Эссэ: Өөрийгөө танихуйн замнал

 

Монгол зэн дугуй бүтээл_БИ ХАРЖ БАЙНА ЦУВРАЛ

25/25 хэмжээтэй Зотон, Акрилл

Эхлэл
Энэ хорвоо ертөнц хэмжээлшгүй агуу, харин бид бол түүн доторхи өчүүхэн тоосонцор мэт оршихуй. Гэвч өчүүхэн гэдэг нь үнэ цэнгүй гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ — хүн төрөлхтний хувьслын замналыг харвал бидний өдгөө энд сууж, бодож, ухаарч буй оршихуй бол маш урт аяллын үр дүн. Хүн сармагчингаас цаашлаад Чулуун зэвсгийн үеэс өнөөдөр хүртэлх замд хүн босоо алхаж сурсан, гараараа хань ижлээ тэтгэж эхэлсэн, сүргийн бус хосын үнэнч харилцааг сонгосон. Энэ бүхэн биднийг оюун ухаант хүн болгон төлөвшүүлжээ.

Өнөөдөр бид оюун ухаант хүн болжээ гэдгээ ойлгохын тулд хамгийн түрүүнд өөрсдийгөө тодорхойлох учиртай. Өөрийгөө таних нь зөвхөн “би хэн бэ?” гэсэн асуултад хариулах төдий бус, харин “цаашид хаашаа явах вэ?” гэсэн асуултад зам заах гарц юм. Энэ эссэд би өөрийгөө танин мэдэх гурван аргыг санал болгож байна: бясалгал, урлаг, хөдөлгөөн.


I. Амьсгал ба бясалгал – Хэцүүтэй нүүр тулах ухаан
Орчин үеийн нийгэм биднийг цаг завгүй амьдралд уядаг. Гэхдээ яг энэ агшин бол бидний ганц бодит цаг. Өнөөдрийнхөө амьсгалыг ухаарч чадахгүй бол бид маргаашийн замаа ч олохгүй.

Бясалгал бол зөвхөн нүдээ аниад нам гүм суух биш. Энэ бол хэцүүтэй нүүр тулж, өөрийн дотоодтойгоо уулзах зориг юм. Вим Хофын санал болгосон амьсгалын дасгал үүний нэг сайн жишээ. Тэрбээр “амьсгал бол хүний оюун санаа ба биеийн хоорондын гүүр” гэж хэлсэн байдаг. Амьсгалын хэмнэлээ өөрчилснөөр бид зөвхөн биеийн физиологийн хариу үйлдлийг бус, тархи-сэтгэлийн хандлагаа ч удирдаж чаддаг.

Энгийнээр хэлбэл, та 30 удаа гүн амьсгал авч гаргаад, дараа нь хэсэг хугацаанд амьсгалаа түгжиж үзэхэд тархи тань өөр түвшинд ажиллаж эхэлнэ. Энэ мөчид хөгжим ашиглан анхаарлаа төвлөрүүлэх нь сэтгэлийг улам тогтоон барьдаг. Ингэж бид “амьсгалаас бясалгал руу” алхаж, өөрийн дотоод ертөнцийг ажиглаж чадна. (Өдөр бүр хийснээр ядаж тасрахгүй хийснээр үр дүнг мэдэрч буйгаа энд нэмж хэлье)


II. Урлагаар хоосон чанарыг мэдрэх нь
Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх дор хаяж 5–6 мянган жилийн настай гэж үздэг. Энэ урт хугацаанд урлаг бол зөвхөн гоо сайхны илэрхийлэл бус, харин хүний оюун санааны хөгжилд чухал түлхэц болж иржээ.

Буддагийн сургаалд “хоосон чанар” гэх ойлголт байдаг. Хоосон чанар гэдэг нь оршихуйг үгүйсгэх бус, харин бүх юмс түр зуурын, шалтгаант холбоотой, байнга өөрчлөгдөж байдаг гэсэн ухаарал. Энэ бол амьдралыг үгүйсгэх биш, харин түүнд баригдахгүйгээр хайрлаж, амсах ухаан юм.

Өдөр бүр зэн дугуй (энсо) зурж дадвал энэ ойлголтыг биеэр мэдрэх нэг арга болно. Төгс биш тойрог зурж, тэрхүү төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх нь амьдралын төгс бус сайхныг ойлгоход хүргэдэг. Урлаг бол бидэнд түр зуурын таашаал бус, харин гүн ухааны дадал суулгах хүчтэй хэрэгсэл билээ. 


III. Хөдөлгөөн ба биеийн бясалгал
Хүн хөдөлгөөнөөрөө хүн болсон гэж хэлж болно. Эрт цагт гүйж, авирч байж бид амьд үлдсэн. Хожим хөдөлгөөнөө гэр бүлээ хамгаалах хэрэгсэл болгосон. Харин өнөөдөр бид хөдөлгөөнөө оюун санаагаа хөгжүүлэх зэвсэг болгон ашиглаж чадна.

Айкидо урлагийн үндэслэгч Морихэй Уэшиба нэгэнтээ:
“Дайчин хүний хамгийн том сорилт бол дайсныхаа аймшигт уур хилэнг хор хөнөөлгүй инээд болгон хувиргах явдал.”
Түүний хэлсэнчлэн, будогийн мөн чанар бол хүчээр дийлэх бус, хайр болон эв нэгдлийг бүтээх ухаан юм. Айкидогийн хөдөлгөөн бүр нь зөвхөн өрсөлдөгчийг зогсоох бус, харин түүний энергийг өөртөө шингээн эв найрамдал руу чиглүүлэх философитой.

Энэ бол биеийн хүчийг оюун санааны хөгжлийн зам болгон хувиргах нэгэн сонирхолтой боломж.

Өөрийгөө таних зам гурван янзын хаалгаар нээгдэж байна:

  • Амьсгал ба бясалгалын гүүрээр дамжин дотоод ертөнцтэйгээ уулзах.

  • Урлагийн хэлээр хоосон чанарыг мэдрэх.

  • Хөдөлгөөний урлагаар оюун санаа, биеийн хүчийг нэгтгэх.

Эдгээр нь бүгд өөрлүүгээ өнгийх арга замууд юм. Хүн төрлөхтөн сая сая жилийг туулан энд хүрсэн шиг, бид өөрсдийн дотоод аялалдаа тэвчээртэй, зоригтой, нээлттэй хандах учиртай.

Таны амьдрал өөрийгөө таних энэхүү гурван замаар улам баяжиж, дотоод ор
шихуй тань улам гэгээрэх болтугай.

2025 оны 9сарын13нд Нийтлэгч: Х.Бөхтулга fb-Bukhuu spear




Comments

Popular Posts