгөхгүй
XIX зууны үед Ар Монголын Засагт Хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ар ширхтэн овгийн жөгд ясны Гурсогийн Жав зааринг бурхан номын хүчээр даран сөнөөх гэсэн Жавзундамба хутагтын их шавийн дархад отгийн Зөөлөнгийн хүрээний ягаан цорж ламын оролдлого бүтэхгүй болж лам өөрөө бөөгийн гүйлгэсэн холбогонд оногдож өөд болох шахаад арга буюу Жав зааринг залахад тэрээр ламынд ирэхдээ хэнгэргээ унаж ирээд гурван зэвтэй холбогоо биенээс нь авч ламыг эдгээсэн боловч шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тангараг тавиад буцахдаа мөн хэнгэргээ унаад буцсан гэдэг.


Манжийн амбанг дийлсэнгүй
Дархадын их бөө Баглаан заргачийн хүү Арилдий заарин дээдэс баячуудын адуу малыг булаан авч ядууст түгээдэг сайн эр байжээ. Түүнийг баривчлан шийтгэх гэсэн боловч Арилдий бөө бүргэд шувуу болон хувирчихаад баригдаж өгөхгүй байв. Энэ бөө тамхи их татдаг учир тамхины утаанд амархан баригдах болно гэж төлгөчийн хэлсэнээр түүнийг хундсын Улаан хад гэдэг газраас баривчлан аваад Улиастайд хүргэж эзний зарлигаар цавчин алах гэтэл бөөгийн хүзүүг сэлэм даахгүй байжээ. Тэгэхээр нь бөө, “Та нар намайг хороож чадахгүй. Миний амийг, ээж хамгаалаад байна. Намайг бүү зовоо. Би ээжийгээ явуулчихья. Та нар тэгээд цавч” гээд шивштэл хоёр мөрнөөс нь хоёр бүргэд гараад нисэн одсоны дараа цаазаар авчээ. Энэ үеэр Арилдий бөөгийн ээж Баглаан удган бөөлж “Ганц хүүгийн минь алдын төдий биеийг нууж чаддаггүй яасан хангай вэ” гэж хундсын Улаан хадыг аянгаар бут ниргүүлээд Улиастайн манж сайдыг алах гэж онгодоо явуулсан боловч онгод нь сайдыг хорлож чадахгүй эргэж ирээд Баглаан удганы дөрвөн мөчийг эвхэртэл татуулав. Удган Далайням гэгчийн тусламжтайгаар онгоддоо өргөл засал хийж сэргээд хүргэн хүү жөгд ясны хар заарингаар сайдыг алуулах болжээ. Гэтэл” бас л хар бөөгийн хонхинуур Улиастайд хүрэлгүй харин хадам ээжийнх нь зүүн мээм рүү орчихжээ. Баглаан удган хүргэнийхээ хонхинуурыг таниад чи үүнийгээ ав гэжээ. Хар бөө хонхинуураа аваад “Чи ингээд төөрөлд” гэж хэлээд амыг нь хадаад хаячихжээ. Үүнээс болж хар бөөгийн ганц хүүгийн хоолой бөглөрч эхнэр Амаажий нь боож үхэв. Аргагүйн эрхэнд хар бөө хонхинуураа хадсан хадаасыг мулталж хүүгийнхээ амийг аварсан гэдэг.

Ламбугайн хөөргийг олж өгсөн нь
Цагаан хуулар ясны Шаравын Дашдаваа удган /1899-1936/ 1919 оны намар нэг удаа бөөлөх гэж байхад нь Шарав-Осор гэгч лам удганд хандаж, “Би хөөргөө гээгээд хэдэн cap боллоо. Та олж өгнө үү” гэхэд удган бөөлж буугаад, “Би хөөргийг чинь олох нь оллоо. Авчрах гэсэн боловч өргөж даасангүй. Харин тамхийг чинь асгачихлаа. Наран ургах зүгт нэгэн урсгал усны зүүн талд өтгөн ургасан өвсөн дотор хөөрөг тань байна. Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай” гэжээ. Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд хуучивтар самбай хадаг уясан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод мориноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр газар өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулаад асгачихсан байж гэнэ.

Бөөгийн ачаар өвчнөөсөө салж насаараа жаргажээ
Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй явсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хамт амьдардаг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хийж өгөхөөр хус модон өргөл чимэглэж бэлтгээд хуурдаж эхэлтэл голомтын орчимд хатгасан өргөл нь их чимээ гарган дундуураа цуурч унав. Тэгмэгц Цэвээн удган / Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр догширч гэж үзээд/ “Өө энэ чинь бүр ийм дээрээ хүрээ юу? За тэгвэл хуяглаад үзнэ дээ” гээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Энэ нутагт байгаа цагт үхэх юм байна. Тийм учраас та охиноо долоон хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёул татгалзаж танихгүй мэдэхгүй нутаг руу эцгээ хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдаж унажээ. Энэ үеэр Цэвээн удган эцэгт нь “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэвэл долоо хоног өнгөрүүлээд үүнээс илүү нулимс асгаруулах нь дээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв. Гэтэл хэдхэн хоромын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь огт үгүй болж харин ч болохноо түргэн явья гэсэн бодолтой болсон байв. Үүний учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ. Цэвээн удган Сампилыг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилуулаад, бүсгүй хүн учир Сампилын зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсоноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих ч дургүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэ оёж шидсэн юмыг чи хаана л хүрнэ, тэр нутагтаа очоод задлаарай, наана нь хэрэггүй шүү” гэжээ. Энэ ёсоор Улаанбаатарт ирсэнийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийж бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцгээ авч дэргэдээ асрахаар төрсөн нутагтаа эргэж очсон боловч 5 хоногийн дараагаас хууч өвчин нь хөдөлж буцаж явахыг шаарджээ. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр нутагт ирсэнээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь ямар ч эмчилгээгүй бүрэн эдгэсэн гэдэг.

Авгалдай онго...


1/Авгалдайн домог
Эхнэр нөхөр бөө удган хоёр амьдран суудаг бөгөөд ганц нуган хүүтэй байжээ. Нэгэн өдөр эхнэр нь айлд залагдаад явсан хойгуур нөхөр нь болох зайрангийн тамхи дууссан тул ганц нуган хүүгээ гэртээ ганцаар
үлдээн өөрөө туулайн баас түүхээр ууланд яваад эргэн ирэхэд нь ганц хүү нь усанд унан нас барсан байжээ. Эхнэр нь эргэн ирээд болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаясан юм гэдэг. Энэ цагаас хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн нөгөөх удган маань тангараг тавьсан гэнэ. Тэр үеэс Авгалдай айл бүрийн сахиус шүтээнийг манасаар байгаа гэнэ шүү.
2/Авгалдайн домог
Авгалдай хаминган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай байсан тул түүгээр бөө болжээ.  Эхнэр нь гуулин хааны охин СЭТЭРХЭЭН удган.
Тэр хоёр БААХАН гэсэн ганц хүүтэй байжээ. Эхнэр нь айлд залагдан бөөлөхөөр явахдаа хүүгээ сайн харж байгаараа гэж захисан. Авгалдай тэнцэшгүй их тамхи татдаг хүн байжээ. Хүүгээ орхиод саахалт айлаас тамхи аваад ирэх үед хүү нь гэрээсээ гараад явсан байжээ.  Ггулан дуудаж нэхсээр байтал хуй салхи гарч хүүг нь усруу аваад шидчихжээ. Тэр гэмээс айгаад эхнэрээсээ зугатдаг болсон гэж хэлэгддэг домогтой ажээ.

Уйгар бөө

Монголын харын бөө нарын дотор шүтлэгийнхээ эртний агуулга хэлбэр, дэг ёсыг эдүгээ хүртэл хадгалсаар ирсэн нь уйгар хэмээх цаатан бөө нар юм. Тэд оршин буй газар усныхаа эзэд буюу лус савдагтай тува хэлээр харилцаж, зан үйл явуулдгаараа монголын бусад бөө нараас ялгарах онцлогтой. Бурханы шашны нөлөө хамгийн бага туссан, гол төлөв газар лусаар хөллөсөн бөө нар болой...

Онгодын улаач болохуй...



Улаач гэдэг нь нартын хорвоогоос дээд тэнгэрийн оюун санаатай холбогдон тэдний хүсэлтийг хэлмэрчлэн дамжуулагч ер бусын хүчийг өөртөө агуулагч хүнийг хэлнэ. Улаач бол бөө мөргөлийн зан үйлийг эрхлэн үйлдэгч, онго тэнгэрийн ертөнцтэй эгэл хүмүүүсийг холбон зуучлах эрхэм чухал үүрэгтэй. Өвөг дээдсийн эзэд онгодыг хүн зоны дунд төлөөлнө гэдэг нь ерийн нэг усан нүдтэн, цусан зүрхтэн болгонд оногдож болдог үйл биш ажээ. Улаач болно гэдэг нь юуны өмнө удам дамжсан шинжтэй бөгөөд эцэг өвгөдөөс үр хүүхэд, ач гуч ойр төрөлдөө уламжлуулан үлдээх залгамж өв шинжтэй зүйл юм. Бөө мөргөлийн эл уламжлал, залгамжлал нь өвчин эмгэг /гай зовлон/ маягаар илэрдэг байна. Эмэгтэй улаачыг удган, эрэгтэй улаачыг зайран гэнэ.
Зайран удган болно гэдэг нь өвөг дээдсийн онгод тэнгэрийн дуудлагаар шилэгдэн сонгогдож   болохоос биш, зүгээр нэг зайран, удганыг дуурайн маяглах, юм уу, дасгал сургууль хийх төдийгөөр болж бүтдэг зүйл биш байна....

2/25/2012

Бүргэд шүтлэг...



Бүргэд бол эртнээс нааш бөөгийн шүтлэгийн нэг гол тотем юм. Бөөгийн дуудлагад “Хөх  мөнгөн тэнгэр шүтээнтэнгүүд, хүрэн эрээн бүргэд сахиустангууд” гэдгээс үзвэл бүргэд шувуу нь бөгийн сахиусан тэнгэрийн нэгэн элч ажээ. Үүнээс улбаатайгаар бүргэдийн өдийг малгайдаа хадах ёс үүсчээ. Биеийн өнгө зүс, нутагладаг газартаа зохицон бор хүрэн, бараавтар хүрэн, их хүч чадалтай, хурдтай, шаламгай хөдөлгөөнтэй, харцагайн овгийн маш том биетэй хэдэн зүйл махчин шувууд бөөгийн онго шүтээн болдог.

Бөө шүтлэг ...



Балар эрт цагт байгалийн элдэв үзэгдэл юмсыг тухайн үеийн мэдлэгийн түвшний хэмжээгээр тайлбарлан таниулах явдлаас үүссэн хүн төрлөхтний хамгийн анхны шүтлэг бишрэл болох бөөгийн шүтлэгийг орон оронд өөр өөрөөр нэрлэж байжээ. Дэлхийд ноёрхож байсан бөөгийн шүтлэгээс ертөнцийг үзэх өөр өөрийн үзэл санааг номлосон  бие даасан шашинууд үүссэн болохоор бөөгийн шүтлэг нь өөрөөсөө олон шашин төрүүлсэн юм. Бөөгийн шүтлэг нь нэг утгаараа орон тус бүр онцлог  байдалтай өөр өөр нэртэй боловч бүгд нэг тэнгэр, наран, саран, одон гариг, газар усны эзэд, гал голомт, өвөг дээдсийн сүнсийг эрхэмлэн шүтдэгээрээ дэлхий нийтийн нийтлэг чанартай болно.